Монгол улсын Үндсэн хууль, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудал нийтийн анхааралд байна. Эдгээр хуулийн төсөлд та ямар дүгнэлттэй байгаа талаар ярилцья?
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал төсөл хэлэлцэхийг хойшлуулаад, УИХ-ыг ирэх онд ямар хуулиар сонгох асуудалд анхаарал төвлөрүүлж байгаа бололтой. УИХ-ын сонгууль тулгамдсан асуудал болж байгаа учраас гэсэн тайлбартай байх.
Үүнтэй холбогдуулж миний хувьд анхаарах шаардлагатай гэж бодож байгаа хоёр асуудал байна: 1.УИХ-ын сонгуулийг Үндсэн хуулийн заалтын дагуу явуулах. 2. Монгол улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж ард түмэнд засаглах эрхийг нь эдлүүлэх төсөл боловсруулж иргэдийн санал авах ажлыг хойшлуулахгүй зохион байгуулах.
Сонгуулийн хуульд оруулах өөрчлөлтийн асуудалд та ямар дүгнэлттэй байна вэ?
Үндсэн хуулийн 21.2 дугаар зүйлд: “УИХ-ын гишүүдийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.” гэж заасан байдаг. Гэтэл, улс төрийн намуудын зарим удирдагчдын одоо ярьж буйгаас үзхэд УИХ-ын гишүүдийн тавин хувийг иргэд шууд сонгохгүй, намуудаас томилох бололтой. Нэг удаа ийм журмаар сонгууль явагдсан. Иргэд дургүйцэж байсан. Ард түмний биш, намын засаглал хэтэрч байна, УИХ-ын гишүүдийг иргэд сонгодог биш намууд томилдог болж байгааг буруу гэсэн шүүмжлэл их гарч байсан. Төрд, намуудад итгэх ард түмний итгэл суларч байгаа одоогийн нөхцөлд УИХ-ын сонгуулийг Үндсэн хуулийн заалт дагуу биш, улс төрийн зарим намын сонирхол дагуу явуулах нь зохимжгүй гэж бодож байгаа. Түүнчлэн УИХ-ийн гишүүдийн тоог нэмэгдүүлэх санал гарч байна. Хэрэв тийм шийдвэр гарвал иргэд улам их бухимдах байх.
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн асуудалд та ямар дүгнэлттэй байна вэ?
Би Монгол Улсын парламентыг хоёр танхимтай байх ёстой гэж үздэг. Үндсэн хуулийн төслийг 1992 онд Ардын Их Хурал хэлэлцэж байхад энэ саналаа хэлж байсан боловч түүнийхээ үндэслэлийг тайлбарлаж чадаагүй учраас анхаарагдаагүй, түүнийхээ ач холбогдлыг ч өөрөө сайн ухамсарлаагүй байсан. Гэтэл өнгөрсөн гуч гаруй жилийн түүх, улс төр эдийн засгийн одоогийн байдал, төр ард түмний харилцан итгэлцэлийг бэхжүүлэх шаардлага зэргээс үзхэд энэ асуудлыг, тухайлбал парламентыг хоёр танхимтай болгож, ард түмэнд засаглах эрхийг нь эдлүүлэх асуудлыг даруй шийдэх зайлшгүй шаардлагатай болоод байна.
Парламент хоёр танхимтай байхын үндэслэл, шаардлага?
Парламент хоёр танхимтай буюу Дээд танхим байх ёстойг Үндсэн хуулийн “ Монгол Улсын бүрэн эрхэт байдал “ гэсэн нэг дүгээр бүлгийн 3.1 дүгээр зүйлд маш тодорхой заасан байдаг. Үндсэн хуулийн амин сүнс энэхүү 3.1 дүгээр заалтыг мэддэг, сахьдаг байх маш чухал.Тухайлбал:
- “Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна,” гэж заасан байгаа. Энэ заалтыг яаж ойлгох ёстой вэ гэвэл: - ЗАСГИЙН БҮХ ЭРХ ГЭДЭГТ ЮУНЫ ӨМНӨ ХУУЛЬ ТОГТООХ, ГҮЙЦЭТГЭХ, ШҮҮХ ЭРХ хамаарна гэдгийг мэддэг байх ёстой. Энэ бүх эрх ард түмний мэдэлд байна гэдэг нь дээрх эрхийг эдлэгчид буюу ХУУЛЬ ТОГТООГЧИД, ЗАСГИЙН ГАЗАР, ШҮҮХИЙН үйл ажиллагааг ард түмэн хянаж байх эрхтэй гэж буйг ойлгох хэрэгтэй.
- Дээрх зүйлд “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцоно“ гэж заасан байгаа. Энэ бол ХУУЛЬ ТОГТООГЧИД, ЗАСГИЙН ГАЗАР, ШҮҮХИЙГ АРД ТҮМЭН ТОМИЛОХ СОНГОХ ЭРХТЭЙ ГЭСЭН ҮГ.
- Дээрх зүйлд “Ард түмэн Сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан эдгээр эрхээ эдлэнэ“ гэж заасан байдаг.
Гэтэл: Өнгөрсөн гуч гаруй жилийн амьдралаа хархад Монгол Улсын Үндсэн хуулийн эдгээр амин сүнс заалтууд хэрэгжээгүй, ард иргэд төр засгийн ажлыг хянах, түүнд оролцох эрхээ эдэлсэнгүй. Ард түмэнд өөрийн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчийн байгууллага нь байсан бол УИХ, Шүүхийн үйл ажиллагаа, гаргаж байгаа шийдвэрийн талаар хэлэх санал, шүүмжлэх зүйлээ илэрхийлэх гэж, Авилга, ашиглал, хулгай, олигархуудтай тэмцэж байгаа Ерөнхий сайд, Хууль зүйн сайдын үйл ажиллагааг дэмжих гэж гадна талбайд жагсаж бухимдах шаардлагагүй байсан.
Ард иргэд засаглах эрхээ эдэлж чадахгүй байгаа нь ямар шалтгаантай вэ?
Хоёр үндсэн шалтгаан байгаа:
Нэг дүгээрт: Үндсэн хуулийн “Монгол улсын төрийн байгуулал“ хэмээх гурав дугаар бүлгийн 20, 21 дүгээр зүйлд парламентыг УИХ гэдэг нэг танхимтай байх, тэр нь хууль тогтоох эрх мэдлийг зөвхөн өөртөө хадгалсан төрийн эрх барих дээд байгууллага байхаар заасан. Эдгээр заалт нь Үндсэн хуулийн 3.1 дүгээр заалтыг гажуудуулсан буюу зөрчил бүхий заалт болсон. Эдгээр гажуудалтай заалтуудын харгайгаар Үндсэн хуулийн амин сүнс 3.1 дүгээр заалтын дагуу ард түмэн засаглах эрхээ эдлэх аргагүй, өөрийн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчийн байгууллагагүй болсон. Өнгөрсөн хугацаанд ард иргэд УИХ, Засгийн газар, Шүүхийн үйл ажиллагааг хянах, зөвийг дэмжиж, бурууг засуулж байх аргагүй байлаа. Төр ард түмний харилцан итгэл суларч буйн үндсэн шалтгаан нь энэ.
Хоёр дугаарт. Төрийн эрх баригчдын зонхилох хэсэг Үндсэн хуулийн 3.1 дүгээр заалтын дагуу ард түмэнд засаглах эрхийг нь эдлүүлэх ёстойг мэдсээр боловч эрх мэдэл, албан тушаалын болон, ард түмний хяналтад орохгүй байх сонирхолоор Үндсэн хуулийн 20, 21 дүгээр гажуудалтай заалтуудыг өөрчлөх санаачлага гаргахгүй, гарсан санаачлагыг янз бүрийн аргаар дарагдуулж байна. Энэ дутагдал ойлгогдож засагдана. Цаг хугацаа алдагдуулж байгаа нь харамсалтай.
Таны санал дагуу парламентыг хоёр танхимтай болгоё гэвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байх. Тийм өөрчлөлтөөр боловсруулсан төсөл байгаа юу?
Хоёр танхимтай байх нь ганц миний санал биш, олон хүн ийм саналтай байдаг. Ардын Их Хурлын дарга байсан Ж. Гомбожав бид хоёр Үндсэн хуулийн Төрийн байгуулалын тухай гурав дугаар бүлэгт оруулах өөрчлөлтийг боловсруулсан. Бид хоёр боловсруулсан төслөө УИХ-ын дарга Г. Занданшатарт товч тайлбарын хамт нэг сарын өмнө хүргүүлсэн. Занданшатар даргад өгсөн төслийн хувийг Монгол улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад, мөн МАН-ын УИХ дахь бүлгийн дарга, УИХ-ын Төрийн байгуулалын байнгын хорооны дарга нарт өгсөн.
Гомбожав бид хоёр боловсруулсан төсөлдөө парламентын хоёр танхимын зохион байгуулалт, тэдгээрийг сонгох журам, хоёр танхимын эрх үүрэг, түүний хувиар зэрэг асуудлыг бүрэн тусгахыг хичээсэн.
Боловсруулсан төслийнхөө гол зүйл заалтуудыг хэлж өгөх үү? Уншигчид сонирхох байх.
Тэгэе. Ардын Их Хурал нэртэй дээд танхим, Улсын Бага Хурал нэртэй доод танхимтай байна. АИХ нь 450 гишүүнтэй, УБХ нь 51 гишүүнтэй байна.
Ардын Их Хурал төрийн эрх барих дээд байгууллага байх бөгөөд байнгын биш ажиллагаатай, жилд нэг удаа, шаардлагатай нөхцөлд илүү удаа чуулганы хуралдаан хийнэ.
АИХ төрийн дотоод гадаад бодлогын үндсийг тодорхойлж, түүнтэй холбогдсон аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд Монгол улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Улсын Бага Хурал, Засгийн газар, Шүүх прокурорын үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрийн бүрэлдэхүүн, удирдлагыг сонгох, томилох үндсэн эрхтэй байна. Мөн Монгол улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг, дунд хугацааны буюу таван жилийн хөгжлийн төлөвлөгөөг баталж байна.
Мөн улсын хил тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг батлах,өршөөл үзүүлэх шийдвэр гаргах, улсын цол одон медаль, цэргийн дээд цол олгох, олон улсын гэрээг соёрхон батлах асуудлыг УБХ -д хариуцуулах эсэхийг шийдэж байна.
Ардын Их Хурлын 450 гишүүдийг 6 жилийн хугацаагаар сонгох бөгөөд түүний 50 хүртэл хувийг гурван жил дутамд шинэчлэж байна. Ардын Их Хурал хурлаасаа сонгосон 6-9 тэргүүлэгчтэй байна. АИХ-ын тэргүүлэгчид нь АИХ-ын чөлөө цагт түүний үүргийг хэрэгжүүлдэг байнгын ажиллагаатай байна.
АИХ хурлаасаа Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргыг сонгох бөгөөд Монгол Улсын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга нь Монгол Улсын төрийн тэргүүн байна.
Улсын Бага хурал. УБХ нь хууль тогтоох үндсэн үүрэгтэй, байнгын ажиллагаатай байна. АИХ-ын эрх үүрэгт хамаарахаас бусад дотоод гадаад бодлогын асуудлыг хариуцана.
УБХ-ын гишүүнд сонгох хүмүүсийн нэрийг улс төрийн намууд дэвшүүлэх бөгөөд тэдгээрийг АИХ хянаад, шалгаруулсан 51 гишүүнийг 6 жилийн хугацаагаар сонгоно. УБХ-ын гишүүдийн гуравны нэг хүртэл хувийг гурван жил дутамд өөрчлөн дээрх журмаар сонгож байна.
Бид хоёрын боловсруулсан төслийг мэрэгжлийн хуульчид нарийвчлан хянаж парламентын хоёр танхимын эрх үүргийн хуваарь, тэдгээрийн уялдаа холбоог зохистой байлгахаар засаж сайжруулах, үг үсэг найруулгыг засах шаардлага байгаа.
Сонгуулийн хуульд ямар өөрчлөлт орох вэ?
Ардын Их Хурлыг сонгох сонгуулийн хуулийг маш сайн бодож боловсруулах шаардлагатай. АИХ-ын 450 гишүүд бол жинхэнэ ард түмний төлөөлөл болсон байх нөхцөлийг хангах сонгуулийн хуулийг шинээр боловсруулахыг санал болгож байгаа. Бид нар АИХ-ын 450 гишүүний 350 орчим нь сум дүүрэг нэг бүрээс нэг гишүүн сонгогдсон байх замаар бүрдсэн байх нь зүйтэй гэж үздэг. Сум дүүрэг бүрээс нэг гишүүн сонгохын тулд 3-4 хүний нэр дэвшигдсэн, түүний дотор тухайн сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон сум дүүргийн засаг даргын нэр дэвшигдсэн байх нь чухал гэж үзэж байгаа. Энэ нөхцөлд тохиолдлын хүн биш, сум дүүргийн иргэдийн итгэлийг хүлээсэн хүн АИХ-д гишүүнээр сонгогдож ирэх, нөгөө талаар сум дүүргийн байдал ард иргэдийн ахуй амьдрал, санал хүсэлтийг мэддэг хүмүүсээс АИХ-ын гишүүдийн ихэнх бүрдэх, нөгөө төлөөр төр засгийн шийдвэрийн биелүүлэлтийг зохион байгуулах ажил сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой.
АИХ нь УБХ, Засгийн газрын тэргүүн, Шүүх прокурорыг сонгон томилдог болох учраас АИХ болон орон нутгийн сонгуулиас өөр олон сонгууль байхгүй болно. Үр дүнд нь ард түмний засаглалтай болно, сахилга дэг журам, хариуцлага дээшлэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн төсөл боловсруулсаныг УИХ хэлэлцэж байгаа мэдээ байна. Энэ хуулийн талаар та ямар үзэл бодолтой байдаг вэ?
Ерөнхийлөгчийн боловсруулсан төслийг уншиж судлаагүй учраас хэлэх юм алга. Ер нь улс төрийн намын тухай хуулийн талаар баримталдаг бодлоо хэлэе. Миний бодлоор улс төрийн нам:
1. Эрдэм боловсролтой, эх орныхоо хөгжил, ард түмнийхээ аз жаргалтай сэтгэл хангалуун амьдралын төлөө оюун ухаан хүч чадлаа зориулж хөдөлмөрлөх хүсэл эрмэлзэлтэй, ажил, амьдралын арвин туршлагатай хүмүүсийн нэгдэл байх ёстой.
2. Улс төрийн намыг байгуулах зорилго нь зөвхөн төр засгийн эрхийг авахын төлөө байх ёстой. Өөрөөр хэлбэл төрийн эрх барих төлөөлөлийн байгууллагад хэдэн суудал олж авах буюу эрх мэдэл албан тушаалд шунасан хэсэг хүний сонирхол байж болохгүй.
3. Төлөвшсөн, бодлоготой улс төрийн нам байхыг зөвшөөрдөг байх нь чухал. Өөрөөр хэлбэл, Монгол улсын эдийн засаг нийгмийг урт хугацаанд хөгжүүлэх талаар баримтлах бодлоготой, мөн дунд хугацаанд буюу таван жилд хөгжүүлэх төлөвлөгөөний төслийг хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний техник эдийн засгийн үндэслэлийн хамт боловсруулсан улс төрийн намд үйл ажиллагаа явуулах, сонгуульд оролцохыг зөвшөөрдөг байх хуулийг хатуу баримтлах.
4. Өөрийн боловсруулсан хөгжлийн бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах боловсон хүчний нөөцтөй байх.
Дурьдсан дөрвөн шаардлагыг хангасан улс төрийн намтай байхыг хуульчилах нь зүйтэй. Ийм хуультай болж хэрэгжүүлбэл чадвар хариуцлагатай, улс оронд хэрэгтэй цөөн тооны улс төрийн намтай байх болно.
Төр түвшин, түмэн амгалан байг.