“Монголд зочлох жил”-ийн хүрээнд “Welcome to Mongolia” уриатай Монголын эдийн засгийн форум-2023 өнөөдөр эхэллээ. Форумыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Хөрөнгө оруулагчдад хандан хэлсэн түүний үгээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
-
Монгол Улс бол дэлхийн хоёр том гүрний дунд оршдог ардчилсан улс. 1990 онд ардчилсан хувьсгал хийж, 1992 онд чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш бидэнд олон сорилттой тулгарч байсан. Одоо ч үргэлжилж байна. Гэвч монголчууд энэхүү сорилт, бэрхшээлийг хамтын ойлголцол, харилцан зөвшилцлөөр даван туулсаар ирсэн нь парламентын ардчиллын хамгийн давуу тал юм.
-
УИХ-ын хаврын чуулганаар Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, парламентын төлөөллийн чадамжийг нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуулинд тусгаж чадсанаар Монгол Улсын бодлого илүү тогтвортой, залгамж чанартай болж, хөрөнгө оруулалтын орчин шинэ түвшинд гарах эрх зүйн суурь реформ хийгдсэн гэж дүгнэж болно.
-
Монгол Улс хөгжлийн бодлого төлөвлөлтөө урт хугацаагаар харахыг эрмэлзэж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг батлан хэрэгжүүлж байна. Энэ нь сонгуулийн үр дүнгээс хамаарч, төрийн бодлогын залгамж чанар алдагдаж, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулдаг эрсдэлийг үе шаттайгаар бүрэн шийдвэрлэх зорилготой.
-
Эдийн засаг, хөгжлийн яам болон Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулагдсанаар хөрөнгө оруулагчдад нэг цонхоор нэгдсэн ойлголт өгөх, шуурхай, цогц үйлчилгээг нэвтрүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах нэгдсэн тогтолцоонд шилжсэн.
-
Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэх цогц хөтөлбөрийг зарлаж, төрийн мэдээллийг ил тод болгож, төрийн 71 байгууллагын 839 үйлчилгээг цахимжуулсан “E-Mongolia” платформыг нэвтрүүлсэн. Энэ нь төрийн үйлчилгээг хилийн чанадаас ч шуурхай авах боломжийг бүрдүүлэх томоохон реформ юм. 2022 онд Монгол Улс Цахим засаглалын хөгжлийн индексээр өмнөх оныхоос 18 байр урагшилж, 193 орноос 74-т эрэмбэлэгдлээ.
-
Дэлхий нийт хуваагдмал байна. Шинэ Хүйтэн дайны нөхцөл байдал улам гүнзгийрч, эцэг, эх салахад хүүхдүүд алийг нь сонгох вэ гэдэг шиг нөхцөл байдлыг хөгжиж буй улс орнуудад тулгаж байна. Тиймээс эцэг эхчүүд буюу дэлхийн хөгжингүй улс орнууд илүү хариуцлагатай байж, шийдвэр гаргахдаа хүүхдүүдийнхээ үгийг сонсох зайлшгүй шаардлагатай байна.
-
Бид сайн засаглалыг бүрдүүлж, эдийн засгийн тогтвортой орчныг хангахын төлөө харилцан бие биенээ хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж эдийн засаг, нийгмийн хөгжлийн баталгаа, хөрөнгө оруулалтын макро тэнцвэрийг хангах ёстой.
-
Миний бие Дэлхийн эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч профессор Швабтай далайд гарцгүй улс орнуудын дэд бүтэц, тээвэр логистикийн асуудлыг Дэлхийн эдийн засгийн форумд тусгайлан ярилцах саналыг дэвшүүлсэн. Яагаад гэвэл далайн тээврийн үнэ нь агаарын тээврийн зууны нэг, төмөр замын тээврийн аравны нэг, авто замын тээврийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний хямдхан байдаг. Тийм ч учраас далайд гарцгүй улс орнуудын хувьд тээвэр логистикийн үнийн өрсөлдөх чадвар болон дэлхийн эдийн засгийн интеграцчлалд хэрхэн орох вэ гэдэг нь хамгийн том сорилт байдаг.
-
Шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, их өгөгдөлд тулгуурласан хиймэл оюун ухааны шийдэл, далайд гарцгүй улс орнуудын тээвэр логистикийн асуудалд ойрын хугацаанд дэвшилтэт шийдэл гарна гэдэгт итгэж байна.
-
Дэлхийн улс орнууд зөвхөн ганцаараа хөгжих биш, хамтдаа бие биенээ дэмжиж, боломжоо хуваалцах ёстой гэдгийг цар тахал бидэнд ойлгуулсан. Вакцинжуулалт зарим улс оронд сайн хийгдсэн ч вакцин дутмаг улс орнуудад мутаци бий болсон. Цар тахал үргэлжлэх тусам зөвхөн улс орнуудын биш, дэлхийн эдийн засгийн хүндрэл гүнзгийрсээр байсан. Энэ бол бид дахиж алдагдсан боломж гаргахгүйн төлөөх гашуун сургамж болсон.
-
Монгол Улс дэлхийн улс орнуудаас цар тахлыг хамгийн түрүүнд амжилттай давж гарсан жишиг улс орнуудын нэг болж чадсан.
-
Нүүрсний экспорт голчилсон эдийн засагтай Монгол Улсын хувьд дэвшилтэт технологи, инновацид тулгуурласан ногоон эдийн засгийн загвар, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэжлийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид Та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” санаачилгыг дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа нь Монгол Улс ногоон эдийн засгийн шилжилтэд бэлэн байгаагаа олон улсад илэрхийлсэн улс төрийн манлайлал юм.
-
Монгол Улсын өнөөдрийн эдийн засгийн байдал тогтвортой байна. Цар тахлын үед -4.7 хувийн уналттай байсан манай улсын эдийн засаг 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улиралд 7.9 хувь болж, Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.доллар хүрсэн. 2022 оны арванхоёрдугаар сард “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, 2023 оны тавдугаар сард “Гэрэгэ” бондын 800 сая ам долларын өрийг бүрэн төлж, зээлжих зэрэглэлээ “B тогтвортой” түвшинд хадгалж, Монгол Улсын Засгийн газар хариуцлагатай байгаагаа олон улсын түвшинд илэрхийлж чадсан.
-
Экспортын 90 орчим хувь нь уул уурхайгаас хамааралтай Монгол Улсын эдийн засгийг илүү төрөлжүүлж аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үүний дотор махны экспорт, ноолууран бүтээгдэхүүн, сэргээгдэх эрчим хүч зэрэг уул уурхайн бус салбаруудаа Та бүхэнтэй хамтран хөгжүүлэх сонирхолтой байна.
-
Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Оюу толгойн Гүний уурхайг ашиглалтад оруулснаар Монгол Улс зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх тоглогч болж байна. Цаашид бид зэс боловсруулах, цахилгаан машины үйлдвэрлэл зэрэг чиглэлээр ирээдүйн хамтын ажиллагааны талаар санал солилцох болно.
-
Монгол Улс экспортын нэг төмөр замтай байсан бол БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулж, “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд экспортын дөрвөн шинэ гарцыг ашиглалтад оруулж байгааг дуулгахад таатай байна. Боомт сэргэснээр экспортын орлого 13 тэрбум ам.долларт хүрлээ.
-
“Монголын За андгай буй заа” хэмээх эцэг өвгөдийн язгуурын зарчмаа хүндэтгэж, хөрөнгө оруулалтын орчноо алхам алхмаар сайжруулах бодлогодоо Монгол Улсын төр засаг тууштай байх болно.
-
2024 оны нэгдүгээр сард, Щвейцарийн Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улс томоохон амбицтай оролцоно.