Санаа хувирсан малчид 1921 оны гуравдугаар сарын 1-нд Монгол-Төвдийн хэлтсээс зохион байгуулж Троицкосавскт (Одоогийн Оросын хилийн боомт Кяхта) зөвлөлгөөн хийжээ. Үүнийг хожим 1925 онд Монгол Ардын Хувьсгалт Намыг үүсгэсэн хурал гэж үзэхээр тогтсон ба энэ хурлыг намын анхдугаар их хурал байжээ гэж албан ёсоор томьёолсон юм. Зөвлөлгөөнд МАН-ын Данзан, Сүхбаатар нар байсан ба үүнээс гадна хил орчмоор худалдаа наймаа хийдэг хэсэг монголчуудыг авчирч оролцуулжээ. Энэ үед Бодоо, Чагдаржав, Догсом, Чойбалсан, Лосол нар Монголд байв. Алс Дорнодын төлөөлөгч гэгдэн Цэвээн Жамсрано, С.Борисов болон Гадаад харилцааны ардын комиссариатын бүрэн эрхт төлөөлөгч гэгдэх О.Макстеник оролцсон бөгөөд тэрээр зөвлөлгөөнийг голлон толгойлсон бололтой. Макстеник нь Москвагаас томилогдсон Монголд суулгах Зөвлөлтийн анхны консул боловч Хүрээнд нэгэнт Колчакийн консул Аркадий Орлов сууж байсан учир түүнийг хилээр нэвтрүүлээгүй юм. Мань хүн хил дээр албан контортой, Зөвлөлт Оросын тэрхүү албан байранд нь МАН-ын анхны хурал болж, чухам тэнд нь Монголын орогнолын Засгийн газар байгуулагдаж, тэнд нь Монголын хувьсгалт арми зохион байгуулагдаж, тэндээс Улаан цэргийг Монголд оруулах шийдвэр гарчээ. Гадаад харилцааны талаар ойлголт нимгэн Сибирийн хувьсгалчдыг бодвол Москвагаас томилогдож ирсэн дипломатч Макстеник илт илүүрхэх учир голлон зохицуулав.
Гол нь Монголд Зөвлөлтийн цэрэг нэвтрэн орох асуудлыг олон улсын хуулийн хүрээнд харагдуулах явдал юм. Унгернийг Монголоос хөөж гаргах, Холбоотон болох гоминьданы өмнөд хөршүүдээ гомдоохгүй байх, албан ёсны эрх барьж байгаа Бээжингийн эрх баригчдын зөвшөөрлийг авах, тусламж гуйж ирсэн монголчуудаар Монголд хувьсгал өрнүүлэх гэсэн асуудлуудыг нэгтгэн тугалыг нь тураахгүй, эхийг нь эцээхгүй шийдвэр гаргах ёстой болжээ. Эл намын зөвлөлгөөнөөс тунхаг гаргасанд юун түрүүн Монгол ардын намыг бошгыг халж дэлхийн капиталыг эсэргүүцэх коммунист маягийн нам гэдгийг тодорхойлж өглөө. Мэдээж энэ саналыг тэнд байсан дөрөв тавхан монголчууд гаргаагүй нь ойлгомжтой. Мөн Гадаад Монголыг ирээдүйд Өмнөд Хятад, Умард Хятад, Сычуань, Төвд, Хотон, Манж, Өвөр Монголтой хамтран холбооны улс болох зорилттой гэж тодорхойллоо. Хятадаас салах гэж арга үйлээ барж яваа монголчууд тэдэнтэйгээ нийлж холбооны улс байгуулна гэж ирээдүйгээ тодорхойлох учиргүй. Ингэхээр Троицкосавскт байсан тэр хэдийн оролцоо бараг байгаагүй гэсэн үг. Мөнөөх Монгол-Төвдийн хэлтэс, тасгийнхны хийж байгаа ажил. Тодорхой хэлбэл Москвагийн тушаал. 26 төлөөлөгч оролцсон тус их хурал Төв хороог сонгон, намын хөтөлбөрийг батлажээ. ТХ-ны даргын тушаалыг Данзан эзэлж, түүний орлогч нь Ринчино болжээ. ТХ-ны бүрэлдэхүүнд Цэдэн-Иш Дашепилов (Гочитский), Баламсу Цэрэнэй (Аюр Ванчиков), Сандагдоржи Жамбалон, С.Нацов, Георгий Данчинов, Н. Батуханов нарын буриадууд оржээ. Намын удирдлагад орсон өөр нэг буриад Жамсрано хөтөлбөрийн баримт бичгийг боловсруулсан байна. Зөвлөлт Оросын Гадаад хэргийн ардын комиссариатын бүрэн эрхт төлөөлөгч Б. З. Шумяцкий хурлын ажлыг хянаж явуулсан.[1] Хурал бас Монголын Түр Засгийн газрыг сонгон байгуулсан. Чагдаржав ерөнхий сайд болж, Ринчино нэгдүгээр орлогч нь болсон.
Хувьсгал ялснаас хойш, 1921 оны есдүгээр сард Ринчино бас хувьсгалт цэргийн зөвлөлийн дарга болсон. Энэ албан тушаал нь тухайн үедээ улс орныг удирдах нэгдүгээр хүний хэргэм. Давхар засаг Хүрээнд суух Хятадын төлөөлөгч Чэнь И Унгернд бут цохиулан дутаасаар Троицкосавскт ирж Улаан цэргийг Монголд оруулж өгөөч гэж гуйсан нь энэ ажиллагаанд Бээжин зөвшөөрөл өгсөн гэсэнтэй нэг утгатай юм. Нөгөө талаас Монголын Засгийн газар бас ийм зөвшөөрөл өгөх ёстой. Гэтэл 1921 оны хоёрдугаар сард Нийслэл Хүрээнд байгуулагдсан Жалханз хутагт Дамдинбазар, Манзшир хутагт Цэрэндорж нарын хууль ёсны Засгийн газар ч, Богд хаан ч улаан оросуудад ийм зөвшөөрөл өгөхгүй нь мэдээж. Гэтэл Монголын төрийн болон улс төрийн инстүүцийг яаралтай байгуулахыг Москвагийн удирдлагаас шургуу шаардаж байлаа. Энд нам, орогнолын түр Засгийн газар, арми зэргийг хамруулан хэлж буй хэрэг. Үүний дагуу Монголыг Засгийн газрыг байгуулах, Хиагтын Маймаачин хотыг эзлэн авах, Зөвлөлт Орост хандаж Монголын нутгаас цагаантнаас чөлөөлж өгөхийг гуйх зэрэг асуудлыг Шумяцкий Монголын талд “зөвлөх” маягаар шаардаж байв. 1921 оны гуравдугаар сарын 17-нд Шумяцкийгаас Ленинд явуулсан маш нууц мэдээнд энэ талаар тодорхой өгүүлсэн байдаг.[2] Бүр үүнээс өмнө Барон Унгерн Монголд цөмрөн орж ирэнгүүт Монголын орогнолын Засгийн газрыг хилийн гадна байгуулах тухай яригдаж үүндээ Хатанбаатар Магсаржав, Гадаад явдлын яамны сайд байсан Цэрэндорж, Шүүх яамны сайд асан Намсрай ван, Баяр гүн, Сумъяа бэйс, Ханддоржийн хүү зэрэг үндэсний хэмжээнд танигдсан хүмүүсийг оролцуулахаар ярьж байв. Харамсалтай нь “нэр дэвшигчид” бултаараа Унгернийг чөлөөлөгчөө гэж үзэн хүчин хавсрах болсон тул, эл төлөвлөгөөнөөс татгалзахаас өөр аргагүй болсон. 1920 оны аравдугаар сарын 29-нд Оросын коммунист большевик намын Дорно дахины ард түмний секцийн хуралд Хятадын хэлтсийн эрхлэгч М. М. Абрамсоны “... Засгийн газар байгуулах боломжийн тухай хэлэлцэхийн өмнө үйл ажиллагаанд татан оролцуулах монгол зүтгэлтнүүдийн талаар мэдээлэл сонсмоор байна...” гэсний дагуу байгуулагдах Монголын Засгийн газарт оруулах нэр хүндтэй хүмүүсийн тоонд Б.Цэрэндоржийн нэрийг багтаасан байна.[3] Дорно дахины ард түмний секц 1920 оны аравдугаар сарын 6-нд байгуулагдсан гээд бодохоор ердөө хэдхэн хоногийн дараа Монголд тоглоомын Засгийн газар байгуулах бэлтгэлээ хэдийнээс төлөвлөөд эхэлчихсэн байжээ.
Ингээд оросууд өөрсдөө “Монголын Засгийн газар” гэдгийг шинээр зэрэгцүүлэн байгуулахаар шийдсэнээ хэрэгжүүлж эхлэв.. 1921 оны гуравдугаар сарын 13-нд Түр Засгийн газар гэгчийг байгуулж толгойлогчоор нь тэр үед Данзантай хамт Москва ороод эргэж Тройцкосавскт ирээд байсан лам Чагдаржавыг тавьжээ. Бодоо Хүрээнд очоод төрийн албан хаагч болчихсон болохоор “Ардын нам” гэх нэрийн уугуул эзэмшигч дараагийн хүн болох Чагдаржав руу сонголт туссан бололтой. Монголд хувьсгал хийхэд зориулж Москва дахь Коминтерноос гурван сая рубль хуваарилснаар энэ тоглоомын Засгийн газрыг байгуулсан бололтой байдаг. Засгийн газар гэгч нь цаанаа Дотоод яам, Цэргийн яам, Сангийн яам, Баруун замын тусгай ангийн цэргийн яам, харуул гэсэн таван нэгжтэй. Монголын харьяат тав зургаахан хүнтэй, мөн тэр тооны яамтай хилийн гадна байдаг Засгийн газар! Таван яамны гурав нь байлдах зориулалттай. Гэтэл Нийслэл хүрээнд Цэрэндоржийн хууль ёсны Засгийн газар оршин үйл ажиллагаагаа явуулсаар байдаг! Ардын түр Засгийн газар хэмээн нэр авсан уг Орогнолын байгууллагын тэргүүлэх даргаар Чагдаржав, гишүүн түшмэлд Сүхбаатар, гишүүдэд Бодоо, Билэгтсайхан, Сумъяа, Чойбалсан нар томилогдсон ба нэг үлдсэн орон тоог Урианхайн хязгаараас суулгахаар онгорхой орхив. Гишүүн Бодоо Хүрээнд жинхэнэ Засгийн газарт алба хааж байгаа шүү дээ! Чойбалсан ч цэрэг элсүүлэх даалгавартайгаар Монгол нутагт явж байсан тул мөн эзгүй байв. Ардын түр Засгийн газрын зорилго нь “…өөрийн газар орныг Хятадын эзэрхэг мэдлээс салгаж..” хэмээн тодорхойлжээ. Энэ гавьяа хэдийнээ хийгдсэн аж. Монгол нутагт Хятадын эзлэн түрэмгийлэгчид байхгүй, тэд хэдийнээ хөөгдөн алга болсон, тэднийг Барон Унгерн монголын ард түмэнтэй нийлэн үлдэн хөөж, алж устгасан. Хамгийн сүүлчийн хэсгийг нь большевикууд өөрийн нутгаар дамжуулан нутаг руу нь буцаасан.
Ийм л нөхцөл бий болоод байлаа. Ардын намынхан цаашид хэрхэх, хэнийг дайснаа гэж үзэх, хэнтэй тулалдах, хэнийг нөхрөө гэж үзэн үгнээс нь гарахгүй байх ёстой талаар оросууд Сүхбаатар, Билигсайхан нараар амлалт маягийн баталгаа гаргуулжээ: БАТЛАХ БИЧИГ 1921 оны 3 сарын 5 Батлах бичиг шийтгэн гаргаж хадгалуулахын учир: Манай намын Төв хороо ба намын цэргийн ерөнхийлөн захирах газраас эрхбиш Барон Унгерны ба бусад Оросын цагаан намын цэргүүдийн хамт явж байгаа монголчуудыг салган хагацуулахыг хичээсүгэй. Манай Монгол ардын цэрэг хэрхэвч урваж, Оросын цагаан хааны цэрэг лүгээ ба тэд лүгээ нөхөрлөсөн монголчууд лугаа нийлэхгүй. Манай газраас Монгол улсын харьяат олон ард нийгэмд Ардын намын суртлыг аливаа аргаар нэвтрүүлэн дэлгэрүүлж, бүгд Монголыг Зөвлөлийн засагт Орос улс лугаа нөхөрлөн найрамдлыг зузаатгах явдлыг хичээмүй. -Монгол Ардын намын бүгд цэргийн ерөнхийлөн захирах Д.Сүхбаатар.-Намын цэргийг захирах газрын түшмэл Билэгсайхан. Монголын цагаагчин тахиа жилийн цагаан сарын 27-ны өдөр Цэрэг толгойлох гэж буй хүмүүс зорилгоо яс мэдэж үүнээ биелүүлнэ хэмээн тангараг өргөх ёстой байдаг байх л даа. Энэ батламжийг тэднийг Хиагтыг чөлөөлөх тулаанд оруулахынх нь яг өмнө гаргуулж авчээ.
Театрчилсан тулалдаан Гамин цэргийг хөөж гарган эх орноо чөлөөлөх хүсэл бүх монгол хүний эрмэлзлэл байлаа. Энэ гавьяаг аль хэдийнээ барон Унгерн авчихсан. Улаан цэрэг гэнэт Монгол руу цөмрөн орж ач гавьяат бароныг нь устгаад унавал үүнээ монголчуудад юу гэж тайлбарлах билээ? Ийм учраас хөөрхөн жүжиг бодож олжээ. Энэ үед Унгернд цохиулаад дутааж ирсэн 1 500 орчим хятад хүн Хиагтад бөөгнөрөөд Орос руу зугтах гэж хил нэвтрүүлэхийг гуйж байв. Эдний 500 нь мэргэжлийн цэрэг (200 морьт, 300 явган цэрэг), үлдсэн мянга нь шинээр цэрэгт дайчлагдсан хятад иргэд аж. 1921 оны гуравдугаар сарын 18-нд буюу Парисын коммуны 50 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатараар удирдуулсан монголын “400 морьт цэрэг” Хиагтад буй “10 мянган гамин цэрэг” рүү ийнхүү довтоллоо. Хүрээнд Хятадын холимог бригад, морьт цэргийн хороо (4 мянга гаруй хүнтэй) байжээ. Гэхдээ 1918 онд ирсэн морьт хорооны нэлээд хэсгийг Хиагтад илгээсэн, мөн Сю Шүжэн 1920 оны зун нутаг буцахдаа зарим цэргээ авч одсон аж. Аньхуй болон Жили бүлгийг дэмжигчид тус тусдаа өөр бодолтой байснаас удирдах бүрэлдэхүүн өвөр хоорондоо зөрчилдөн (бригадын дарга генерал Чү Чисянь Аньхуй бүлгийг, морьт хорооны дарга хурандаа Гао Зайтиэнь Жили бүлгийг дэмжигч байв) Сю Шүжэн буцсаны дараагаас Хүрээнд Хятадын цэргийн нэгдсэн удирдлага алдагджээ. Унгерн Хүрээг эзлэхэд хятадууд тал бүр тийш зугтав. Урагш зугтсан хэсгийг нь Унгерн, Найдан ван нар нэхэн хөөж Чойр орчимд хиаруулсан. Иймээс хятад цэргийн хувьд Хиагт, Троицкосавскаар дамжин Дээд Үд хүрч, тэндээсээ төмөр замаар яван Манжуураар нутагтаа очихоос өөр гарцгүй болсон юм. Унгерн Нийслэл Хүрээг эзэлсэнтэй холбогдуулан АДБНУ-ын зүгээс цэргээ Монголд оруулах шахалтыг Хятадын эрх баригчдад үзүүлсэн байна. ГХАК-ын төлөөлөгч Макстенек Хиагтад суух Хятадын ерөнхий консул Лү Пандао-д хандан Хятадын цэрэгтэй хамтран Унгерний эсрэг тэмцэхийн тулд Оросын цэргийг хил давуулан Хиагт хавьд байрлуулах, эдгээр цэргүүдийг Унгернийг цохисны дараа элдэв нөхцөлгүйгээр буцааж гаргана гэсэн саналыг тавьжээ. Лү Пандао саналыг няцаасан байна. Хэдий тийм боловч Улаан цэргүүд хил нэвтрэн Хиагтаас урагш 30 км-т, хотын баруун талд 20 км-т тус тус байрлаж байжээ. Макстенек Хиагтад зугтан ирсэн Хятадын Чэнь И, түүний орлогч Ли Юань нартай 1921 оны хоёр дугаар сарын 19-нд уулзаж дээрх саналаа дахин тавьжээ. Улаан цэргийг Хиагт хавьд байрлахыг Чэнь И нар зөвшөөрсөн боловч Хүрээ хүртэл Зөвлөлт, Монголын цэрэг хамтран давших эсэхийг Бээжингээс лавлаж байж хариу өгнө гэжээ.[5] Чэнь И нар цэрэг хангалттай боловч хүнс, зэвсэг, галт хэрэгслээр дутагдаж буй тул дэмжлэг хүссэн байна. Унгерний эсрэг тэмцэхэд зориулж зэвсэг, галт хэрэгслээр туслахыг хүссэн Хятадын түшмэдэд “Монгол нь бүрэн эрхт улс тул АДБНУ-аас бусдын дотоод хэрэгт оролцохгүй” гэсэн хариуг 1921 оны хоёрдугаар сарын 25-нд Эрхүүгээс өглөө. Харин орогнол гуйсан хятад иргэдийг хүлээн авахыг дэмжсэн байна. Мөн “…Манай цэрэг нь улс төрийн кадруудыг удирдлагад нь тавьсан МАН-ын партизаны отрядыг чөлөөтэй ажиллуулснаар тэдний дэмжлэгт тулгуурлан бид Монголд нэвтрэлгүй хилээ хамгаалж, унгернчуудыг устгах боломж гаргах, Хиагтыг эзлэх цэргийн командлалын тушаалыг биелүүлэхийн тулд V армийн командлалаас МАН-ын хувьсгалчдыг зэвсэглэх тушаал өгсөн байгаа, Монголын хувьсгалчид болон ЗОУ-ыг баримжаалсан Монголын ноёдтой хийх яриа хэлцээнд Монголыг жинхэнэ тусгаар тогтносон хэмээн үзэж, гадаадын булаан эзлэгчид болох барон Унгернтэй тэмцэх явдлыг зарлан тунхаглах хэрэгтэй” гэсэн чиглэлийг Эрхүүгээс өгчээ.[6] ЗОУ нь энэрэнгүй улс гэдгийг харуулах зорилгоор Унгерний түрэмгийлэлд өртсөн хэнийг ч болов манайд орогнуулах, V армийн сургагч нарыг МАН-ын отрядуудад хуваарилан Хиагтыг эзлэхэд туслах хэрэгтэй гэсэн захирамжийг V армийн Хувьсгалт цэргийн зөвлөлийн гишүүн К.И.Грюнштейн ч өгсөн байдаг.[7] 1921 оны хоёрдугаар сарын 20-нд Троицкосавскт И.О.Макстеник, Чэнь И нарын хооронд хэлэлцээ явагдав. Унгернаас зугтан Хиагтад бөөгнөрсөн Хятадын дүрвэгчдийг АДБНУ-аар дамжуулан нутагт нь буцаах асуудлыг тохиролцжээ. Чэнь И-гээс Зөвлөлтийн төлөөлөгчдөд хандан: “Хэрвээ Зөвлөлт Орос хятадуудыг нутаг буцахад нь тусалж дүрвэгсдэд зам гаргаж өгсөн тохиолдолд энэ зун Монголын нутагт Унгерний эсрэг зэвсэгт тэмцэл хийх Улаан армийн ажиллагаанд Хятадын талаас ямар ч саад учруулахгүй” гэж амлав. Нэг үгэндээ Улаан арми Монголд нэвтрэхийг Чэнь И зөвшөөрчээ.[8] Оросын цэрэг Хятадын цэрэгтэй мөргөлдвөл Орос, Хятадын харилцаа туйлын төвөгтэй болох байв. Иймээс Ардын журамт цэргийнхэн Хиагтыг дайрах үед АДБНУ-ын цэрэг уг дайралтыг халхлан Хиагтаас холгүй байрлан дэмжлэг үзүүлэхэд бэлэн байдалд байлаа. Хиагтыг байлдаангүйгээр өгөхийг 1921 оны гуравдугаар сарын 15-нд ГХАК-ын төлөөлөгч Макстенек хятадуудад тулган шаардаад “хэрэв хятад цэргүүд зэвсгээ хураалгаж, хотыг байлдаангүй өгвөл танай хятадын харьяат нарын амийг батлан хамгаалж уул орон нутагт нь буцааж болно”.[9] гэв. Ийнхүү Унгерний эсрэг хамтарч байлдъя гэж хятадуудаас гуйж байсан большевикууд богино хугацаанд хүсэлтээ тулган шаардалт болгон чангаруулжээ.
Үүнийг төлөвлөхөд Москва дахь Гадаад хэргийн ардын комиссариат, Улаан цэргийн Ерөнхий командлал, АДБНУ оролцсон бөгөөд газар дээр нь сургагч нар ч байжээ. Хиагтыг чөлөөлөхөд Ардын журамт цэргийн зориг хүчээс гадна улаан цэргийн зүгээс үзүүлсэн тусламж голлож нөлөөлсөн юм.[10] Тулган шаардлага авсны дараагаас хятадууд Троицкосавск руу дүрвэж эхэлсэн байна. Хиагтад гуравдугаар сарын 18-ны өглөө цөмөрсөн Журамт цэргийг хотоос зайдуу байсан Хятадын анги үдээр ирж шахан гаргасан нь хятадуудын дуусаагүй байсан дүрвэлтийг хамгаалах зорилготой байжээ. 1921 оны үйл явдлыг судалсан түүхч Н.Хишигтийн бичсэнээр “Түүхэн баримт сэлтээс харвал Хиагтын байлдаанд цөөн боловч орос цэрэг оролцсон явдал байжээ... улаан цэрэгт хэрэглүүлэх зорилгоор монгол дээл хувцас цуглуулсан явдал, Хиагтын байлдааны талаар хэлэлцсэн хурлын тогтоол зэрэг нь үүнийг гэрчлэх ажээ”. [11] АДБНУ-ын Ардын хурлын дарга байсан Ф.С.Мансветов бичихдээ “1921 онд миний бие өөрийн нүдээр монгол хувцас өмссөн Улаан армийн салбаруудыг Монголд илгээж “Монголын пролетариудын бослого”-ын бүрэлдэхүүн болгон “тусгаар тогтносон” БНМАУ байгуулахад оролцуулж байсныг харсан билээ” гэжээ.[12] АДБНУ нь Хиагтаас дүрвэн ирсэн хятад цэргийн зэвсгийг хурааж, Чэн И тэргүүтэй түшмэд болон иргэдийг орогнуулсны дараа цааш тээвэрлэн Читагаар дамжуулж Манжуур руу гаргаж өглөө. Ардын журамт цэрэг гуравдугаар сарын эхээр хэд хоног хил орчмоор яван ардуудыг сайн дурын цэрэгт татсан гэдэг авч тоо нь энэ богино хугацаанд 400 хүрэх бололцоогүй юм. Ер нь Хиагтад байлдсан монгол цэргийн тоог 200-400 гэсэн тоо хэлэгддэг боловч арай олон нь аятайхан гэж үзсэн бололтой 400 цэрэг гэдгийг албан ёсны болгосон. Гамин цэргийн тоог яаж яваад 10 мянга хүргэсэн нь ойлгомжгүй, олон байх нь сүртэй сонсогдоно гэсээр суртал нэвтрүүлэг нь сүүлдээ албажсан байх. Жинхэнэдээ бол 1 200 - 1 800 хятад байсан гэсэн баримжаа тоо л эх сурвалжид бий. 1920-21 онд Хойд Манжуурт уушигны тахал дэлгэрч Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн гоц анхааралд өртжээ. Гэтэл гуравдугаар сарын 22-нд Өргөөгөөс хөөгдөн зугтаж ирсэн цэрэг болон энгийн иргэдийн 1278 хүн галт тэргэнд ачигдан Манжулын боомтоор Оросоос орж ирснийг Алс дорнодын бүгд найрамдах улсын албаны хүмүүс Хятадын талд хүлээлгэн өгчээ.[13] Эд бол Макстиник, Чэнь И нар тохиролцсон дагуу Монголын Хиагтад байсан гамин цэргийг Троицкосавскаар дамжуулан Манжуурын төмөр замаар гаргаж өгсөн гамин цэрэг. Тооны хувьд ч ойролцоо мөргөж байна.
Гамин бароны үймээн дажингаас болоод хил орчмын ихэнх ардууд уул хад руу дүрвэн зугтсан ба арай ухамсартай эх оронч нэг нь түрүүн орж ирсэн Унгерний цэрэгт татагдан жинхнээсээ гамингуудтай байлдаж явсан цаг. Тухайн үйлсэд оролцсон партизан, зохиолч Жүгдэрийн Дамдингийн нотлож буйгаагаар Сүхбаатарын “400” морин цэрэгт багтах учиртай орос, буриадуудад лам, хар монгол дээл хувцас, гутал малгай 300 гаруйг тэрээр гурав хоногийн дотор цуглуулж базаасан гэдэг. Нинждолбийн хийдээс 130, Эрдэнэвангийн хүрээнээс 150 лам дээл хувцас цуглуулсан гэж барим тавим тоогоор нь хэлдэг. [14] Цаашилбал 1921 оны гуравдугаар сарын 7-нд орогнолын Түр Засгийн газар, Улаан цэргийн штаб, ЗОУ ба Коминтерний төлөөлөгчдийн хамтарсан хурлаас гаргасан шийдвэрт: Монгол дахь байлдааныг үүсвэрлэхэд бэлтгэл бүхий хийгээд монгол цэргийн хувцас хунар бүхий болохыг харгалзан Иванов хэмээхийн хэсэг цэргийг Монголын хувьсгалт цэрэгт багтаан оруулах явдалд аль болох аргыг хэрэглэх[15] Мөн 1921 оны гуравдугаар сарын 15 гэсэн огноотой Улаан цэргийн штабын Ляттегээс Сүхбаатарт тавьсан хүсэлтэд: “…пулемёт буу буудалцахаар очсон 20 орос цэрэгт монгол дээлийг олгох…”[16] гэжээ. Үүнээс гадна Цахараас дүрвэж, Ил Тарвагатайгаар дамжин Хиагт орчимд ирсэн Сумъяа бэйсийн бүлэг мөнөөх “400” морьт цэрэгт нэгдсэн юм. Ардын намын мөнөөх долоо улаан оросоос 300 пулемёт гуйж очсон бол Хиагтын тулалдаанд 4 пулёмет бэлгэнд авчээ. Дээр өгүүлсэн монгол дээлтэй 20 орос пулемётын ард сууж байсан юм болов уу? Харин хоёр их буу өгсөн тухай шүлэг хүртэл бий.
Энэ бүх баримтаас дүгнэхэд: лам хар монгол дээл өмссөн большевик орос цэргүүд нь “10 мянган” гамин цэргийг “400” цэрэгтэй Монголын ардын журамт цэрэг довтлон устгахад хүчин хавсрах гэж ирсэн биш, харин хоёр талын “тулалдаан” жинхэнэ байлдаан болохоос сэргийлэх зорилготой байжээ. Гамин цэргийн ихэнх нь тулалдаан болохоос өмнө большевикуудын хамгаалалтын дор хил даван Троицкосавскад хэдийнээ очсон ба, тулалдаан болж эхлэх үед үлдсэн цөөнхийг нь мөн хамгаалалттайгаар хил гаргасан аж. Хиагтыг чөлөөлөх тулалдаанд хоёр талаас алагдсан шархтсан хүний тухай мэдээ огт байдаггүй. Цөөн хэдхэн монголчууд бараг л шийдэм бороохойгоор зэвсэглэж олон мянган цэрэгтэй хятадын байнгын армийг хиар цохисон тухай домог хожим буй болсон төдийгүй үүнийг улам “шинжлэх ухаанжуулан” үзэл сурталжуулсан юм. Ардын журамт цэрэг тухайн үедээ: Шар тугийг мандуулаадШажны сүрийг бадруулаадШавь болсон бид чиньШамбалын дайндаа мордоё гэж дуулж байсныг хожим ингэж засчээ:Улаан тугийг мандуулаадУлсын сүрийг бадруулаадУравсан хулгай Найдан вангУухай хийгээд дарцгааяБүүр хожим Найдан ван нэгэнт мартагдсан тул “дайснуудыг” гэж орлуулсан юм.
Баабар