Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос С.Эрдэнэбат, Б.Алтанхуяг, Т.Баясгалан, ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос Ш.Зоригоо, Ж.Гэрэлмаа, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Н.Одонгуа нар нэр дэвшжээ.
МАНАЙ УЛСАД ТАВАН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО БИЙ. ЭДГЭЭРЭЭС ЭМД САН Л МӨНГӨ ТӨЛӨӨД, БУЦААН ҮЙЛЧИЛГЭЭ АВДАГ
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Манай даатгалын сан дэлхийд хамгийн муу нь. Өвчин туссан бол даатгалаас тусалдаггүй. Ах дүү хамаатан саднаасаа тусламж гуйна, хашаа байшингаа барьцаанд тавьж, гадагшаа явж эмчлүүлдэг. Эрсдэлээ өөрсдөө даадаг гэсэн үг. Хэрвээ эдгээр нэр дэвшигчид даатгалын удирдах зөвлөлд сонгогдвол
- ЭМД-ын сангийн мөнгийг улс төрчдөөс хэрхэн хамгаалах вэ
- Өнгөрсөн 30 жилийн турш нийгмийн даатгалын мөнгө төлсөн хүмүүс хэр их гомдол гаргасан бэ, гомдлын механизм байгаа юу, хэрхэн шийдэх вэ
- ЭМД-ын сангийн тайланг даатгуулагч иргэдэд танилцуулдаг уу, энэ асуудал дээр хэрхэн ажиллах вэ
- Жилд манай улсын нийт ажилтан, ажил олгогчдоос 712 тэрбум төгрөг уг санд хуримтлагддаг. Манайд даатгалын таван тогтолцоо байдаг. Үүнээс ганцхан ЭМД сан л мөнгө өгөөд буцаад үйлчилгээ авдаг. Сан эрсдэл, алдагдалтай байж болно. Гэхдээ иргэдэд тайлан, үр дүнд яаж гаргах вэ хэмээн асуув.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын захирал Л.Бямбасүрэн “Бид сар болгон 200 мянган нэхэмжлэгчдэд мессэж үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан иргэдэд мессэж явуулдаг.
Тухайн иргэн уг үйлчилгээг авч байгаа тохиолдолд гаднаас эм тариа авсан уу, сэтгэл ханамж хэр байна вэ гэх асуумжтай байдаг.
Сардаа 700-800 мянган нэхэмжлэл ирдэг бөгөөд бид дүн шинжилгээ, судалгаа явуулдаг. Өнгөрсөн долдугаар сард 6.6 тэрбумын зөрчил илэрсэн. Энэ нь иргэдээр эм тариа авахуулж, буцаан төлбөрийг өгөөгүй, иргэн тухайн эмнэлэгт хэвтэж байгаа ч өөр газар оношилгоо, шинжилгээ хийлгэсэн гэх мэт. Сүүлийн саруудад зөрчлүүд буурч байна.
Гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор гомдлыг барагдуулдаг газар, мэргэжилтнүүдтэй болсон. Эмнэлгүүдийн үйлчилгээ сайжирч байна. Мөн Эстони улсаас даатгалын системийн талаар туршлага судалж байна” гэв.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “Үйлдвэрчний эвлэл уг эвлэлийн гишүүдийн эрх ашгийг хамгаалах хөндлөнгийн байгууллага. Гэтэл төрийн байгууллагад орж ажиллах нь хэр зохимжтой вэ, эрх зүйн хувьд боломжтой юу хэмээн асуув.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Манай эвлэл төрийн үйлчилгээнд хөндлөнгийн хяналт тавьдаг. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд орох нь хяналтаа хэрэгжүүлж буй нэг хэлбэр.
Энэхүү зөвлөлийн алдаатай, оноотой шийдвэрээс болж хөрөнгө нь эрсдэх, бодит өртөг, эрүүл мэндийн чанар хүртээмжийн гомдол маш их ирдэг. Тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх мөчид давхар оролцож, хяналт тавина” гэв
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын захирал Л.Бямбажав Эрүүл мэндийн даатгалын сангийн өр, авлагын талаар мэдээлэл өгөв.
Тэрээр “Сангийн 136 тэрбум төгрөгийн авлагыг Капитал банкнаас гаргуулах ажлыг зохион байгуулсан. Манай байгууллага нийт 46 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг хүлээж авсан. Мөн 9.7 тэрбумыг мөнгөн хөрөнгийг хүлээн авч, 6.6 тэрбум төгрөгийн 32 орон сууцыг ажилчдадаа ипотекийн зээлд хамрагдуулсан. Бүгд төлөгдөж дууссан. Одоогоор Капитал банкнаас 79 тэрбум төгрөгийн, Чингис хаан банкнаас 30 тэрбум төгрөгийн авлагатай. Дээд шүүхийн шийдвэр гарсны дагуу хоёр удаагийн албан тоотыг эдгээр банк руу явуулсан, хүлээж байна” гэлээ.