Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 20.8 их наяд төгрөг болов

​​

Энэ оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 20.8 их наяд төгрөг боловУлсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2023.06.09) хуралдаан 09 цаг 35 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн хурцадмал байдлаас улбаатай инфляцын дарамт, урд хөршид тогтоосон хөл хорио, улс орнуудын төв банкнуудын хэрэгжүүлсэн мөнгөний эрс хатуу бодлого зэрэг нь манай улсын эдийн засагт томоохон сорилт болсон. Гэсэн хэдий ч Засгийн газраас экспортыг эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсны үр дүнд 2022 оны Нэгдүгээр улиралд 3,9 хувиар агшаад байсан эдийн засаг 2023 оны Нэгдүгээр улиралд 7,9 хувиар өсөж, 2,4 тэрбум ам долларт хүрч унаад байсан гадаад валютын албан нөөц энэ оны эхний 5 сарын байдлаар 3,8 тэрбум ам долларт хүрч сайжраад байна. Хэдийгээр эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн боловч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр сүүлийн 20 сар дараалан Монгол Улсын инфляц хоёр оронтой тоонд хүрч  иргэдийн бодит орлогод нөлөөлж буй тул ард иргэдийн орлого амьжиргааг дэмжих зайлшгүй шаардлагыг бий болгож байна.

Дээр дурдсан эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Засгийн газраас хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагчдын орлогын баталгааг сайжруулах, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх, хотын түгжрэлийг бууруулах зэрэг чиглэлээр төсвийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2024- 2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн зарим үзүүлэлтийг өөрчлөх шаардлага үүсэж байна.

2023 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1 их наяд 732,3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 20,8 их наяд төгрөг болов.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2024-2025 оны төсвийн төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд 2023 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1 их наяд 732,3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 20,8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 1 их наяд 896,1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 22,4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг 1,6 их наяд төгрөг буюу өмнө нь батлагдсан ДНБ-ий 2,6%-аас хэтрүүлэхгүй байхаар тооцож Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудад бүрэн нийцүүлэн төлөвлөсөн талаар танилцууллаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн томьёололоор санал хураалт явуулахад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 63,6 хувь нь дэмжлээ. Хуулийн төслийг хэлэлцсэн талаар Байнгын хорооноос гаргах санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан