Эмэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ХХIII дахь ДАШТ Канад улсын Альберт мужийн Страткон Канти хотод болж өнгөрлөө.
Тэмцээний сүүлчийн өдөр манай 2 бөх тааруу барилдаж түүний дотор авч байсан медалийнхаа өнгийг хувиргах байх гэж найдлага тавьж байсан Гавьяат тамирчин О.Насанбурмаа медалийн төлөө барилдаанд ч шалгаран гарч ирсэнгүй.
Өнгөрсөн жил Турк улсын Стамбул хотод болсон ДАШТ-нд манай эмэгтэй бөхчүүд медалийн төлөө барилдаан 7 удаа хийж 2 мөнгө, 1 хүрэл медаль авч багаараа гуравдугаар байр эзэлж хүрэл цом хүртэж байлаа. Гэтэл энэ жил медалийн төлөө барилдаан 2 удаа хийж ДАШТ-нд анх удаа оролцсон олон улсын хэмжээний мастер Т.Мөнхтуяа хүрэл медаль хүртэж нэр төрийн нэг медаль авч нүүр тахалж багийн дүнгээр өнгөрсөн жилийн амжилтаасаа ухарлаа. Манай 7 бөхөөс 6 бөх нь эхний барилдаандаа өвдөг шороодож үүнд 4 бөх нь 3 үе энэ тэнцүү барилдаж ялагдсан нь байгаа боломжоо дутуу ашиглаж барилдааны тактикаа буруу сонгосныг харуулж байна. Энэхүү ДАШТ нь 48, 67, 72 кг-ийн жингүүдэд шинэ залуу халааг бэлтгэн гаргаж ирэх шаардлагатай байгаа талаар дасгалжуулагч багш нарт сануулга өглөө.
Ирэх оны есдүгээр сард Унгар улсын нийслэл Будапешт хотод болох ДАШТ нэг мэдэхнээ л хаяанд ирчихнэ дээ. Түүнээс наана 2013 оны гуравдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох эмэгтэй багуудын Дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцох 8 баг энэхүү ДАШТ-нээр тодорлоо. Үүнд АНУ, Беларусь, Хятад, Казахстан, Канад, Украин, Японы багууд манай оронд ирж өрсөлдөх болжээ. Мөн оны нэгдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд уламжлалт “Mongolian Open-2013” олон улсын уламжлалт тэмцээн болно.
Энэ жилийн ДАШТ-нд 55 кг-ийн жинд түрүүлсэн японы бөх С.Йошидагаас бусад 6 жинд шинэ аваргууд төрж АНУ, беларусь, канад, хятад, швед, япон зэрэг 6 орны бөх алтан медаль хүртэж эмэгтэй чөлөөт бөхийн өнгийг тодорхойлдог Азербайжан, ОХУ, Украин, Франц зэрэг орны бөхчүүд медаль авч чадаагүй нь эмэгтэй чөлөөт бөхийн төрөл дэлхий даяар эрчтэй хөгжиж өрсөлдөөн улам ширүүн болсоор байгааг харууллаа.
Зуны олимпийн ХХХ наадмын 16 медальтнаас 55 кг-ийн жинд алтан медаль авсан японы бөх С.Йошида, 48 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн АНУ-ын бөх К.Чун, 72 кг-ийн жинд хүрэл медаль авсан казахстаны бөх Г.Манюрова нарын 3 бөх ДАШТ-нд зодоглож С.Йошида, Г.Манюрова нар энэ ДАШТ-нд медаль хүртжээ. Зуны олимпийн наадамд оролцсон 76 бөхөөс 12 бөх нь энэ ДАШТ-нд зодоглосноос дээр дурдсан 2 бөхөөс гадна 48 кг-ийн жинд беларуссын бөх В.Холодинская алтан медаль, 55 кг-ийн жинд энэтхэгийн бөх Г.Греета, грекийн бөх Мария Проволараки нар хүрэл медаль, 63 кг-ийн жинд АНУ-ын бөх Е.Пирожкова алтан медаль, 72 кг-ийн жинд шведийн бөх А.Франсон алтан медаль, беларуссын бөх В.Марзалюк хүрэл медаль хүртжээ.