Ардчилсан нам Үндсэн хуулийн Цэцээр даргаа хүлээн зөвшөөрүүлж, тамга тэмдгээ албажуулсны эцэст Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаа өчигдөр хийхээр зарласан. Хуралдаан 76.5 хувийн ирцтэйгээр товлосон цагаасаа багагүй хоцорч эхлэв. Учир нь, ҮБХ-ны гишүүдийн ирц дээр тохиролцож чадахгүй, фракциуд хэрэлдэж, хэлэлцсээр үдээс хойш болгосон юм.
Өнгөрсөн жил ҮБХ-ны гишүүн болсон жагсагч Б.Цэгмэд, нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат нар тайзан дээр гарч, "ҮБХ-ны зарим гишүүдийг хуралдаанд оруулахгүй, ах нар хуйвалдаан хийж байна" хэмээн бухимдан эсэргүүцсэн.
ҮБХ-ын энэ удаагийн ээлжит бус хуралдаанаар, Үндэсний бодлогын хорооны гишүүний бүрэн эрхийг батлах тухай, Гишүүний намын сонгуульт албанд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Тэргүүн дэд дарга, дэд дарга нарыг томилох тухай, Үндсэн дүрмийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Ардчилсан намын гишүүний татвар, бүх шатны сонгуульт гишүүний хураамжийг шинэчлэн батлах тухай, Улс төрийн зөвлөлийг сонгож байгуулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ гэдгээ өнгөрсөн долоо хоногт АН албан ёсоор олон нийтэд мэдээлсэн.
Фракцуудын зүгээс намын дэд дарга, ерөнхий нарийн бичгийн даргад өөр өөрийн хүнийг нэр дэвшүүлж, намын шинэ дарга Л.Гантөмөрт шахалт үзүүлж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байв.
АН-ын дарга Л.Гантөмөр хуралдааныг нээж тавьсан илтгэлдээ “Ирэх 30 жилд ялагдахгүй стратеги гаргана. Монголчууддаа хандсан тунхаг гаргаж, түүндээ тулгуурлан стратегиа боловсруулна. ҮБХ-ны 400 гишүүнээс намын эвийг хангаж, сонгуульд бүрэн орж, ялж чадах баг сонгогдоно гэж итгэж байна” хэмээн онцолсон.
АН-ын Тэргүүн дэд даргад хэд хэдэн хүний нэр яригдаж байсан ч намын даргын зүгээс С.Баярцогтыг нэр дэвшүүлж, ҮБХ-ны гишүүд дэмжсэн бол дэд даргын орон тоог фракциудын эрх ашгийг хангах үүднээс 15 гэдэгт тохиролцсон аж.
Дэд даргаар Р.Амаржаргал, Ш.Түвдэндорж, И.Мөнхжаргал, Ч.Өнөрбаяр, Р.Эрдэнэбүрэн, Ц.Жадамба, П.Батчимэг, Ц.Уртнасан,Ж.Баярмаа,С.Буяндэлгэр, Т.Пүрэвхатан, П.Галиндэв, Ш.Жандос, Э.Одбаяр нар ажиллахаар болсон байна.
Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад УИХ-ын гишүүн С.Ганбаатар, ҮБХ-ны гишүүн З.Нарантуяа, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Г.Эрдэнэбат нарын нэр яригдаж байв. ..