УИХ-ын Сонгуулийн тухай хууль ид яригдаж байна. Бүлэг дээрээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үеэс ч халуун байсан сурагтай. Ингэж хожимдож ирсэн зуны өдрүүд шиг улс төр хэт халсны шалтгаан хүйсийн квотын асуудал юм. МАН-ын бүлэг даваа гарагийн хуралдаанаараа 30 хувийн квот шүү, юун 40 хувь гэж намын бодлого гэж базахаар оролдож, жагсаалтын 1:1 хувийг хариу шантаачлаж байна. Ер нь яагаад энэ асуудал ийм байдалд хүрэв, байдал ямар байгаа талаар хамтдаа зураглая. Бас маргаад байгаад 40 болон 30 хувийн квотын талаар харьцуулж үзье.
Юу болж өнгөрөв?
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үед нэр дэвшигчдийн 40 хувиас доошгүй хувь нь нэг хүйсийнх байна гэдгээр санал хураахад 13 гишүүний зургаа нь дэмжиж, долоо нь эсэргүүцсэнээр УИХ-ын чуулганд 40 хувийн квот дэмжигдэлгүй, 30 хувь гэсэн агуулгаар асуудал орж ирсэн юм. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Хуучин 20 хувь байсан, одоо 30 хувь болж байгаа” нь хангалттай хэмээж, энэ талаар эсрэг байр суурьтай байгаа намын болон бусад гишүүдийг дайрс гэж, шахамдуухан байр сууриа хамгаалж байв. Ерөнхийдөө То даргын ямар хуучинсаг хүн болохыг, жендэр гэж эмэгтэйчүүдийн асуудал гэж бодож явдаг явцуухан ойлголтыг олон нийт энэ үеэр анзаарсан бөгөөд цаад талдаа намын залуу дарга нь шинэчлэл, хөгжил дэвшил ярьчихаад хөгшин ах нараараа гул бариулж Н.Энхболд, Д. Тогтохсүрэн нарын коммунист суурьтай хуучцуулаа араас нь турхирч байна уу, арай үгүй биз дээ гэсэн яриа дэвшилтэт санаатай залуусын дунд гараад байсан юм. Ерөнхийдөө ийм итгэлтэй, ийм хүчтэй бяралхаж байгаагийн цаана намын даргын “добро” байдаг нь хэзээнийх байдаг учраас ингэж бодоход хүрсэн байх.
Бүлгийн дарга гишүүддээ анхааруулж эсрэг явбал хариуцлага тооцно хэмээж, эмэгтэй гишүүддээ 1:1-ийг чинь унагана шүү, та нар битгийн сошиалаар сэвээд бай гэж уурлаж байсан нь магад асуудлыг эсрэгээр нь эргүүлсэн байж болох юм. Байнгын хороон дээр унасан буюу дэмжихгүйг дэмжихгүй байна гэсэн санал хураалт 21:21 буюу 50 хувиар тэнцэж 51 хувь хүрээгүй учраас өнөөх унасан байсан 40 хувийн квот босч ирэх нь тэр. Д.Тогтохсүрэн дарга дэмжиж үг хэлсэн гишүүд рүү ч дайрч нэг үзэж, хариуцлага нэг тооцно гээд айлгаж ч нэг үзсэн тэр хурал бас багагүй халуухан болсон. Мэдээж, эмэгтэй гишүүд бүгд дэмжиж санал өгснөөс гадна үүнийг эмэгтэйчүүдэд нэр дэвших боломж олгоод байгаа гэж харахаасаа илүү хөгжлийн бодлого гэж харж чадаж байгаа дэвшилтэт үзэл санаатай эрчүүд олон байсан юм. Үнэт зүйлдээ үнэнч, эр зоригтой байж улстөрч болж төлөвшдөг гэдэг нь Ж.Сүхбаатар, Г.Занданшатар нарын манлайллаас харагдаж байсан. Мөн энэ асуудлыг эмэгтэйчүүдийн асуудал гэж харахгүй том зургаар нь харж чадаж байгаа Д.Цогтбаатар, О.Цогтгэрэл, Г.Доржханд, С.Ганбаатар, Д.Батлут, Д.Ганбат, Ж.Чинбүрэн нарт талархах хүмүүс олон байсан. Тэдний хэд нь үзэл бодолдоо үнэнч байж, намын даалгавар гэх үеэ өнгөрөөсөн буулганаас ангид байж чадах нь одоо бүр ч анхаарал татаж байгаа.
АН, ХҮН-ын хувьд 40 хувийн квотыг дэмжиж байгаагаа илэрхийлж, үйл хэргээрээ ч нотолж байгаа. Харин социал демократ үзэл баримтлалтай энэ намын хувьд манлайлал үзүүлж байгаа аман дээрээ хэлж байгаа ачир дээрээ арай өөр байна уу гэсэн агуулга харагдаж байгаа юм.
То дарга бяртай байна гэдэг цаана нь намын даалгавар байгаа гэсэн үг. Д.Тогтохсүрэн дарга ууртай байна гэвэл Д.Амарбаясгалан дарга бас тийм байна аа л гэсэн үг.
Амлалт өгсөн Д.Амарбаясгалан амандаа хүрэх үү?
Үнэхээр ч даваа гарагт болсон намын бүлэг дээрээ ЗГХЭГ-ын дарга, МАН-ын дарга Д.Амарбаясгалан дарга ихээхэн ууртай байжээ. Санал өгсөн эрчүүд рүүгээ уурлаж, эмэгтэйчүүд рүүгээ “Та нартай наргүй МАН-ын жендэрийн бодлогоо бариад явна” гээд их уурласан сурагтай. Сонгууль дөхсөн болоод ч тэр үү зарим нь ихээхэн хурнийсан л байх. Гэхдээ энд нэг зүйлийг ойлгомоор байгаа юм. Ерөөсөө эмэгтэйчүүдэд боломж өгөх тухай яриад байгаа юм байхгүймлдаа.
Д.Амарбаясгалан дарга МАН хүйсийн тэгш байдлыг тухайтад манлайлал үзүүлж байгаа талаар бахархалтай мэдэгдэж, олон улсын өмнө нэг хүйсний төлөөллийг 40 хувиас буулгахгүй байх амлалтад бусад намын дарга нартай хамт гарын үсэг зурж, хэвлэлд өгсөн яриандаа хүйсийн оролцоо 50:50-тай тэнцүү байх ёстой гэж хөөрхөн гэгч нь инээж байгаад хэлсэн билээ. Гэхдээ хэлсэн үг, хийж байгаа нь зөрөөд байхаар бас хэцүү юм.
Яахав, энэ цагийн эрчүүдийг ойлгож болно. Ер нь квотыг нэмэгдүүлнэ гэдэг тэнгэрээс ч юм уу аваад өгчихгүй учраас аль нэг хүйст боломж олгоно гэдэг нөгөө талаасаа авах учраас сэтгэлзүйн хувьд хүнд байгааг ойлгож болно.
Үнэхээр манлайлал үзүүлэх гэж байгаа бол МАН үзүүлсэн шиг үзүүлэх хэрэгтэй. Өнөөдрийн яриад байгаа 30 хувиар бол үсрээд л 25-28 эмэгтэй сонгогдоно. 126 гишүүнээс чинь 100 нь эрэгтэйгээрээ үлдэнэ гээд бод доо. Ингэснээр МАН-ын үзүүлэх гээд байгаа манлайлал, жагсаалтад 1:1-ээр оруулж ирж байгаа эр зориг чинь үнэгүйдэж үлдэнэ. Харин төлөөлөл нэмэгдэж чадвал олон улсад маш олон үзүүлэлтээр бид урагшилж чадна. Одоо бид дэлхийд 134-т, Азидаа 27 орноос 21-т байна шүү дээ.
Хэрэв танай намын дэмжихгүй байгаа 40 хувийг та нар дэмжсэнээр жагсаалтыг 50:50 хувиар дэмжсэн дэвшилт үзэл чинь улам тодорч, парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 25 хувь руу дөхнө. Ийм үзүүлэлт рүү авчирч байж, шинэ 30 жилийн өөрчлөлт чинь хүлээн зөвшөөрөгдөх болохоос энэ байдлаараа хүч түрээд дуусах юм бол хувийн эрх ашгийг өмнөө тавьсан эрчүүд гэдгээр л түүхэнд үлдэх болно, Д.Амарбаясгалан даргаа, Л.Оюун-Эрдэнэ сайдаа.
Хавчигдсан эмэгтэй гишүүд
УИХ-ын чуулганы танхимд байнгын хорооноос унаж орж ирсэн 30 хувийг анхдугаар хэлэлцүүлгээс 40 хувь руу босгож ирэхэд гол дэм болсон хүмүүс бол эмэгтэй гишүүд мөн. Бас эрэгтэй гишүүдийн манлайлал дэмжлэг чухал байсан. Гэхдээ бүлэг бодлого гээд зарлачихаар энэ хүмүүс яах бол. Үзэл бодлынхоо эсрэг байх уу, эсвэл эргэж буцах уу. Улстөрч хүмүүст байх тууштай чанар хэнд нь байна, үзэл бодолдоо үнэнч хүн хэн вэ гэдгийг олон түмэн дүгнэх нэг шалгалт болно. Ялангуяа эмэгтэй гишүүд үүн дээр манлайлагч болж чадахгүй бол үеийн үед түүхэнд тэдний нэр өөр хэсэгт бичигдэх болно. Өнөөдөр УИХ-ын эмэгтэй гишүүдийг өөрсдөдөө боломж олгох гэж байна гэж харах дэндүү өрөөсгөл. Улс төрд энэ цагт байгаа хүмүүс яваад л өгнө. Энэ хэдэн хүүхнүүд ч, үе дамжин парламентанд суусан эрчүүд ч гэсэн. Харин дараагийн бүхэл бүтэн үеүдийн асуудлыг өнөөдөр хэлэлцэж байгаа болохоор өвчтэй байсан ч, мөлхөөд ч болсон хуралдаа ирж оролцох ч ёстой гэсэн хатуу шаардлага тэдний өмнө тулгарч байна. Квот нэмэхэд зөрүү тоо тэнгэрээс буугаад ирэхгүй эрчүүдээс л авах учраас тэд ч гэдийнэ, энд ч зүтгэнэ. Энэ бол тэмцэл. Гэхдээ хөгжлийг хамтдаа босгохын төлөөх тэмцэл. Зарим нэг нь өөрсдийгөө жагсаалтад бат гэж бодоод, зарим нь дарга нарт тал алдахгүй гээд хойш суух хандлага байгаа л дуулдана. Арай үгүй байлгүй дээ.
Хувиа хичээсэн эрчүүд
Эрэгтэй гишүүдийг ойлгож байна аа. Өөрсдийн нь боломж алдчих гээд сандраад. Гэхдээ төлөөлөл нэмнэ гэж байгаад гишүүдийн тоог 126 болгосон биз дээ. Танд нэр дэвших боломж чинь байгаа ш дээ. Хүйсийн төлөөллөө хангаагүй байж цаашид бид төлөөлөл ярьж чадах уу. Өнөөдрийн өчүүхэн эрх ашиг яах вэ, гэхдээ та нарыг сонгох шинэ үеийн сонголтын мэдрэмж мааш өөр болсон шүү.
Энэ асуудлыг өөрсдийнхөө төлөө гэж харахаас өмнө ирээдүйн охид, хөвгүүдийнхээ төлөө хийж байгаа гэж хараасай, энэ гишүүд. Эхнээсээ намын бодлогын эсрэг явахгүй гээд хулчийсан байгаа дуулдана. Гэхдээ ийм эргэж хургасан хүмүүст сонгогчид итгэх болов уу.
Олон улсын байгууллагуудын шахалтаар хүйсийг тэнцүүлэх гэж байна гэж ихээхэн уурсана. Тэрийгээ гаднынхны гар хөл гэж тайлбарлана. Дэлхий угаасаа шахаж байгаа. Ард яваа муу сурлагатнуудаа шахаж байгаа. Амлалт өгч, үүрэг авчихаад одоо биелүүлэхгүй байж болохгүй. Монголд хөгжил наашилж, хүний эрхийн асуудал шийдэгдэж, авлига буурч байх нь бидэнд хэрэгтэй болохоос тэр гадныханд пад юу байхав дээ. Дэлхийн дарга асан Бан Ги Мун нь хүрээд ирлээ. Бусад улс орны төлөөлөгчид ч ид хуралдаж байна. Ичихгүй дэлхий харж байхад Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ дээр намын бодлого гээд зогсоож халаах вий дээ.
30 хувь ба 40 хувь
Жагсаалтын 50 хувиа өгөөд байхад гэдэг дээр их ач холбогдол өгч байх шиг байна. Дургүй хүргээд байвал 1:1-ээр сөөлжүүлэх биш 3:1 болгоно шүү гэж айлгах. Гэхдээ 30 хувьд нь эмэгтэйчүүд нэр дэвшлээ гэхэд 126 гишүүнээс 38-д нь л эмэгтэйчүүд нэр дэвшинэ. 24 нь жагсаалтаар гэхээр 14 нь тойрогт нэр дэвшинэ. 48 хүнтэй жагсаалтын 24-т нь эмэгтэй байлаа гээд бүгд гарна гэсэн үг биш. Ямар МАН, АН гэсэн хоёр нам л байдаг биш. Жижиг намууд орж ирнэ, хувиар тооцоод таслахаар хэн дээр таслагдах юм бас амаргүй. Үсрээд 20-21 эмэгтэй гарна. Тойргоос 5-8 хүн гэхээр нэмэгдээд нэмэгдээд 25-28 эмэгтэй гарч магад. Энэ нь УИХ-ын гишүүдийн 20-22 хувь юм. Одоо 17.1 хувь байгаа шүү дээ. Энэ бол МАН хүйсийн тэгш байдалд манлайлсан гэсэн үг биш ээ.
40 хувийн квот дээр санал нэгдлээ гэхэд нэр дэвших эмэгтэйчүүдийн тоо 12-оор нэмэгдэнэ. 126 гишүүнээс 50 нь гэсэн үг. Жагсаалтаар 20-21 гэхэд тойрог дээр 8-10 нэмэгдээд нэмэгдээд гэхэд 28-31 гишүүн. Хувиар бодоод үзвэл 23-25 хувь нь нэг хүйсийнх болж ирнэ гэсэн үг. Түүнээс эмэгтэйчүүдэд хэмжээ хязгааргүй нэр дэвших тоо өгөөд байгаа зүйл ер байхгүй. Монгол Улс 40 хувийн квотыг дэмжиж чадвал дэлхийд 100 байр урагшилж, жендэрийн тэгш байдлын бодлогоороо дэлхийд тэргүүлэгч 30 орны нэг болох боломжтой.
Биднийг хойш татдаг олон үзүүлэлтээр сайжирна, хамгийн гол нь тэгш оролцоог хангаж, хөгжилд хамтдаа урагшлах боломжтой болж ирэх юм.
Өөрчилбөл өөрчилсөн шиг өөрчилж, дэвшлийг хүчтэйхэн урагшлуулах боломж одоо л байна. Гадны улс орнууд үүн дээрээ анхаараад бидний урд гараад байна шүү дээ. Азийн улс орнууд, лалын улс орнуудаас бид тэртээ хойно байна. Хойд солонгосчууд бидний урд байна. Өнөөдөр энэ асуудлыг хөндөж байгаа эмэгтэйчүүдийн ч зөв, эрх мэдлээ алдчих гээд байгаа мэт авирлах эрэгтэйчүүдийн ч зөв. Ойлгож байна аа. Гэхдээ том зургаараа асуудлаа хараасай даа, ард түмэн, олон нийт, хэвлэлийнхэн бүгд харж байгаа шүү.