Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Оюун-Эрдэнэ: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, тэгш бус байдлыг багасгахад анхаарал хандуулна

2023-2024  оны хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр /2023.09.01/-нд тохиож байна. Жил бүр төрийн гурван өндөрлөг хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож хүүхэд багачууд, оюутан, сурагчдад амжилт хүсч, баяр хүргэдэг уламжлалтай. Монгол Улсын ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудынхаа сурлага, урлаг, спортод өндөр амжилт хүсэхийн сацуу боловсролын салбарт тулгамдаж буй асуудал, хийж хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрээ танилцуулдаг юм.

Тэгвэл энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайд ХААИС-ийн нээлтэд орлцох товтой байгаа бол УИХ-ын дарга Г.Занданшатарын тухайд МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож МУИС-ийн Номын сангийн 5 дугаар давхарын 502 тоотод “Дээд боловсролын хуулийн онцлог” сэдвээр лекц уншихаар төлөвлөсөн байна.

Харин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд аль нэг шатны боловсролын байгууллагын хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохгүй гэх мэдээлэл байна. Учир нь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад айлчилж байгаа Пап Францис өнөөдөр 10 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах юм. Тус айлчлалтай холбоотойгоор зарим нэг авто замын хөдөлгөөнийг хэсэгчилэн хаах магадлалтай тул иргэд, олон нийтэд хүндрэл үүсгэхгүй байхын тулд ийм шийдвэрт хүрсэн байж болзошгүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Тэгвэл өнгөрсөн хичээлийн жил төрийн гурван өндөрлөг аль сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, ямар асуудлыг цохон тэмдэглэж байсныг эргэн сануулъя.

У.Хүрэлсүх: Эрдэмтэн багш нарын үүрэг, манлайлал чухал

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС-ийн 80 дахь хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Ерөнхийлөгч ард түмнээ соён гэгээрүүлж, шинжлэх ухаан, эрдэм мэдлэгийн үрийг тарин, эх орныхоо хөгжил дэвшлийн түүчээ болсон сургуулийн эрдэмтэн багш нарт талархал илэрхийлж, олон мянган сэхээтэн бэлтгэн, нийгмийн амьдралын салаа мөчир бүрд шинжлэх ухаан, технологийн дэвшлийг бодит ажил хэрэг болгохын зэрэгцээ төрийн бодлого, шийдвэрийг судалгаанд суурилсан, шинжлэх ухаанч байхад бүх талын дэмжлэг үзүүлж байгааг онцлон тэмдэглэв. Тус сургууль 2022-2023 оны хичээлийн жил 3700 гаруй элсэгчээр эгнээгээ тэлж, 1,300 орчим багш, ажилтан, 20,000 гаруй оюутантайгаар угтсан байна. Анх 1942 онд байгуулагдсан сургуулиас тэргүүлэх зургаан их сургууль салбарлан гарч, 100,000 гаруй төгсөгчтэй болоод байгаа аж. Монгол Улсын Ерөнхийлөгч мөн өдөр Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн хичээлийн шинэ байрны бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд оролцсон байна. Тэрбээр, нийгмийг эрх зүйн боловсролоор соён гэгээрүүлэх, иргэдээ ёс зүйтэй, хүний эрхийн мэдрэмжтэй, хуулиа дээдэлж, сахин биелүүлдэг болгон төлөвшүүлэхэд эрдэмтэн багш нарын үүрэг, манлайлал чухал гэдгийг тэмдэглэжээ

Г.Занданшатар: Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох бодлогыг дэмжинэ

УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 80 дахь хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт АШУҮИС нь 1942 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультет нэртэйгээр үндэс сууриа тавьж, улмаар 1961 онд Анагаах ухааны дээд сургууль болон өргөжин хөгжиж ирсэн. Өнөөдрийн байдлаар 39 мэргэжлээр 56400 гаруй эмч, сувилагч, ажиллагсдыг эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт бэлтгэн гаргажээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хичээлийн шинэ жил, АШУҮИС-ийн 80 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлээд эрүүл мэнд, боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулсан байна.

Тэрбээр, “Их сургуулийн тогтвортой хөгжлийг хангахуйц боловсролын эрх зүйн цогц шинэчлэлийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа бөгөөд Монгол Улсад судалгааны их сургууль, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх бодлого, үйл ажиллагааг төр засгаас бүхий л талаар дэмжин ажиллаж байна.

Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн шинэчлэлийн эрх зүйн орчныг бүрдүүлж, эмнэлгүүд гүйцэтгэсэн тусламж үйлчилгээ бүрээрээ, оношилсон, эмчилсэн үйлчлүүлэгч бүрээр санхүүжилтээ авдаг шударга тогтолцоог бүрдүүлсэн. Ингэснээр эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай сайн үзүүлж буй эмч, сувилагч, ажилтнуудын цалин хөлс нэмэгдэх боломж бүрдсэн.

Мөн эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг 7 сарын өмнөөс байгуулагдан ажиллаж, Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаврын чуулганаар өргөн мэдүүлж батлуулсан. Энэ намрын чуулганаар Цусны донорын тухай хуулийн төсөл, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг боловсруулан ажиллаж байна.

Эрдэмтэн багш, оюутнууд та бүхэн өөрсдийн салбарын хууль тогтоомжийн төсөлд цахим хэлэлцүүлгийн D-Parliament талбараар дамжуулан саналаа ирүүлж, чанартай сайн хууль гаргахад хувь нэмрээ оруулахыг эрхэмлэн захъя” гэжээ.

Мөн  АШУҮИС олон улсын жишигт нийцсэн эрдэм шинжилгээний 4 хүрээлэн, төв байгуулж, их сургуулийн 4 эмнэлэг, 2 сувилалтай болж өргөжин, үйл ажиллагаагаараа үндэсний тэргүүлэх их сургууль болсон байна. АНУ-ын Жоржиа мужийн их сургуультай хамтарсан 2+4 хөтөлбөр хэрэгжүүлж, дэлхийн өндөр хөгжилтэй улсын иргэдийг хүний их эмч мэргэжлээр сургаж эхэлсэн нь дэлхийн эмч нарыг Монгол Улсад бэлтгэх шанг татсан бахархам амжилт гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Л.Оюун-Эрдэнэ: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, тэгш бус байдлыг багасгахад анхаарал хандуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Нарны үрс” болон 267 дугаар цэцэрлэг, Ерөнхий боловсролын 148 дугаар сургуульд ажиллаж багш, сурагчдад хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, амжилт хүссэн байна. Тэрбээр, өнгөрсөн оны есдүгээр 1-нд бид танхимаар хичээллэж чадах эсэх тухай ярьж байсан бол өнөөдөр хичээл сургалт зуун хувь танхимаар эхэллээ.Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд улсын төсвөөс 200 тэрбум төгрөгийг төсөвлөн Засгийн газраас оруулж, Улсын Их Хурал дэмжиж баталснаар сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг, бүртгүүлэх гэж цэцэрлэгийн гадаа дугаарладаг байдал энэ хичээлийн жилээс арилсан гэдгийг онцолжээ.

Мөн энэ жилээс цэцэрлэгийн бүртгэлийг анх удаа И-Монголиа цахим системээр хийж, 111.542  хүүхэд хамрагдах хүсэлт цахимаар ирж,  90 гаруй хувь нь цэцэрлэгтээ элсэн ороод байна.Нэмэлт элсэлтийг энэ сарын 10-наас бүртгэн, цэцэрлэгт хуваарилж бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах Засгийн газрын зорилт ажил хэрэг боллоо.

Нэмж 29 мянган хүүхэд цэцэрлэгт авах боломж байгаа.“Цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар явуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэж чадлаа. Цаашид засаж сайжруулах зүйлс бий. Улсын цэцэрлэгт элсэж чадаагүй хүүхдийг хувийн цэцэрлэгт элсүүлбэл элсүүлсэн хүүхдийн тоогоор хувьсах зардлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж дэргэдээ байгууллагын цэцэрлэг ажиллуулах, орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зорилгоор ашиглахыг бодлогоор дэмжсэн. Цаашид хот, хөдөөгийн боловсролын ялгаа, тэгш бус байдлыг багасгахад цогц байдлаар анхаарал хандуулна. Хөдөө орон нутгийн багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого барина. Энэ хичээлийн жилээс боловсролыг тэгш олгох, хэт төвлөрөл, ачааллыг бууруулах үүднээс сургалтын дэвшилтэт менежмент, хөтөлбөрийн агуулгыг харилцан солилцох хөтөлбөрийг эхлүүлж байгаа гэдгийг Ерөнхий сайд хэлж байв.

1 Сэтгэгдэл
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу
Хамгийн их уншсан