Би ядарч байна… Ингэж болдоггүй юм, тэгвэл арай дээр байх, ийм гашуун туршлага байх юм, урд чинь нүх байна… Дэлхийгээр нэг ярьлаа… Жаахан хүлээж бай, манай орон одоохон босно, түр зуурын эндэгдэл, нялхсын өвчин, уг нь цаад чанар нь дажгүй юм байгаа юм, коммунизмаас л боллоо, одоохон одоохон… Хоолой сөөлөө, ядарлаа, өөрөөсөө ичих боллоо…
Гадаадын 20-30 Их сургуульд лекц уншсан, 60 орчим олон улсын хуралд оролцсон, хэдэн зуун гадны хүмүүстэй уулзсан, залуучууд оюутнуудтай уулзаж ярилцсан нь тоогоо алдсан. ХХ зуун дууслаа, XXI зуун гарчихлаа, бид өнөөгийн энэ ертөнцтэй зохицож амьдрахаас тэд бидэнтэй таарч амьдрахгүй, дэлхийг эзэгнэж байсан бидний үе өнгөрөөд олон зуун жил өнгөрсөн, одоо бид оршин байгаагаа батлан тоогдох гэж чармайдаг цаг… Хулгай худлаар, дээрэм тонуулаар, өнөө маргаашийн арга чаргаар явах бололцоогүй болсон…
Хэлсэн болгон минь цагийн эргэлтэд батлагдаж байсан, улам улам олон хүн хүлээн зөвшөөрөх болсон. Гэвч 30 жил өнгөрөөд байхад ойлгосон хүмүүс тун ч ядмаг хувь эзэлж байна. Би ядарч байна… Бүр залхаж байна… Бүр гутаж байна… Би мэргэн хүн биш. Үзмэрч бүр биш… Уншиж ухаарсан, харж мэдэрсэн, сонсож ойлгосноо л хэлсэн. Харин нийгмийн ухамсар, ёс суртахуун, ёс зүй нийтлэг утгаараа улам доройтсоор. Би ядарч байна…
Ямар ч нийгэмд зөв хүмүүс адаглаад 51 хувь байдаг юм гэнэлээ. Бидний толгой дээр нийгмийн хамгийн адаг шаар болсон нь гарчихжээ. Хулгайч нар, луйварчид, сөнөөгчид, даврагчид, шаар шавхруунууд. Бид өөрснөө тэднийг гаргаж ирсэн. Би ядарч байна… Шаарнууд бидний амьсгалыг боогдуулж, шим шүүсийг сорж, хувалз шалз царайлан улам ихийг нэхнэ. Бид тэрүүхэндээ уурласхийн дороо бяцхан тонтгононо. Ядарч байна шүү…
Шудрага царай гаргаж эх орноо, та биднийгээ хайрлан буй шаарууд хайраа илэрхийлэн тас тэврэх хэрээр амьсгал боогдон нүд эрээлжилж байгаа биз дээ!? Гэвч бид тэднийг ээлжлэн дэмжиж горьдлгын нүдээр мялаана. Тэд хоорондоо юу булаацалдаад байгаа юм бэ? Хэн нь биднээр хоол хийж идэх вэ гэдгээр маргалдан, чухамдаа биднийг л булаацалдаад байгаа юм биш үү? Еэ чааваас даа… бидний байгааг дээ! Би ядарч байна…
Урьд нь хүлээн зөвшөөрч чаддаггүй байсан хоёр хүний үг одоо л орой руу минь орох шиг боллоо. Би ядарч байна… тэгээд л чухам тэд үнэнхийг хэлж гэж ойлгох болов.
Нэг нь пролетарийн их дууч гэх Максим Горький. Тэрээр Миний Их сургууль зохиолдоо “Еэ хүүдий, болдогсон бол энэ дэлхийг нэг сайн өшиглаад авах юмсан” гэж дуу алдсан юм. “Хэлц нь гайхамшигтай, гэхдээ дэлхийг өшиглөж нурааж яахнав! Сөнөөж байхаар элбэн тохинуулж хүмүүжүүлэх ёстой” гэж боддог байлаа. Дараа нь Горький “Их салхи хөдөлбөл нижигнэн хөдөлтүгэй” гэж уриалсан. Харин тэр хөдөлсөн их салхиндаа өөрөө түмбэржүржиг болсон доо. Горький сүүлдээ ядарсан... “Дөртэй хөгшин баавгай” хочтой болсон тэрээр Сталиныг дэмжин “Хэрэв дайсан бууж өгөхгүй бол шууд устгах хэрэгтэй” гэсэн хүмүүнлэг бус үгийг хүмүүнлэг их зохиолч хэлжээ. Дотоод яам хүүгийнх нь эхнэрээр оролдоод эхлэхээр ингэсэн бололтой. Түүнийг хордуулж алаад… үзэл суртлын үзүүлэн болгосон. Алаад, өвчиж туламлаад, гэдсийг нь өвсөөр дүүргэн чихмэл хийгээд... суртал нэвтрүүлгийн самбарт үзүүлэн болгож өлгөөд, дор нь "Манай нийгмийн үлгэр жишээ болсон аугаа хүн" гэж алтан үсгээр бичжээ. Ядарсан дээрээ айх боллоо, би!
Нөгөө нь аугаа зураач Эдвард Мүнк. Би нэг удаа хэвлүүлсэн номынхоо хавтсыг түүний зургаар чимэглээд “Зураач - Э. Мөнх” гэсэн юмдаг. Тэр үнэхээр Мөнхийн хүн. Даанч ихэнх хүмүүс ойлгодоггүй юм. Түүний Хашгираан гээд аймаар зураг бий. Хүүхэд ч дуурайгаад зурчихмаар бүдүүн бараг зураг. Гэхдээ ямар их сэтгэл доргиосон бүтээл гэж санана?! Байж ядсан нэгэн байдгаараа орилж байгаам. Хамаг л уур бухимдал, дотор нь хуралдсан бачимдлаа бүхий л дэлхийг доргиотол нэг мөсөн дэлбэлэн гаргаж буй. Тэр ядарчиж… Тэр цааш нь тэсэхээ больж… Магадгүй түүний сүүлчийн чарлаан байх… Магадгүй тэр нь түүний анхааруулга, сэрэмжлүүлэг байх. Магадгүй түүний амиа хорлол байх. Магадгүй энэ нь түүний үхэл байх…
Хүмүүс дараа нь Мүнкийн хашгирааныг арилжааны реклам болгосон. Хоолондоо ороорой, сайхан кэксдээрэй, кола уугаарай, сонгуульдаа оролцоорой…
Хүмүүс ээ, эх орон нэгтнүүд ээ… сайхан байна уу? Болж байна уу? Дажгүй юу? Давгүй юу? Бухимдахгүй байна уу? Болдог бол энэ дэлхийг ганц сайхан амбаардаад авмаар бодогдохгүй байна уу? Ядахнаа дотроо онгойтол нэг сайн хашгираад авмаар санагдахгүй байна уу? Еэ чаваас даа, байж байгааг нь! ЕЭЭ-ЭЭ ЧАА-ВАА-САА –ААА –ААА!!!