Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аараа олон улсын байгууллагууд болон дотоодын аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн менежерүүдтэй уулзлаа.
Уулзалтаар дэлхий нийт, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулж, салбарын нөхцөл байдлын талаар ярилцав.
Энэ үеэр "Онч аудит" ХХК-ийн захирал Д.Ончинсүрэн: Төрийн албанд цалин нэмэхийг дэмжиж байна. Дэлхий даяар үнэ өсөж байна. Цалингийн хэмжээг нэмэхгүй бол боловсон хүчнээ гадагшаа алдаж дууслаа. Гэхдээ өндөр цалин олгоход НДШ зэрэг татварын хэмжээ дарамт болж байгааг анхаарах хэрэгтэй байна.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Монгол Улсад нийт 1,2 сая хүн ажил хөдөлмөр эрхэлж байгаагийн 26% төрд, 74% хувийн хэвшилд ажиллаж байна.
Төрийн албаны тухайд албан хаагчдын ялгаатай цалинг багасгах, цалин хөлсөнд эзлэх нэмэгдлийн хэмжээг хязгаарлах, төрийн үйлчилгээний албыг гүйцэтгэлд суурилсан санхүүжилтэд шилжүүлэх, цалин хөлсний асуудлыг зохицуулсан салбарын хуулиудад өөрчлөлт оруулах, төрийн захиргааны албаны цалингийн тогтолцоог шинэчлэх шаардлагатай байна. 2023 онд ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд 15 тэрбум төгрөг зарцуулахаар тусгаад байна" гэлээ.
"HR club” холбооны тэргүүн Ш.Баярмагнай "Байгууллагууд дээр ажиллах хүчин асуудал тулгамдаж байна. Ажлын байран дээр чадварлаг боловсон хүчнээс түрүүнд зөв төлөвшил, хандлагатай хүн хэрэгтэй байна. Үүнийг боловсролын суурь хөтөлбөртөө оруулж өгмөөр байна.
Хариуцлагагүй байгууллагууд байна. Цалин хөлсөө өгдөггүйгээс боловсон хүчний урмыг хугалж, хандлагыг өөрчилж байна. Ийм байгууллагуудад хуулийн хүрээнд хариуцлага тооцдог баймаар байна" гэв.
Монголын мэргэшсэн "Хүний нөөцийн менежер" холбооны тэргүүн Т.Цэцэгмаа "Хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний хомсдол үүссэн байна. Тэр дундаа залуу ажиллах хүчний хомсдол цаашид ч үргэлжлэхээр байна. Төр үүнд анхаарч бодлогын зохицуулалт хийх хэрэгтэй.
Гадагшаа чиглэсэн их нүүдэл бий болсон байна. Үүнд судалгаа хийж, эх орондоо авчрах бодлогын ажлууд хиймээр байна" гэлээ.
"Макс" группын Хүний нөөцийн захирал Д.Нямлхаажав "Ажлын байран дээр чадвартай, дадлага, туршлагатай туслах ажилтан дутагдаж байна. МСҮТ-ийн төгсөгчдийн чадвар, ур чадварыг сайжруулмаар байна. Олон ажлын байр бий болгосон баялаг бүтээгчдээ бодлогоор дэмжмээр байна" гэсэн юм