Ашиглалтын шаардлага хангахгүй лифтийг шинэчлэх талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж өчигдөр болсон нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр танилцуулжээ.
Нийслэлийн хэмжээнд нийт 8,200 гаруй цахилгаан шат байдгаас 75 хувь буюу 6,000 гаруй нь нийтийн зориулалттай орон сууцных юм. Харин улсын байцаагчийн ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлттэй 132 цахилгаан шат байгаа аж.
Цахилгаан шатны ашиглах хугацаа 20-25 жил байдаг боловч нийслэлийн хэмжээнд 21-ээс дээш жил ашиглаж байгаа 191, 16-20 жил болсон 737 цахилгаан шат байгаа юм. Үүнээс их эрсдэлтэй ангилалд орсон 323 цахилгаан шат байна. Эхний ээлжид ашиглалтын шаардлага хангахгүй болсон 132 цахилгаан шатыг шинэчлэхээр судалгаа хийжээ.
Хотын дарга "Цахилгаан шат, нийслэлийн хот, нийтийн аж ахуйн чиглэлийн тоног төхөөрөмж, машиныг шинэчлэх шаардлагатай. Гэхдээ энэ чиглэлийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийг оролцуулан, дан ганц төсвийн хөрөнгө оруулалтаар биш, бусад хөрөнгийн эх үүсвэрийг судлах хэрэгтэй" хэмээн онцлов.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, шаардлага хангахгүй болсон цахилгаан шат болон хот, нийтийн аж ахуйн чиг үүргийг цогц байдлаар буюу машин, техник хэрэгслийг шинэчлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг судалж, танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.