Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БАЯНХОНГОРЫН СУРАГЧИД ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛТЭЙ ХӨЛ НИЙЛҮҮЛЭВ

Жилээс жилд хот, хөдөөгийн ялгаа арилж буй гэж хэлж болно. Учир нь, аймаг, сумын төвд мэдээлэл харилцааны технологи нэвтэрч гар утас, компьютер, интернэт ашиглаж, мэдээллийг саадгүй шуурхай авдаг дэвшилтэй болсон. Иймд хөдөөгийн сургуулийн сурагч сурлагаар хоцорсон, онол, дадлагын мэдлэг муутай гэсэн ойлголт үгүй болж буй юм. Гэвч хөдөөгийн ихэнх сургууль компьютерийн хүрэлцээгүй,  хуучирсан техник тоног төхөөрөмж­тэй хэвээр байна. Баянхонгор аймагт энэ хоцрогдлыг арилгасан үйл явдал саяхан болсон юм. Энэ нь УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулгын санаачилсан Баянхонгорыг жишиг аймаг болгон хөг­жүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Цахим Баянхонгор” төсөл билээ.  УИХ-ын гишүүдэд тухайн жилд тойрогтоо зарцуулахаар тус бүр нэг тэрбум төгрөг батлагдсан байдаг. Ингээд “Цахим Баянхонгор” төслийг энэ онд зарцуулах нэг тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж буй юм. Уг төслөөр аймгийн төв, сумдын нийт 26 сургуулийн мэдээлэл зүйн хичээлийн танхимыг иж бүрэн 286 ширхэг компьютертэй болгож, интернэттэй холбож өгсөн юм. Ингээд зарим сургуулийн захирал, сурагчтай сурах орчин нөхцөл, сургалтын өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

С.ОЮУНБИЛЭГ: “ЦАХИМ БАЯНХОНГОР” ТӨСЛӨӨР  НЭГ КОМПЬЮТЕРТ НОГДОХ ХҮҮХДИЙН ТОО БУУРЛАА

Японы хөрөнгө оруулалттай "Согоо сейко” бүрэн дун сургуулийн захирал, сэтгэл зүйч, судлаач доктор



-Танай сургууль ямар чиглэлээр сургалт явуулдаг юм бэ?
-Манай сургууль математик, IQ чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалт явуулдаг. Мөн урлагийн төрөлжүүлсэн сургалттай. Бас япон хэлний хичээл заадаг. Зургаан жилийн өмнө 150 сурагч, зургаан багштайгаар үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Одоо 500 орчим сурагч 40 багш ажилтантай болсон.  
-Орон нутгийн сургуулийн нэг бэрхшээл нь сургалтын тоног төхөөрөмж дутагддаг. Танай сургуулийн хувьд ямар байна вэ?
-Багшлах боловсон хүчин хангалттай. Сургалтын хэрэглэгдэхүүнээ бид боломжийн хэрээр бэлтгэж ирсэн ч тэр болгон хангалттай болгож чадахгүй л байна. Энэ зуунд мэдээлэл харилцааны технологи ашиглах нь их чухал. Гэтэл орон нутагт хүүхэд, багш, сургуулийн хөгжилд тулгамдсан асуудал нь компьютерийн хүрэлцээ хангамж юм.  Манай сургууль өнгөрсөн онд мэдээлэл зүйн хичээлийн танхим байгуулсан. Гэвч хүүхэд бүрт компьютер хүрэлцэхгүй байгаа. Саяхан, “Цахим Баянхонгор” төслийн хүрээнд манай сургуульд иж бүрэн таван компьютер бэлэглэлээ. Үүний үр дүнд нэг компьютерт ногдох хүүхдийн тоо буурч, багш нар, хүүхдүүд маань мэдээлэл харилцааны технологит суралцах бололцоотой боллоо. Бидэнд ийм боломж олгосон  “Цахим Баянхонгор” төслийн хамт олонд, сурагч, багш нарынхаа өмнөөс талархаж буйгаа илэрхийлье. Манай сургууль сурагчдад онолын мэдлэг олгохоос гадна амьдрал ахуйд нь хэрэг болох талаас нь илүү анхаардаг. Өөрөөр хэлбэл, хүн онолын өндөр мэдлэгээ амьдрал ахуйдаа хэрэглэх чадварт сургахыг  гол зорилгоо болгодог юм.
-Хувийн сургуулиудын төлбөр энэ жил нэмэгдчихлээ. Танай сургуулийн төлбөр хэд вэ. Нэмэгдсэн үү?
-Боловсрол шинжлэх ухааны яамны журам бий. Үүнд, дунд сургуулиуд гүнзгийрүүлсэн болон төрөлжсөн хичээлийн сургалт явуулсан нөхцөлд  хувьсах зардлын 25-50 хүртэлх хувийн төлбөр авахаар заасан юм. Энэ журмын дагуу нэг хүүхдээс сард 6000 төгрөгийн  төлбөр авч байгаа. Төлбөрөө сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэхэд зарцуулдаг.

Д.БАТ-ОРШИХ:  БАГШ НАР СЭТГЭЛ ГАРГАЖ АЖИЛЛАХАД ГАЧИГДАХ ЗҮЙЛГҮЙ БОЛЛОО

Химич эрдэмтэн н.Доржпаламын нэрэмжит “Номун далай” цогцолбор сургуулийн захирал


-Та сургуулийнхаа талаар товч танилцуулаач?
-Манай сургууль 2500 хүүхэдтэй. Үүний 800 нь бага сургуулийн сурагч. Дотуур байранд 250 сурагч бий. Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр бага сургууль, дотуур байрандаа засвар хийсэн. Сургалтын орчны хувьд бололцоотой. Өнгөрсөн хичээлийн жилд үндэсний лаборатор сургууль болсон. Шинэчилсэн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажилдаа манай багш, сурагчид шамдан орж ажиллаж байна.
-Сургалтын шинэ иж бүрэн тоног төхөөрөмж хүлээж авлаа. Ер нь, танай сургуулийн сургалтын орчин ямар хэмжээнд байгаа вэ?
-БШУЯ сургууль бүрийг цогцолбороор нь хөгжүүлэх бодлого баримталж байгаа.  Иймд бусад сургуулийг бодвол сургалтын тоног төхөөрөмж арай илүү нийлүүлдэг байсан. Гэвч хэрэгцээг нь бүрэн хангаж чадахгүй л байгаа юм. Ер нь, сургуулийн хөгжил багшаас эхэлдэг. Манай сургууль багш нарынхаа мэдлэг чадварыг  дээшлүүлэх талаар дорвитой ажил хийдэг. Тухайлбал, Багшийн их сургуультай мэргэжил дээшлүүлэх хамтын ажлын гэрээ байгуулсан. Одоо “Цахим Баянхонгор” хөтөлбөрт хамрагдаж, 25 компьютер авлаа. Зарим компьютерийг нь Багшийн хөгжлийн төвдөө тавьсан. Эрин зуундаа хөл нийлүүлж хөгжлөөс хоцрохгүй байх боломж олгож, оюуны том хөрөнгө оруулалт хийсэн  “Цахим Баянхонгор” хөтөлбөрийн хамт олонд талархал илэрхийлье. Энэ тоног төхөөрөмжөө зөв зүйтэй, үр дүнтэй ашиглах нь бидний үүрэг. Сургалтын систем онлайн хэлбэрт шилжсэнээр мэдээллийг маш хурдан авч байгаа. Нийслэлийн багш нар болон дэлхийн олон нийтийн боловсролын байдалд ямар өөрчлөлт гарч буй тухай мэдээллийг  шуурхай авдаг боллоо. Энэ нь сурагчдын мэдлэг, сэтгэлгээнд өөрчлөлт гарахад их ач холбогдолтой юм.  
-Хөдөөгийн сургуулиуд зовлон бэрхшээл их тоочдог. Өнөөдөр сургуулиудын байдал ямар байна вэ?
-Нэг хэсэг орон нутгийн сургуулийн удирдлагууд маш их зовлон бэрхшээл ярьдаг байсан. Харин сүүлийн үед төр засгийн бодлого, бусад төсөл хөтөлбөр сургуулиудад үр өгөөжөө өгч байна. Ер нь, дандаа үглэн дуулж болохгүй, бүтэхгүй, байхгүй байна гэхээ больсон шүү дээ. Муухан багштай, ажлаа хийж чадахгүй бол сургууль оршин тогтнохгүй. Байшин барилга нурсан, дулаангүйн улмаас гал түлсэн, боловсон хүчин дутагдсан байдлаас манай боловсролын систем их хурдан гарч байгаа.  
-Багш нар онлайнаар холбогдож, туршлага солилцох хичээл, сургалт хийдэг үү?
-Манай аймгийн боловсролын систем бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, хангай, говь, төвийн гэсэн гурван бүсэд хуваадаг юм. Тэгээд тухайн бүсийн багш нар туршлага, мэдээлэл солилцож ажилладаг л даа. Манай сургууль багш нарын мэргэжлээ дээшлүүлэх нэг төв нь. Тэдний дунд онлайн хэлэлцүүлэг хийх, хичээл заах үйл ажиллагаа явуулж байна.   
-Орон нутгийн сургуулиуд багшлах боловсон хүчний хувьд дутагдалтай, мэргэжлийн багш  байдаггүй гэдэг. Танай сургууль ямар байна вэ?
-Баянхонгор аймгийн хэмжээнд багшийн мэргэжил эзэмшсэн ажилгүй багш олон. Миний бодлоор 100 гаруй хүн бий байх.  Манай сургууль багшлах боловсон хүчнээр бүрэн хангагдсан.
-Багш нар сүүлийн үеийн сургалтын тоног төхөөрөмж ашиглах чадвар хэр байдаг бол?
-Сүүлийн үеийн багш нарын нэг сайн чанар нь мэдээлэл харилцааны технологи ашиглаж сурсан. Мөн хүүхэдтэй харилцах байдал багш хүнд байх үндсэн хэв шинжүүд сайжирсан. Багш бэлтгэдэг их, дээд сургуулиуд боловсон хүчнээ сайн бэлтгэж байгаа.

н.ЧИНБАА: НЭГ КОМПЬЮТЕР ДЭЭР ГУРАВ, ДӨРВӨӨРӨӨ СУУЖ ХИЧЭЭЛЛЭДЭГ БАЙСАН

“Номун далай” цогцолбор сургуулийн 11 “и” ангийн сурагч

-Өмнө нь, компьютерийн хүрэлцээ ямар байсан бэ?
-Хүрэлцээ хангалтгүйгээс гурав, дөрвөн хүүхэд нэг компьютер дээр сууж хичээллэдэг байлаа. Нөгөө компьютер нь хуучирсан, том дөрвөлжин дэлгэцтэй, хурд нь удаан байсан. ”Цахим Баянхонгор” төслөөр манай сургуулийн мэдээлэл зүйн ангийг тохижуулж өгсөнд сурагч бид баяртай байна. Мэдээллийн зуунд хөл нийлүүлэн алхахад бидэнд том хувь нэмэр болох юм.
-Мэдээлэл зүйн хичээлд хэр сонирхолтой вэ. Ямар программ дээр ажиллаж чадах вэ?
-Мэдээлэл зүйн хичээл долоо хоногт хоёр цаг ордог. Энэ хичээлд их сонирхолтой. Яагаад гэвэл, өнөөдөр хүмүүс мэдээлэл, технологийг  өдөр бүр, алхам тутамдаа ашиглаж байна шүү дээ. Би “windows 7”, зургийн программ дээр ажиллаж чадна.  Мэдээлэл зүйн багшаасаа асуугаад гэрийн компьютер дээр бие дааж ажиллаж сурсан юм.
-Чи ямар мэргэжилтэй болохоор төлөвлөж байна вэ?
-Эмч болох гээд л бэлдэж байна. 

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан