Хөгжлийн банкны гэх хэргийг дэнсэлсэн шүүгчид шийдвэр танилцууллаа. Энэ хэрэгт 80 хүн, дөрвөн аж ахуйн нэгжийг яллагдагчаар татсан юм. Улмаар 48 хүнийг гэм буруугүй, 32 хүнийг буруутай гэж үзжээ. Мөн дөрвөн аж ахуйн нэгжийг нь гэм буруутай гэж үзсэн байна.
80 шүүгдэгчийн дунд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нар багтсан юм. Тэдний хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүгч хэлэхдээ
"Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшин “Вертекс майнинг партнер” компанид давуу байдал олгож, Хөгжлийн банкинд 33 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэдэг нь нотлогдон тогтоодохгүй байгаа тул түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсмэхгүй болгож гэм буруугүйд тооцож байна.
Шүүгдэгч Х.Ганхуяг өөрийн үүсгэн байгуулсан "Глобал майнинг сервис" компаниар дамжуулан хамаарал бүхий этгээд болох П.Бямбасүрэнгийн үүсгэн байгуулсан “Вертекс майнинг партнер” компанийн 98 хувийн хувьцааг эзэмшиж, “Вертекс майнинг партнер” компанид "Энержи ресурс" компанийн Ухаа худаг уурхайн хөрс хуулалтыг өргөтгөх техникийн хүчин чадлыг өргөтгөх төсөлд зориулж хөгжлийн банкнаас зээл авах зорилгоор Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшинд хууль бусаар нөлөөлж, “Вертекс майнинг партнер” компанид давуу байдал бий болгосноос Хөгжлийн банкинд 33 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэгт үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байх тул гэм буруугүйд тооцон холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байна.
Шүүгдэгч Ё.Баатарбилэг нь УИХ-ын гишүүн буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа НВЦ компанийн Захирад Ц.Баатарбилэгийн Хөгжлийн банкны шаардлага хангахгүй атлаа зээл авах хүсэлтийг ашиг сонирхлын үүднээс УИХ-ын гишүүний бүрэн эрхэд хамааралгүй Хөгжлийн банкнаас НВЦ компани зээл авахад нь дэмжлэг үзүүлж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд 2017 оны есдүгээр сарын 19-нд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хангарьд" ордны хойд талд Ц.Баатарбилэгээс 100 мянган ам.доллар буюу 246 сая 825 мянган төгрөгийн хахууль авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.4.6-д заасан улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах гэмт хэрэг мөн байх тул энэ зүйл ангид заасан гэмт хэрэгт гэм буруутай. Мөн 2017 оны тавдугаар сарын 18-нд Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны Сэлбэ хотхоны F байрны 38 тоот хаягт байрлалтай орон сууц авто зогсоолыг иргэн Ганбаатараас бэлэн 322 сая төгрөгөөр, 2017 оны аравдугаар сарын 27-нд 2014 онд үйлдвэрлэгдсэн 9699 УНО улсын дугаартай Лексус 570 маркийн аюто машиныг БНХАУ-ын иргэнээс бэлэн 133 сая төгрөгөөр тус тус худалдан авсан боловч Авлигын эсрэг хуулийн 10.2-т "Мэдүүлэг гаргагч нь өөрийн гэр бүлийн гишүүдийн хөрөнгө орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй" гэж заасныг зөрчиж АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахдаа дээрх орон сууцыг 250 сая төгрөгөөр авсан гэж худал мэдүүлсэн. Мөн Ё.Баатарбилэг хөрөнгө, орлого нь их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасан улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байна.
Шүүгдэгч Н.Алтанхуяг нь нийтийн албан тушаалтан буюж Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, тус банкны гүйцэгэх захирал Н.Мөнхбат нартай бүлэглэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд "Говийн зам" компанийн тавьсан авто зам, "Энержи ресурс" компанийн Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор барьсан дэд бүтцийг төрийн өмчит 170 тэрбум 590 сая төгрөгөөр буюубодит өртгөөс нь өндөр үнээр худалдан авч Хөгжлийн банкинд хохирол учруулсан, тус хоёр компани зөрүү 36 тэрбум 423 сая төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгосон хэргийг улс төрд нөлөө бүхий албан тушаал хашиж байхдаа үйлдсэн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, тус банкны гүйцэгэх захирал Н.Мөнхбат нартай үгсэн тохиролцоогүй боловс үйлдлээрээ санаатай нэгдэж "Бэрэн" групп компанид эдийн засгийн давуу байдал бий болгож Эрдэнэт хотод баригдах барилгын арматурын үйлдвэрийн төсөлд 22.7 тэрбум ам.долларын зээл олгож Хөгжлийн банкинд 44 тэрбум 311 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь ногдохгүй байх тул гэм буруугүйд тооцож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов" гэлээ.
Шүүх үргэлжлүүлэн хуралдаж гэм буруутайд тооцогдсон хүмүүст ямар ял оноохоо хэлэлцэх юм.