Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Бямбацогт: Зөвхөн төрд бүртгэлтэй суудлын 5,300, ачааны 2,100 орчим машины улсын дугаарын өнгийг цэнхэр болгоно

 

Төрийн байгууллагын машины улсын дугаарын дэвсгэр өнгийг хөх өнгөтэй болгох гэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 50,000 орчим төгрөгөөр үйлдвэрлэдэг. Үүнээс хямд үнээр зам тээврийн салбарын 1,200 машины улсын дугаарын өнгийг цэнхэр болгон үйлдвэрлэж өгөх байгууллагатай хамтарч ажиллах юм байна.

Энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Төрийн байгууллагын машинаар дарга нар хүүхдээ сургууль, цэцэрлэгт байнга зөөдөг, баар, ресторан, дарга нарын эхнэр дэлгүүр хэсдэг, хөдөө гадаа зугаалдаг гэх шүүмжлэл байнга ирдэг. Тиймээс төрийн машины улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчилснөөр иргэд үүнд хяналт тавих боломжтой болно.

Монгол Улсын хэмжээнд 1,700 орчим төрийн байгууллага болон төрийн өмчит компанийн 14,000 машин төрд бүртгэлтэй. Үүнээс суудлын 5,300, ачааны 2,100 орчим машины улсын дугаарын дэвсгэрийг цэнхэр өнгөтэй болгох юм. Эдгээр нь замын түгжрэлд нөлөөлдөг.

Харин автобус болон технологийн зориулалттай төрийн машины улсын дугаарын өнгийг солихгүй.

ЗТХЯ-нд 1,256 машин бүртгэлтэй байдаг, ирэх долоо хоногт улсын дугаарын дэвсгэр өнгийг солино. Монгол Улсад тээврийн хэрэгслийн улсын дугаарын 40 гаруй үйлдвэр бий. Манай салбарын машины улсын дугаарыг хамгийн хямд зардлаар богино хугацаанд үйлдвэрлэж өгөх бол Даваа гарагт бидэнтэй холбогдож, саналаа өгөөрэй. Замын түгжрэл эхлэхээс өмнө буюу есдүгээр сарын 1-нээс өмнө өөрчлөхөөр төлөвлөж байна. Ингэснээр түлш, шатахууны зардал, замын түгжрэл багасаж, Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхэд үр дүн гарна.

Улсын хэмжээнд зөвхөн төрийн байгууллагын 8,000 орчим машины улсын дугаарыг цэнхэр өнгийн дэвсгэртэй болно. Үүнд орон нутагт байгаа төрийн байгууллагын машин хамрагдана" хэмээн ярилаа.

Тэрбээр тээврийн хэрэгслүүдийн улсын дугаарын өнгийн талаар статистик мэдээллийг танилцуулав.

  1. Нийт иргэдийн автомашин, мотоцикл, чиргүүлийн улсын дугаар цагаан өнгийн дэвсгэртэй байгаа. Монгол Улсад 1.4 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Энэ жил улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн тооллогыг анх удаа явуулж, 204,000 гаруй машиныг бүртгэлээс хассан. Ингэснээр 1.2 сая машинтай болсон. Эдгээр машины улсын дугаарын өнгийг солихгүй.
  2. Дипломат албаны 487 гаруй машин улаан өнгийн улсын дугаартай.
  3. Уул уурхайн 72,000 машин механизмын улсын дугаар хар өнгөтэй.
  4. Улсын хэмжээнд 600 орчим эко буюу цахилгаан машины улсын дугаар ногоон өнгөтэй байна.
  5. Нийтийн тээврийн 1,560 орчим автобус, 250 орчим такси шар өнгийн дэвсгэртэй улсын дугаартай. 

Ногоон, шар дэвсгэртэй улсын дугаартай тээврийн хэрэгслүүд замын нэгдүгээр эгнээгээр зорчих эрхтэйг тодотголоо. 

"Цэнхэр өнгөтэй улсын дугаартай машинаар баар, ресторан, дэлгүүр хэсээд, сургууль, цэцэрлэгт хүүхдээ хүргэсэн бол Төрийн хэмнэлтийн хуулиар хариуцлага тооцно. Нэгдүгээр эгнээгээр зорчих давуу эрх олгохгүй

Тухай машин аль байгууллагынх болохыг QR код уншуулаад мэдэх боломжоор хангана" хэмээн салбарын сайд сэтгүүлчдийн асуултад хариулав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан