Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урд хөршид айлчилж байна. Өчигдөр өглөө Бээжин хотноо бууж айлчлал албан ёсоор эхлэв. Ерөнхий сайдыг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, ЭСЯ-ны ажилтнууд угтаж авчээ.
Засгийн газраас өгсөн “цагаан” мэдээгээр бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи нарт бараалхана. Мөн Шинэ манлайлагчдын 2023 оны ээлжит чуулга уулзалт буюу “Зуны Давос” олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох төлөвлөгөөтэй яваа аж. Тэгвэл Засгийн газрын тэргүүний урд хөршид хийж буй айлчлалын багт хэн хэн багтав гэдэг сонирхол татна. Учир нь айлчлалын үеэр гол хэлэлцээ хийх салбарын мэргэжлийн хүмүүс дагалдан явдаг онцлогтой. Харин энэ удаагийн айлчлалын багт Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт, УУХҮ-ийн сайд С.Ганбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боомтын сайд Б.Тулга нар багтжээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан нар яваа аж.
БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалын эхний өдрөө Тяньжин хотод ажиллалаа. Ийнхүү Тяньжин боомтод ажилласан нь "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг авто зам, төмөр замаар холбох төдийгүй Монгол Улс далайд гарцтай болох зорилттой холбоотой юм. Манай улс тус боомтод 10 га газар эзэмшдэг бөгөөд энэхүү газрыг тээвэр логистикийн төв болгож далайд гарцтай болох боломжтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус боомт дахь Монголын эзэмшлийн газрыг нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр хамтран ажиллах саналыг Тяньжин порт группийн удирдлагуудад тавилаа. Замын-Үүд, Шивээхүрэн, Гашуунсухайт, Бичигт зэрэг боомтын ачаа тээврийн 90 гаруй хувь нь тус боомтоор нэвтэрдэг. Манай улс Тяньжин боомт дахь газраа ашиглалтад оруулснаар чингэлэг тээврийн гацаа арилж, бараа эргэлт хурдасч, улмаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний инфляц буурч, дэлхийн 180 гаруй улсын 500 орчим боомттой холбогдох боломж нээгдэх юм.
Тяньжин порт группийн удирдлагын онцолсноор, далайн тээвэр нь өртөг зардлын хувьд агаарын тээврийн зууны нэг, төмөр замын аравны нэг, авто тээврийн гуравны нэгтэй тэнцэж, цаг хугацаа, өртөг зардал хэмнэж, олон улсын зах зээлд нэвтрэх үүд хаалга юм. Чингэлэг тээвэрт автоматжуулалт, ухаалаг системийг дэлхийд анх удаа нэвтрүүлсэн тус боомтод 1200 гаруй хүний ажлын байрыг 200 хүн гүйцэтгэж, эрчим хүчний хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр хангадаг. Дэлхийд долдугаарт эрэмбэлэгддэг уг боомтоор 2022 онд нийт 471 сая тонн бараа, 21 сая ширхэг стандарт чингэлэг нэвтрүүлсэн бол 2023 оны тоон мэдээллээр 653 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа аж.
С.УЯНГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин