Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түгжрэлийн сайд дүүжин тээврийг ашиглалтад оруулна гэж амлав

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өнөөдөр /2023.04.20/ олон улсын түншлэлийн уулзалтын үеэр ирэх жил түгжрэл буурахыг онцлов. Тодруулбал, ирэх 2024 оны намар дүүжин тээврийг ашиглалтад оруулж, түгжрэлийг бууруулна гэлээ.

Тэрбээр, Улаанбаатарын индексийг хот хөдөөгийн индекстэй харьцуулахад хүртээмжтэй байдал, амьдрах нөхцөл зэрэгтэй харьцуулсан. Дэлхийн бусад хоттой харьцуулахад Улаанбаатар хөгжил муутай байгаа. Энэ бол гэнэт үүссэн асуудал биш. Сүүлийн 20-30 жилд үүсч бйи болсон. Индексээс авч үзвэл хүртээмжгүй байгаа нэг зүйл бол нийтийн тээврийн үйлчилгээ туйлын дорой байдалд хүрсэн. Хотын хөгжил нийтийн тээвэртэй салшгүй холбоотой. Гэтэл нийслэлд үйлчилгээнд явж байгаа автобусны 70 хувь нь хугацаа дууссан, ашиглалтаас гарах болсон заалттай. 2009 оноос парк шинэчлэлт ч хийгдээгүй. Дээр нь зорчих тасалбарын үнэ 500 төгрөг биш 1315 төгрөгөөр зорчиж байж алдагдалгүй байх боломжтой. Мөн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжүүд бага орлоготой учир том парк шинэчлэлт хийж чаддаггүй. Энэ бол гол анхаарах асуудал. Бага орлоготой салбар энэ хэвээр байвал жолоочийн хомсдолд орж, авто баазуудын хангамж хүндрэлтэй болж байна.

Үндсэндээ бол нийтийн тээврийн салбар дамуупарсан. Энэ жил Улаанбаатар хот 184 тэрбум төгрөг татааст өгнө. Уг нь бол нийслэл хөрөнгө оруулалт татах ёстой байтал татаас төлөөд байж байгаа нь утгагүй.

Цаашид Дархан, Эрдэнэт гэхчлэн төвлөрөл нэмэгдэж байгаа бүсүүдэд ч энэ сэдэв яригдана. Энэ бүхнээс харвал нийтийн тээвэр замын сүлжээтэй хүртэл холбогдож байгаа. Тэгэхээр бодлогын хэмжээнд анхаарал хэрэгтэй.

Дүүжин тээврийн тухайд Францын талтай хамтарч энэ жил хөдөлгөнө. Ирэх 2024 онд нэг шугамыг ашиглалтад оруулж хүмүүст үзүүлнэ. Хасах 35 градуст нийтийн тээврийн хүртээмжтэй байдал хүнд. Тиймээс цаасан дээр байгаа төсөл, ажлуудыг эрчимжүүлнэ.

Метроны тухайд ЖАЙКА-гаас хийж байсан 10-аад жилийн өмнөх судалгаа бий. Нийт 1.5 тэрбум ам.долларын төсөв хэрэгтэй. Миний хувьд түгжрэлийг бууруулах бүхий л гаргалгааг дэмжинэ. Гэхдээ бидний цаасан дээр бичсэн түгжрэл бууруулах бүх аргыг ашигласан ч түгжрэл буурахгүй байх магадлалтай. Ийм жишээ бүхий хотууд ч олон гэсэн юм.

Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг дүүжин тээвэр 99 хувийн эрсдэлгүй бөгөөд ирэх намар ашиглалтад оруулна гэдгийг онцоллоо.

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор дүүжин тээврийг байгуулахын төслийг одоогоос гурван жилийн өмнө боловсруулж байв. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц улсын Засгийн газар хооронд зээлийн хэлэлцээр байгуулж, УИХ-аар соёрхон батлаад гурав дахь жилтэйгээ золгож буй. Гэвч одоог хүртэл барилгын ажил эхлээгүй бөгөөд тус төслийг хэрэгжүүлэх нэгж нь татан буугдсан талаар мэдээллүүд мөн гарсан. Ямартай ч ирэх онд энэ ажлын эхний бүтээн байгуулалт үйлчилгээнд нэвтрэх аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан