Канадын Страткона хотноо өнгөрсөн шөнө эхэлсэн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ий эхний өдөр Монголын тамирчин Т.Мөнхтуяа хүрэл медаль хүртлээ. Тэмцээний хуваарийн дагуу эхний өдөр 51, 59 ба 67 кг-ын жингийн аваргууд тодорсон бөгөөд 59 кг-ын жинд эх орноо төлөөлсөн ОУХМ Т.Мөнхтуяа хэдэн хормын өмнө хүрэл медалийн төлөө барилдаж, ялалт байгуулжээ. Тэрбээр медалийн төлөө Энэтхэгийн тамирчин Шеоран Шилпитэй барилдаж, 3-3, 4-2 харьцаатай өрсөлдөгчөө ялсан байна. Т.Мөнхтуяа эхний тойрогт Канадын бөх Мишель Фаззариг 1-0, 0-1, 3-1 харьцаатай ялж, хоёрдугаар тойргийн барилдаанд АНУ-ын тамирчин Лейф Эвелин Жейнсийг 3-0, 0-1, 3-1 онооны давуугаар ялжээ. Удаахь барилдаанд Т.Мөнхтуяа Беларусийн бөх Залина Сидаковатай таарч, 0-2, 0-1 харьцаатай хоёр үед ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах болсон юм.
Мөн тэмцээний эхний өдөр дэлхийн аваргын дэвжээнд зодоглосон Монголын бусад тамирчдын тухайд 51 кг-д ОУХМ Д.Отгонцэцэг эхний барилдаандаа Польшийн бөх Роксана Марта Засинад 0-1, 3-0, 0-1 харьцаатай хожигдсон. Харин Польшийн тамирчин дараагийн барилдаандаа АНУ-ын бөхөд ялагдсан тул Д.Отгонцэцэг дагах барилдаанд зодоглох боломжгүй болжээ.
Тэмцээний 67 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Ц.Баярзаяа мөн л эхний тойргийн барилдаанд ялагдсанаар дэлхийн аваргын дэвжээг орхижээ.