Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн өдрүүдэд Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллалаа. Түүний орон нутаг дахь томилолтыг тоймлон хүргэж байна.
ИНГЭНИЙ ФЕРМ БАЙГУУЛАХАД ЕРӨНХИЙ САЙДААС ДЭМЖЛЭГ ХҮСЭВ
Засгийн тэргүүн Баянхонгор аймагт ажиллах үеэрээ дулааны станц болон шинэ суурьшлын бүс дэх мах, хүнсний ногооны зоорь болон ингэний сүү боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцжээ. Баянхонгор суманд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийг хэрэгжүүлж буй бөгөөд энэ оны тавдугаар сард ажил нь эхэлсэн, 2024 оны зургадугаар сард ашиглалтад өгөхөөр төлөвлөж байгаа юм байна.
Ерөнхий сайд дараа нь Баянхонгор сумын шинэ суурьшлын бүсэд байгуулж буй зарим бүтээн байгуулалттай танилцлаа. Мах, ногооны зоорийн барилгын ажил энэ оны арванхоёрдугаар сард дуусна. Хөдөө аж ахуйн кластер байгуулах зорилготой мах, ногооны 1000 тн-ын зоорь ашиглалтад орсноор Баянхонгор аймгийн газар тариалан эрхлэгч болон малчид зориулалтын стандарт агуулахтай болж тарьсан ногоо, малын мах, түүхий эдээ удаан хугацаанд хадгалах нөхцөл бүрдэн шинэ, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах юм байна.
Баянхонгор аймаг 2022 оны мал тооллогоор 45529 тэмээ тоолуулжээ. Үүнээс 17457 нь ингэ байна. Нийт ингэний 50 хувийг нэг ээлжийн саальд хамруулан тооцоход өдөрт найман тонн шингэн сүүний нөөц бүрдэх боломжтой. Энэ нөөцдөө түшиглэн олон улсын стандартад нийцсэн шингэн сүү боловсруулан хатаах үйлдвэр байгуулах, ингэний 30-40 ферм байгуулахад тус аймгийн удирдлага Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ. Цагт 500 литр шингэн сүү хатаах хүчин чадалтай үйлдвэр байгуулах төслийг “Ингэн эрдэнэ” ОНӨААТҮГ хариуцаж байна. Үйлдвэрийн барилгын ажил 80 хувьтай байгаа гэсэн мэдээлэл өгөв.
МАЛЫН ТҮҮХИЙ ЭД БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН КЛАСТЕРЫГ БОДЛОГООР ДЭМЖИНЭ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засгийн нөхцөл байдал болон “Шинэ сэргэлтийн бодлого”, түүний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Засгийн газар “Тав Ш” ажиллагаа явуулж авлигатай тэмцэж байгааг Ерөнхий сайд онцлоод, Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэхэд анхаарч, боомтуудыг төмөр замаар холбож, нүүрсний худалдааг ил тод болгож буй нь эдийн засагт эергээр нөлөөлж байна. Тухайлбал, Шил ажиллагааны хүрээнд Төрийн мэдээллийн 81 хувь буюу 922.510 нэгж мэдээллийг шилэн болгосныг дурдлаа.“E-Mongolia” систем-д 67 төрийн байгууллагын 742 үйлчилгээг нэгтгэснээр 146 тэрбум төгрөг хэмнэснийг тэмдэглээд цахим шилжилтийг улам эрчимжүүлнэ гэлээ. “Шинэ сэргэлтийн 5 цагариг” бол 21 аймгаа бүсчлэн хөгжүүлж, “Мянганы зам”-ын дараагийн үе шат буюу аймгуудыг хооронд нь, боомтуудыг автозамаар холбож, дулаан, цахилгаанаар бүрэн хангах зорилт юм. Энэ хүрээнд орон нутгийн авто зам, эрчим хүч, дулаан хангамж нэмэгдэх юм. Орон сууц шинээр барьж, түүнийгээ борлуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг Дархан, Орхон аймгийн төв, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт 50 хувь хөнгөлж, бусад аймагт 90 хувь хөнгөлнө гээд орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж болон малчдыг дэмжих арга хэмжээний талаар Ерөнхий сайд танилцууллаа.
Түүнчлэн 2024 оны улсын төсвийн төслийг боловсруулахад Засгийн газар иргэдийн саналыг авч буй. Өвөрхангай аймгийн иргэд дараах төслүүдийг эрэмбэллээ.
-Дулааны станц II хэлхээний шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэл болон цахилгаан хангамж /Арвайхээр сум/
-Арвайхээр хотыг үерээс хамгаалах зорилгоор Дэлгэрэх голын эх, Эмтийн сайр орчимд урсац тохируулгын усан сан, үерийн далан / Арвайхээр сум/
-Гэр хорооллын дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ /Арвайхээр сум/
-Арвайхээр-Хужирт чиглэлийн хатуу хучилттай автозам, 43.3 км /Хужирт сум/
-Тусгай хэрэгцээт цэцэрлэгийн барилга, 150 ор /Арвайхээр сум,/
-Сургуулийн өргөтгөлийн барилга, 320 суудал /Арвайхээр сум, II сургууль/
-Цэвэрлэх байгууламж /Хархорин сум/
-Сургуулийн барилга, спорт заал, 320 суудал /Баян-Өндөр сум/
-Хүүхэд залуучуудын хөгжлийн ордон /Хархорин сум/
-Сургуулийн барилга өргөтгөл, 320 суудал /Хархорин сум/ тус тус суулгаад байна.
Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ Ерөнхий сайдЛ.Оюун-Эрдэнэ “Таван бүс нутагт мах, малын түүхий эд боловсруулах үйлдвэрийн кластерыг Засгийн газар бодлогоор дэмжиж төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтрах бодлогоо зарлаад ажиллаж байна. Өвөрхангай аймаг Архангай, Булган, Баянхонгор, Төв, Дундговь, Өмнөговь аймагтай хиллэн, баруун аймгуудын дамжин өнгөрөх гүүр болон оршиж буй томоохон суурин. Тус аймгийн төв Арвайхээрийг Дундговь, Замын-Үүдтэй, мөн Өмнөговь аймагтай, Шивээхүрэн, Гашуунсухайт боомттой хатуу хучилттай автозамаар холбох төлөвлөгөөтэй. Өвөрхангай мах, малын түүхий эд боловсруулах кластер аймаг болох бүрэн боломжтой. Малын вакцинжуулалтад анхаарах, гарал үүслийг нь цахимжуулж бүртгэх, эрүүл бүсийг бий болгох, гадаад улс орнуудаас тавьж буй стандартыг өндөр түвшинд мөрдөх шаардлагатай. Тиймээс Өвөрхангай аймагт олон улсын чанарын лабораторийг байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Эхний ээлжинд таван бүсэд, таван цагариг дотроо малын түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулчихвал малчдын амьдралд бодит орлого болж очно гэсэн хувилбар дээр Засгийн газар судалгаа хийж явна” гэлээ.