Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Франц улсын Элчин сайдын яамны хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийн хүсэлтийг дөрөвдүгээр сарын 15-н хүртэл авна

2023-2024 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуулийн магистр түвшинд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулахаар болжээ. 

Энэхүү тэтгэлэг нь хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх, Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зорилготой аж. 

Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. 

Тэтгэлэг олгох чиглэл:

Магистрын хөтөлбөр /Франц болон Англи хэл дээр/

  • Хоёр талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэл, малын эрүүл мэндийн шинжлэх ухаан, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, геофизик, соёл, урлаг, нано технологи, инженер, эдийн засаг, хууль зэрэг мэргэжлээр суралцах бол давуу тал болно.

Тавигдах шаардлага:

  • Монгол улсын иргэн байх;
  • Франц дахь их дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын зэргийн дипломтой байх,
  • Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшний шаардлагыг хангасан байх;
  • Өмнө нь Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх

Англи хэлний мэдлэг:

  • Хүчинтэй төгөлдөр IELTS-ын 5,5 эсвэл IBT TOEFL-н 50-аас доошгүй оноотой байх

Франц хэлний мэдлэг:

  • DELF (Франц хэлний сургалтын диплом) 2 дахь шатны буюу CECRL –н B2 түвшин;
  • DALF (Франц хэлний гүнзгийрүүлсэн шатны диплом) ;
  • TCF –н диплом B2 -с дээш болон нэмэлт шалгалтын диплом;
  • Хэрэв та Франц хэлний эдгээр дипломын аль нэгийг эзэмшигч биш бол Улаанбаатар дахь Аллианс франсайз төвөөс франц хэлний шалгалт авах хуваарийн талаарх мэдээллийг авна уу.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Бүрэн, зөв бөглөсөн анкет /татаж авах/; Formulaire de demande en français, (PDF - 341.1 ko),  Мэдүүлэг монгол хэл дээр (PDF - 355.8 ko)
  • CV буюу товч намтар;
  • Суралцах зорилго, төлөвлөгөө, судалгааны ажлыг багтаасан эссэ /Франц хэл дээр суралцах бол франц хэл дээр монгол орчуулгын хамт, Англи хэл дээр суралцах бол англи хэл дээр монгол орчуулгын хамт, A4 хуудсанд 2 нүүрнээс хэтрэхгүй, “Times new roman” 12 фонтоор бичигдсэн байх/;
  • Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийн франц хэл дээрх орчуулгын хамт;
  • Францын их, дээд сургуульд урьдчилан бүртгүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал эсвэл тодорхойлолт; /Франц Улсын их, дээд сургуульд бүртгүүлэх талаар мэдээллийг Аллианс франсайз төвд байрлах Campus France-н төлөөлөгчөөс авна уу. Утас: 351914/
  • Хамгийн сүүлд суралцаж төгссөн их, дээд сургуулиас тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн албан захидал;
  • Тэтгэлэгт хамрагдахыг дэмжиж, зөвшөөрч байгааг илэрхийлсэн ажил олгогчийн албан бичиг, нийгмийн даатгалын тодорхойлолт ; /Е-Mongolia-аас татаж авна уу/
  • Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч дээр дурдсан баримт бичгийг хоёр хувь /нэг хувь нь франц/англи хэл дээр, нөгөө хувь нь монгол хэл дээр, өөрөөр хэлбэл 2 байгууллагад илгээх зорилгоор тус тусад нь 1, 1 хувь бүрдүүлнэ.

Хүсэлтийг 2023 оны дөрөвдүгээр сарын 15-ны дотор “Сургалтын тэтгэлгийн хүсэлт” гэж хаяглан Монгол Улсад суугаа Франц Улсын ЭСЯ-нд ирүүлэх аж. 

Сонгон шалгаруулалтыг баримт бичигт тулгуурлан үнэлгээ өгөх, ярилцлага хийх гэсэн хоёр үе шаттай зохион байгуулна. Тэтгэлэг горилогчдоос ирүүлсэн бичиг баримтыг БШУЯ болон Францын ЭСЯ ны хамтарсан хороо 2023 оны тав сарын 1-нээс 10-ны хооронд хянан шалгаруулах ба шалгарсан хүмүүст 2023 оны тавдугаар сарын 20-ны хүртэлх хугацаанд 2 дахь шатны ярилцлагын товыг Монгол дахь Франц Улсын ЭСЯ-наас утсаар эсвэл цахим шуудангаар мэдэгдэнэ.

Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДээс авна уу. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан