УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.05.16/ хуралдаж, УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажилласан байдал, нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцсэн байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “ Холимог тогтолцоог иргэд ойлгож, дэмжиж байна. Иймд холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах боломжтой гэж үзлээ.
Иргэдээс гишүүдийн тоог 152-оос бууруулах санал давамгайлсан. Харьцааны тухайд мажоритар тогтолцоо давамгай байх ёстой гэж үзэж байна. Харьцааны тоог Үндсэн хуульдаа тусгах шаардлагатай юм байна.
Бүлгийн хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлт нь эрх барьж буй МАН-ын асуудал бус парламентад суудалтай намууд зөвшилцөлд хүрэх ёстой гэж үзлээ. Иймд АН, ХҮН-тай уулзаж, гишүүдийн тоо, тогтолцоо, харьцааны асуудлыг зөвшилцөөд бүлгийн хурлаараа дахин хэлэлцэж, эцэслэх нь зүйтэй гэж үзлээ” гэв.
Мөн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор иргэд бухимдалтай байна. Тиймээс Засгийн газраас ойрын үед төсвийн тодотголын асуудлыг судалж,тодорхой санал боловсруулж танилцуулах нь зүйтэй гэдэг чиглэл МАН-ын бүлгээс өгсөн байна.