Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэн эдгээр өдрүүдэд замын түгжрэл дээд цэгтээ хүрсэн.
Гэтэл дээдчүүл нэг мэргэн санаа олсон нь авто машиныг улсын дугаараар нь тэгш, сондгойгоор нь зорчуулж, Яармагийн нэг эгнээг тэр чигт нь эзлэх байв. Угтаа иргэд эд, хөрөнгөтэй байсныхаа төлөө эрхээ хязгаарлуулах ёсгүй. Нийтийн тээвэр нь хүрэлцээгүй нөхцөлд иргэд автобус хүлээж буудал дээр дэмий л олноороо цугларна. Тэсгэл алдсан нэг нь төвийн зам бараадахаар алхах үзэгдэл элбэг болов.
Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар тэргүүтнүүд зам барилгын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулахын оронд энэ мэт хөнгөн хуумгай шийдвэр гаргаад ард иргэдийг хөлдөө чирэх юм. Гэтэл замын барилгын томоохон төсөл хөтөлбөрүүдээ ганц, нэгхэн хүнээс болоод таг зогсоочихоод юу ч хийхгүй суугаад л байдаг...
Үүний нэг болох бидний сайн мэдэхээр Мишээлийн уулзвараас Говийн зам хүртэлх замын ажил эхлээд жил гаруйн хугацаа өнгөрсөн хэдий ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна.
"Эрэл" хэмээх эрх, дархтай компани замын барилгын ажлыг явуулах "газрыг чөлөөлөхгүй" байгаагаас үүдэн өнөөдөр ийнхүү 1,2 км замын ажил зогсонги байдалд ороод байна.
Нийслэлийн Засаг дарга тухайн хэсгийг чөлөөлөх захирамж гаргасан хэдий ч Б.Эрдэнэбат тус захирамжийг үл тоон газар чөлөөлөхөөр очсон ажилчдын ажлыг хийлгэхгүйгээр үл барам машин техникийг нь хааж зогсох, машины кабинд нь дайрч орж суух, суулт хийх зэрэг үйлдлийг үзүүлдэг аж.
Тус замын барилгын ажлыг "Тотал Инж" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 760 метр замын ажлыг бүрэн хийж дуусгаад байна. Үргэлжлүүлэн "Эрэл" ХХК-ий байрны араар 540 метр зам тавиад л дуусах уг зам барилгын төслийн ажил дуусах юм. Тухайн зам ашиглалтад орсноор хоногт 12300 тээврийн хэрэгсэл зорчиж, Чингисийн өргөн чөлөөний замын хөдөлгөөний ачаалал 20 гаруй хувиар буурна гэсэн урьдчилсан тооцоолол гарсан юм.
Эрэлийн Б.Эрдэнэбатаас болж иргэд өдрийнхөө 3-4 цагийг зөвхөн Яармагийн зам дээр өнгөрүүлж байна.
ЭХ СУРВАЛЖ: arslan.mn