Баянзүрх дүүргийн зургадугаар хороо Натурын зам дагуух ... дугаар тоот байрны орцонд буун дуу гарчээ. Байрны оршин суугчид буун дуу дөрвөн удаа гарч, түргэн тусламжийн тэрэг ирээд явсан гэж мэдээлсэн билээ. Уг асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл өгөв.
Тодруулбал, тус хорооны цахим тоглоомын газар 33 настай иргэн У-ийн биед 39 настай иргэн Б нэг удаа хутгалж зугтсан хэрэг гарсан байна. Ингээд 39 настай Б-г шуурхай ажиллагааны явцад эрэн сурвалжилж саатуулан шалгажээ. Саатуулах явцад тухайн иргэн биедээ хутгатай, өөрийн болон бусдын амь насанд аюул учруулах үйлдэл хийсэн учир цагдаагаас тусгай хэрэгсэл хэрэглэж баривчилсан гэж мэдээллээ.
Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга Б.Оюутболд "Хэргийн газар дээр очиход хэрэг үйлдсэн гэх Б нь зугтсан байсан. Тиймээс тухайн иргэнийг нэн даруй олж, дайчлан баривчлахаар эрэн сурвалжилсан. Дуудлага мэдээлэл ирснээс хойш 30-40 минутын дараа хэрэг үйлдэгдсэн байрны гадна иргэн Б-г олж тогтоосон. Иргэн дээр очиход хоёр гартаа хутга барьсан, хутгаа гартайгаа скочдсон байсан. Цагдаагийн байгууллагын алба хаагч очоод хууль ёсны шаардлага тавихад үл биелүүлж, "Би шийдсэн" гэх яриа, үйлдэл гаргасан. Тиймээс цагдаагаас хүч нэмэгдүүлэн очиж хэлэлцээр хийсэн. Түүнийг ямар зорилгоор, шаардлагаар хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байгаа талаар асуухад цагдаагийн байгууллагаар авч хэрэгжүүлэх боломжгүй шаарлдлага тавьсан. Хэлэлцээ хоёр цаг гарган үргэлжилсэн ч үр дүнд хүрээгүй учраас албадлага хэрэглэсэн. Цагдаагийн алба хаагч хуулийн дагуу албадлага хийх эрхтэй байдаг. Тухайн үед гарсан буун дуу бол цагдаагийн алба хаагчийн хуулийн дагуу хийсэн албадлага юм.
Цагдаагийн алба хаагч нь хуульд заасан үндэслэл журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэснээс үүсэх үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг хуультай. Мөн цагдаагийн алба хаагч албадлага хэрэглэх үед хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол эмнэлгийн байгууллагад даруй мэдэгдэн анхан шатны эрүүл мэндийн тусламж үзүүлээд прокурорт мэдэгдэнэ гэж хуульд заасан. Цагдаагийн алба хаагч албадлагыг хэрэглэхдээ урьдчилан сануулж, хууль ёсны шаардлага биелүүлэх хангалттай хугацааг олгох хуультай. Бид хоёр цаг орчим тухайн иргэнтэй ярилцсан. Иргэнд тусгай хэрэгсэл буюу резинэн сумтай бууг хэрэглэсний дараа эрүүл мэндийн байгууллагад мэдэгдсэн. Мөн цагдаагийн алба хаагч удирдлагадаа мэдэгдэж, прокурорт мөн мэдэгдсэн байна. Иргэнийг эрүүл мэндийн байгууллагад үзүүлсэн бөгөөд иргэний биеийн байдал хэвийн байсан.
Иргэн Б-тэй хоёр цаг ярилцахад бага насны хүүхэдтэйгээ уулзах шаардлага тавьсан. Бид түүнийг гурван хутгаа гараасаа салгасан тохиолдолд уулзуулна гэж хэлсэн. Бидний энэхүү шаардлагыг хүлээж аваагүй. Хүүхэдтэйгээ уулзчихаад бүрмөсөн явна гэх зүйл ярьж байсан. Бид тусгай хэрэгсэл хэрэглэхгүй байх тал дээр ажилласан ч тухайн хүний шаардлагыг биелүүлэх боломжгүй байсан учраас тусгай хэрэгсэл хэрэглэсэн. Цагдаагийн алба хаагчид тусгай хэрэгсэл хэрэглэхэд хангалттай үндэслэлтэй байсан.
Тухайн иргэн өмнө нь ял шийтгэгдэж байснаас гадна сэтгэл зүй нь тогтворгүй, өөртөө болон бусдад аюултай нөхцөл байдал үүсгэх эрсдэлтэй байсан. Тиймээс аюулгүй байдлыг хангаж ажилласан" гэлээ.
Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.