Ардын намын бүлгийн хурлаар өнөөдөр ирэх оны төсөв, Б.Энхбаяр сайдын оруулж ирсэн хуулийн асуудлууд болон сэтгүүлчдийн тавьсан шаардлага зэрэг хэд хэдэн чухал зүйлсийг хэлэлцэж байна. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдрийн бүлгийн хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын бүлгээсээ дахин нэг дэмжлэг хүссэн байна. Тодруулбал, тэрбээр энэ намрын чуулганы үеэр дараах гурван зүйл дээр улс төрийн дэмжлэг хүсчээ.
НЭГ, Хүний эрхтэй холбоотой хууль тогтоомжуудаа эргэн харьж өнгөрсөн гучин жилд хүний эрхийн чиглэлд алдаж байсан алдаа, завхралыг олж илрүүлэх УИХ болон Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг гаргажээ. Ингэснээр уг ажлын хэсгээс хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлуудаар дүгнэлт гаргаж тэр хүрээнд нь энэ намрын чуулганаар холбогдох хууль тогтоомжуудаа өөрчлөх, засах, хүчингүй болгох зэрэг үйл ажиллагааг явуулах гэнэ.
ХОЁР, Хувийн хэвшлийг дэмжих чиглэлд хууль тогтоомжуудыг боловсруулахад эрх зүйн туслалцаа үзүүлэхийг хүсжээ. Өөрөөр хэлбэл, энэ намрын чуулган хувийн хэвшил, тэр дундаа уул уурхайн бус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого баримтлах гэнэ. Энэ хүрээндээ Танхимын хууль, жижиг дунд үйлдвэрийг дэмжих хууль, татварын бодлого, НДШ-тэй холбоотой аж ахуйн нэгжүүдийн гомдлыг эргэж харах чиглэлд судалгаа хийж, эрх зүйн орчинг боловсронгуй болгохыг шаардлагатай байгаа аж.
ГУРАВ. Ерөнхий сайдын оруулж ирсэн гурван багц асуудлын хамгийн сүүлийнх нь нөгөө хоёроо бодвол илүү улс төрийн шинжтэй асуудал байгаа аж. Тодруулбал, хот хөдөөгийн тэнцвэртэй холбоотой асуудлыг хөндөж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарах хэрэгтэйг сануулжээ.
Газрын асуудалтай холбоотой газрын багц хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль зэрэг хоттой холбоотой хуулийн төслүүдийг энэ намрын чуулганаар хэлэлцэж батлахад чиглэлд УИХ-ыг Засгийн газарт дэмжлэг үзүүлэхийг хүсэж, хоттой холбоотой эрх зүйн байдлыг сайжруулах багц хуулийг оруулж ирэхээ мэдэгдсэн гэнэ. Мэдээж эдгээр хуулийн төслүүд болон хотын удирдлагын бие даасан эрх зүй болон санхүүгийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь зөв юм. Гэсэн хэдий ч улс төрийн агуулга талаас нь харахад ингэж хууль эрх зүйн орчныг нь засаж, залруулах нь хотын шинэ даргад нэн ашигтай өнцөг ажиглагдаж байна.
Ийнхүү бүлгийн гишүүдийн олонх Ерөнхий сайдад улс төрийн дэмжлэг үзүүлэхийг дэмжлээ гэж сурвалж мэдээллээ.