ҮХНӨ-өөс болж "үхэх" нь хэн бэ?

      Үндсэн хуулинд өөрчлөлт орж байна. ХХ зуунд бид, 1921 оны Тангарагийн гэрээнээс эхлээд (Үндсэн хуульт хаант засаглал анх тогтоосон), 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиа шинэчлэн зохиож байжээ. Монголчууд маш их шинэчлэмтгэй ард түмэн. Даанч олон түмэнд тархаж чадаагүй л болохоостал нутаг Кидан, Брахми, Уйгаржин, Дөрвөлжин, Тод, Соёмбо, Латин, Кирилл гээд тал нутагт хичнээн ч бичиг үсгийн шинэчлэл хийсэн юм бэ дээ, бүү мэд! За энэ ч яахав.

      Саяхан сонгуулийн тогтоцоо төгөлдөржүүлэх зорилгоор Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулсан нь олны анхаарлын төвд байна. Энэ шинэчлэл олон намд ашигтай, манай улс төрийн тогтолцоо сайжрахад хэрэгтэй.

     Харин хэнд халтай вэ гэхээр, тойргоо вант улс, сонгогчдоо хамжлага болгочихсон феодал маягийн улс төрчдөд халтай. Сонгуулийн холимог тогтоц, гишүүний тоо нэмэгдсэн явдал тэдэнд тун ч эмзэг тусч байгаа. 

   (Зөвхөн өөрийн хүүхдэд барууны боловсрол улсын төсвөөр эзэмшүүлээд, та нарын хүүхдэд “орос хэл хаваасаг” гэж ярьдаг улс төрчдөд бол аюул. Золигнууд чинь хүүхдээ улсын мөнгөөр барууны нэр нөлөө бүхий сургуульд сургачихаад, “Барууны нэр нөлөөтэй сургууль төгсгөсөн хүүхдийг төрийн өндөр албанд шууд авах” утгатай хууль хүртэл гаргах гээд явж байсан гээд бод доо! Үр удмаараа үүрд даргалахнээ, янз нь. Мануусын ур удам гэхээр оросоос цааш газар байдгийг мэдэхгүй, хэдэн харанхуй сонгогч, айн!!!)

    Сонгуулийг холимог хувилбараар явуулснаар, парламентад тойргоос хамааралгүйгээр зөвхөн нийтийг хамарсан шийдлийн төлөө гараа өргөх хүн олон болно. Тараах мөнгөгүй шударга хүн хажуугаар нь сонгогдоод гарчих магадлалтай тул хайран сайхан "усалгаа"-г нь яйран болгох аюултай.

      Бас тойрогтоо хэдэн пядаан тараачих гэсэн “гишүүний сэтгэл”-ийг ойлгож дэмжих хүн цөөрнө. Улс орны асуудлыг шийдвэрлэхдээ эх оронд ямар ашигтайг бодохоосоо өмнө “Тойрогтоо нэр нөлөөгөө өсөхөд ямар ашигтай юм бэ”, “Ингэвэл, манай аймаг сумын малчин, эсвэл тариачин гомдох эсэх”-ийг харж шийддэг, улайм цайм Монгол улсад хортой ч хязгаарлагдагдмал тооны бүлэглэлд ашигтай хууль тогтоомж гаргаж ирсэн уламжлал эндээс устаж эхэлнэ. Мэдээж маргаашаас биш, бас 2024 оноос ч биш. Гэхдээ л нэгэнт эхэлсэн процесс тасралтгүй явна. 

   Ийм учраас, феодал маягийн гишүүдийн хувьд “хэдэн сайхан шарыг нь ганц хулгана идсэн” дайтай хорлонт шинэчлэл юм, энэ ҮХНӨ чинь. Уг нь бол жагсаалтаар сонгогдож, Монгол улсын нийтлэг сонирхлын төлөө гараа өргөх нь олон, тойргийн явцуу сонирхлоос хамаарах хэсэг нь цөөнх байх байсан юм. Гэхдээ, чамлахаар чанга атгая даа, юүхэв?

    Дөрвөн жил шахуу "усласан" тойргоо амиараа хамгаалах гишүүн олон тул арга буюу холимог тогтолцоог сонгосон бололтой. Иймээс олонхи нь нэрээ дэвшүүлж, цагаан сар наадмаар бэлэг тараачихаад "Аяганы хариу өдөртөө, авилгын хариу тээндэртээ" гээд мордох боломжийг бас үлдээсэн шиг байна. Нөгөөдүүл нь энэ хувилбарыг хараад "Аан, кино нь маанаг юм уу" гээд батламар аядсан шиг байна. 

   (Энэхүү “Кино нь маанаг” гэдэг афоризм ХХ зууныМонгол циркийн алиалагчдын алдартай номероос үүдсэн юм. Алиалагч Цээеэ тоглодог юм. Цээеэгийн жинхэнэ нэр Цэдэнбал юм билээ. Гэтэл, мань хүн нам засгийн удирдагч Ю.Цэдэнбалтай амидаа болчихсон учраас Цээеэ болгосон гэдэг юм. Хөтлөгч нь “Алиалагч Цэдэнбал” гэж зарлахаар нам төрийн удирдагчаа доош хийгээд байгаа юм шиг болох гээд хэцүү байж.

Цээеэ яадаг вэ гэхээр “Маанаг эр” киноны гол дүрд тоглохгүй гэж зүтгээд, “би маанаг биш” гээд байдаг. Зальжин найруулагч “Чи маанаг биш ээ, кино нь маанаг юм” гэж тайлбарлана. Мань Цээеэ “Аан, кино нь маанаг юм уу” гэж тайвшраад маанаг эрийнхээ дүрд тоглодог юм. Жаахан хадуурангаа хуучлахад нэг иймэрхүү)

   Иймээс, тойргоо өөрийн ванлиг, хошуу хамжлага маягтай болгочихсон, баянаас нь ядууг хүртэл нам ялгаагүй худалдаад авчихсан феодал улс төрчид саяны шинэтгэлд маш гомдолтой байгаа. Санал хураалтаар эсрэг дарвал “нүүрсчдийн тал”, “сан хусагч нар”-ын тал... болж харагдахаас айгаад дэмжсэн нь нэг бус. Тэд асуудлыг мартагнуулж байгаад өөр фронтоор довтолж, аргагүйдсэн шинэчлэлээ нураах, үгүйдээ гутаах, арга барагдлаа гэхэд сонгуулийн систем өөрчилж, амны хишгийг нь гөвсөн нөхдөө “унагах”-ыг оролдохгүй өнгөрнө гэж үү? 

Сонгуулийг холимогоор явуулахад,

-Жагсаалтад авилгачдаа оруулаад ирнэ... гэдэг сөрөг сурталчилгаа ард түмний нэрээр их явж байна.

 (Ард түмний гэснээс одооний энэ “ард түмэн”-д бол итгэхэд хэцүү болсон шүү. Яг “ард түмний ард түмэн” бол байхгүй болоод оронд нь “Монгол улсыг эрчим хүчний хувьд зөвхөн нэг улсаас хамааралтай байлгахын төлөөхь Ард түмэн”, “Хөрөнгө оруулагчдыг ард түмний нэрээр дарамтлан мөнгө олдог бүлэг Ард түмэн”,гэх мэт ашиг сонирхлын бүлэг ард түмнүүд л олон байна. Тэр байтугаа гадаадын, өөр улсын “ард түмэн нүгүүд” мааш их байна. Манай өвгөд “Чөтгөр өөрийгөө хэзээ ч чөтгөр нь байна аа гэж хэлдэггүй. Би Бурхан нь байнаа л гэдэг ” хэмээн сануулан сургасан нь айхавтар үг юм шүү)

    Үнэхээр л тодорхой бүлэглэлийн “ард түмэн” гуайн хэлсэн шиг “Нэрийн жагсаалт”-даа нөгөө “Үхдэггүй Кащей” “Нордоггүй ноён”-гуудаа чихээд ирвэл өрсөлдөгч намууддаа ёстой сайхан боломж өгнө биз дээ?

-За харцгаа, бөөн авилгачид жагсаасан байна гээд буллидаж өгнө шүү дээ. Тойргоо хичнээн тордсон, бүр намаг болтол нь усалсан байлаа ч гэсэн намын нэр хүнд чухал байдгийг удаа дараагийн сонгууль харуулсан. Иймд, муу жагсаалт нь сайн нэр дэвшигчээ ч татаж унагаах эрсдэлтэй.

    Өөр бас нэг юм байна. Хуучин 76 гишүүнээс 10 нь "аавын хаалга" татахад үлдсэн нь хууль батлах чадамжгүй болно. Иймд төргүй болчихгүйн тулд хулгайчаа хамгаалахаас өөр замгүй байсан хэрэг. Үүнийг мэдэх учраас "өнөө гайхал"-ууд зориг зүрхтэй ч явсан. Харин одоогийн шинэчлэлээр бол 20 хулгайчийг далд хийчихэд төрийн машин хэвийн ажиллах бололтой. 

    Яах гэж үүнийг ярив гэхээр, шинэ системээр сонгууль явуулахад олон нам парламентад нэмэгдэнэ. Гудамжнаас ч нөхдүүд цуглана. Гудамж байгаа цагт төлөөлөл нь төрд байхад муу нь юү вэ? Бас энүүхэндээ хэлэхэд, хулгай луйвар нь илрээд баларч буй нөхдийн жишээнээс “авилга, луйвар муухай юм байна” гэдэг сургамж авахаасаа илүү “тэгсэн бол баригдахгүй байж, ингэсэн бол нуугаад өнгөрөх байж” гэсэн туршлага хуримтлуулж байгаа нь ч бий. Бас тэнд орж гэмээнэ шууд л идэж уухаар “ам цангав” гээд дайрчих нөхөд нэг бус, нөгөө хэн энэ тэрээс эхлээд. Дараагийн парламентаас ер нь нэг бус этгээд юу яах байх. Ер нь тэгж байж л төр цэвэршинэ.

     Дашрамд дурьдахад, АН голлон эсэргүүцэгч-сөрөг хүчний дүрд тоглосон ч гэсэн шинэтгэлийг дэмжсэн. Явж явж, эрх баригч МАН-д гэхээсээ илүү АН-д, бусад сөрөг хүчинд хэрэгтэй шинэтгэл гэдгийг бүгд л мэдэж байгаа.

    Гагцхүү "Сөрөг хүчин шээхдээ хүртэл салхины эсрэг сарих ёстой" гэх маягийн догм нь саад болоод, холимог хувилбарын харьцаан дээр ядаж өөрийн хувилбарыг сөргүүлээд, МАН-ын вариантыг нураасан байдалтай байхаар зохицсон шиг байна. Том шинэчлэлээ явуулахын тулд "МАН-ынхан Сонгуулийн хуулийг аймаар буруу юм хийх гэж байхад нь бид засаад ийм зөв болголоо" гэж ярих боломжийг сөрөг хүчиндээ өгчээ, зөв.

   Гэхдээ, "Муу нөхрөөс сайн дайсан дээр" хэмээх сургааль үнэн болохыг харуулах мэтээр ямар ч байсан хамтын шийдэлд хүрлээ. МАН-ын дотоод "10 хувь"-иас л лав гадны АН хамаагүй ханилгаатай байж чадлаа. Ер нь маргаашаа боддог, (өөрт нь ирээдүй буйг мэдэрдэг гэдэг утгаар) улс төрчид л зөв алхам хийх зориг зүрхтэй байдаг.

    Үнэндээ бол "Сөрөг хүчин гэдэг бол эх орон нурсан ч хамаагүй төр засгаа сөрсөөр байгаад дуусах ёстой" гэдэг номлолыг 1996-2000 онуудын МАХН(одоогийн МАН) бүтээн туурвиж, амьдралд хэрэгжүүлсэн юм шүү. Өөрийн хийсэн гэм гэхэд өөрийнх нь толгой дээр харин ч зөөлөн буулаа аа, хөөрхий. 

    Гудамжинд цуурайтаж буй "79 хулгайчаа яая гэж байхад тоог нь нэмлээ..." гэхлэнгийн цэцэн мэргэний туйл болсон лоозонгууд бол зүгээр л "Миний худалдаж авсан тойргийг шатаачихлаа" гэж орчуулагдана. Ар талд нь ардтүмэн ч байхгүй, татвар төлөгчдийн мөнгийг хайрласан "эх орончин" ч байхгүй, харин санал худалдаж аваад сурчихсан ойгүй баян хэдэн олигархи л байгаа.

  Манай улсад төрийн хулгай зогсоход л амьдрал сэвхийгээд босчихно. Авилгатай жоохон тэмцээд, багахан үр дүнд хүрэхэд л төгрөг яаж чангарч, доллар бага боловч суларч байна шүү дээ.

    Одоо мөнөөх тойргийн ван, сонгогчдийн хошуу ноён мэт явсан, бас шоронд суулгах гэхээр төртэй хамт нурчих гээд яаж ч болдоггүй байсан олигархиуд зүгээр суухгүй. Шинэчлэлээ эргүүлээд нураахаар тэмцэж л таарна. ҮХНӨ-өөр үхчих гээд байгаа тал зүгээр “үхэх”-гүй. “Үхдэг” юмаа гэхэд, ядаж дэр авч унахыг хичээнэ.

Тэгж тэмцэхдээ ямар лоозон барих бол? Миний худалдаж авдаг сонгуулийг нураачлаа л гэж лав хэлэхгүй. 

Их л гоё эх оронч лоозон олж таарна.

...Нүүрсний хэрэг, дэлхийн дулаарал,агаарын бохирдол, төсвийн хүндрэл, хүүхдийн эрх... Засгийн газраа огцруулах... юу юу гэх нь сонин байна?

                                                                                                                                                          2023 оны Зургадугаар сарын 2