Нөгөө талаас Хубилай нь зөвхөн Хятадын хаан байсан төдий биш. 1206 онд байгуулагдсан Их Монгол улс жинхэнэ утгаараа Хубилайг үхснээр дуусгавар болсон юм. Хубилайгаас хойш л дэлхийг эзэгнэж байсан Чингисийн удмынхан таран бутарч биенээсээ үл хамаарсан, тэр байтугай дайсагнасан тус тусын төрүүд болон хуваагдсан. Хубилай бол Их Монгол улсын сүүлчийн хаан. Юань бол тэр том гүрний Хубилайн өөртөө өмчилж авсан нэг л хэсэг нь байлаа. Алтан Орд, Ил Хаад, Чагадайн улс зэрэг нь бүгд Хубилайг хүлээн зөвшөөрдөг, татвар өргөл барьцаа өгөх буюу хураалгадаг байв. Хубилай үнэн хэрэгтээ Номхон далайгаас Адриатын тэнгис хүртлэх уудам дэлхийг захирч байсан хамгийн дээд эзэн нь байлаа. Үүнээс болоод Хятад улсын хил хязгаар Адриатын тэнгис хүртэл үргэлжилж байсан гэж хэн ч хэлдэггүй, тэгэж боддог ч үгүй. Өвлөх, залгамжлах логикийн нөгөө тал энэ байна
ЮАНЬ ГҮРНИЙ ЗАЛГАМЖЛАГЧ НЬ ХЯТАД МӨН ҮҮ?
Өнөөгийн италичууд эртний ромчууд биш, өнөөгийн герег нар эртний герегчүүд биш, харин өнөөгийн хятадууд бол эртний хятадууд мөн гэсэн яриа байдаг. Энэ нь үнэн байх талтай, учир нь нэн эрт Шар мөрний орчмоор буй болсон хятад иргэншил өнөө болтол Хятадад оршин тогтносоор байна. Өдгөө дэлхийгээр нэг таран байршсан хятад үндэстэн хүмүүс ч эртний хятад иргэншлээ хадгалсаар. Харин эртний ромын иргэншил IV зуун гэхэд бүрэн мөхсөн, өнөөгийн италичууд бол Дахин сэргэлтийн европ иргэншлийн үр хөврөл билээ. Герегийн болон Эгэй, Критийн иргэншил ч хоёр мянган жилийн өмнө мөхөн устсан билээ.
Хятадууд өөрийн таван мянган жилийн урт удаан иргэншлээ династиудын тасралтгүй залгамж чанараар тайлбарлах дуртай. Хятадууд өөрсдийн төрийн түүхийг дөрвөн мянга гаруй жилийн настай хэмээн домгийн шинжтэй янз бүрийн династийг нэрлэдэг авч үнэндээ өдгөө батлагдсанаар Шар мөрний хавьд нутаглаж байсан Шан династи л анхных нь юм. Түүхчид энэ улсыг МЭӨ 1554 онд үндэслэгдсэн гэж баталдаг. Үүнээс хойш олон олон жижиг ханлигууд янз бүрийн хугацаанд оршиж, алга болж байсан авч дөнгөж МЭӨ II зуунд л Цин Ши Хуанди анхны нэгдсэн Хятад гүрнийг байгуулсан. Хятадын төрийн түүх Цин династиас биш юм гэхэд Шан династиас эхлэлтэй. Гэхдээ хятадын дөрөв таван мянган жилийн иргэншлийг династиуд биш хятадын ард түмэн өвлөн уламжлуулсан. Төр, ард түмэн хоёр ялгаатай ойлголт. Хятад үндэстэн өөрийн эрт цагийн иргэншлээ үеэс үед өвлөн залгамжлуулж ирсэн болохоос Хятад нутагт оршин ба мөхөж байсан үй олон династиуд биенээ залгамжилж байсан гэх нь тун эргэлзээтэй.
Хятад нь түүхийн явцад гадны түрэмгийлэлд нэг бус удаа өртөж байсан боловч эзэлсэн орныхоо нэг хэсэг хэзээ ч болж байгаагүй, харин тэднийг өөртөө уусгаад Хятадын нэг хэсэг болгож байсан гэсэн үзэл Чингийн үеийн сүүлээр ихэд дэлгэрчээ. Ийм учраас хэдийгээр харийнхны захиргаанд байсан боловч үнэндээ өмнөх, хойтох төрөөсөө төдийлөн ялгагдахгүй залгамж төрүүд байсан гэж тайлбарлах болсон. “Хятад бол олон үндэстний бүрдэл болсон факт нь хятад иргэдийн үндэсний ухамсартай нийцэх болсон” гэх тайлбар ихэд тархжээ.[1]
Хэрвээ, ийм үзэл санаа түүх судлалд ноёлбол цөөнгүй Эзэнт гүрний түүхийг огт өөрөөр эргэж харах учиртай болно. Олон тооны байлдан дагуулалтыг “сонгуулийн бус арга”-аар төрийн эрх авсан байдлаар харахад тулна. Тухайлбал, Османы эзэнт гүрний үеийн арабын ертөнцийг юу гэж үзэх вэ, Алтан Орд нь Монгол улс мөн үү гэхчлэнгийн асуулт босч ирнэ.
Умрын нүүдэлчид хятадын төрийг булааж эзэгнэж байсан нэлээд хэдэн тохиолдол бий. Тобэй, кидан, зүрчид нар Хятадын умард хэсгийг тасдан эзэрхийлж байсан бол XIII зуунд монголчууд, XVII зуунд манж нар Хятадыг бүхлээр нь эзэрхийлэн захирч байлаа. Монголчууд Хойд Сүн улсыг 20 жил байлдаж байж эзэлсэн ба Өмнөд Сүнг 40 жил зүтгэж байж эзэлсэн. Нийтдээ 60 жил болж байна. Одоо ч хятадууд Юань династийг “монголын юань гүрэн” гэж нэрлэдэг. Харилхаж буй хэрэг.
Монголчуудын довтолгоон нь зөвхөн дайран орж эзлэн түрэмгийлээд төрийг нь булааж авсан төдий хэрэг биш юм. Энэ урт удаан дайнд 20-30 сая хятад үндэстэн үрэгдсэн гэж баримжаалан тооцоолдог.[2] Үүний нэлээд нь монголчуудын зориуд аваачиж тараасан аймшигт тахал өвчний золиос. Олон арван хот балгадыг нь газрын хөрстэй тэгшилсэн. Үүнийг дагаад соёлын маш их өв нь эргэж сэргээгдэхгүйгээр устсан.
Хятадын нийгэм монголчуудаас өмнө харьцангүй нээлттэй ертөнц байжээ. Хятадыг эртний Ромтой холбосон Торгоны зам нэн урт түүхтэй. Өрнө дорнын шашны бүхий л урсгал түүхийн турш Хятад руу чөлөөтэй урсдаг байсан. Сиань бол дэлхийн анхны сая оршин суугчтай хот. Тан гүрний үед Хятад нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн гуравны хоёрыг дангаараа гүйцэтгэдэг байлаа. Хятадад довтолсон умрын зэрлэгүүдийн байлдаан тулалдаан нийт хятадын нийгмийн амьдралд тийм ч их хохирол учруулж чадаж байгаагүй. Харин монголчуудын тэднийг эзлэх гэсэн 60 жилийн дайн Хятадын нийгмийг үндсээр нь өөрчилсөн. Хэрэв монголчуудын довтолгоо тохиолдоогүй бол Үйлдвэржилтийн хувьсгал Англиас 500 жилийн өмнө Сианьд эхлэх байжээ.[3] Юаниас хойш Хятад нь хаалттай нийгэм болсон. Үүнээс болоод далайн хүчирхэг гүрэн болох бололцоогоо алдсан. Чухамдаа үүний халдвараар Япон ч бүх талаасаа хаалттай нийгэм болж хувирсан.
Юань династи байгуулагдсаны дараа нийт хүн амд харъяалагдах хүмүүсийг үндэстнээр нь ялгаварлан дөрөв ангилсны хамгийн доод эгнээнд хань үндэстнийг тооцох болсон. Адилхан гэмт хэрэг хийсэн монгол хүнд ба хятад хүнд оноох ял маш том ялгаатай. Энэ нь үзэмжээр гадуурхсан хэрэг биш, хуульчлагдсан ялгаварлал юм. Хятадын үндсэн шашин болох күнзийн ба бумбын сүсэг бишрэлийг хориглоогүй ч гэсэн өөр олон шашин мөргөлийг оруулж ирэн ижил зиндаанд тавьсан. Ялангуяа Хубилай хаанаас хойш 70 орчим жилийн туршид төр баригч монголчуудын зүгээс хятад үндэстнийг гадуурхан дарлах явдал дээд хэмжээндээ хүрчээ. Хэдийгээр монголчуудын эзэмшсэн Хятадын уламжлалт төрийн машин Юань улсын үед хуучин тогтсон механизмаараа явж байсан боловч төрийн дээд албанд хятад хүнийг ойртуулдаггүй байв. Тэгсэн мөртөө перс, араб, төвд, уйгар, солонгос зэрэг хятад биш үндэстэнд илүү дотно хандаж тэднийг дээш нь дэвшүүлэх нь элбэг үзэгдэл байв. Юань гүрний нэг зуу хүрэхгүй богино хугацаанд олон монгол хаад төрсөн боловч хэн нь ч хятад эхнэр болон татвар эм авч байгаагүй, харин ч хятад бус үндэстэн, ялангуяа солонгос үндэстэн бэр буулгаж байсан нь нэн элбэг. Ийм төр Хятадын соёл иргэншлийн үргэлжлэл мөн үү? Ийм төр Тан, Сүн династийн залгамжлагч мөн үү? Монголын Юань гүрний ноёрхлыг Хятадын түүхэн дахь хамгийн харанхуй үе, Хятадын ард түмэн өв уламжлал, соёл иргэншлийн эсрэг харийнхны тогтоосон харанхуй балмад төр байсан гэсэн үзэл бодол элбэг байдаг.
Юань төрийн эсрэг хятадууд олон удаа бослого хөдөлгөөн үүсгэж байсан. Эцэст нь тэсэхээ байж ердийн нэг хувраг бослого удирдан Юанийг түлхэн унагаж монголчуудыг нутгаасаа хөөж явуулсан. Хятад үндэстний Мин династийг үүсгэсэн даруйдаа Жү Юаньжан хаан өнгөрсөн зуун жилийн өс хонзонг авч эхэлсэн билээ. Тэрээр хаан ширээнд суусан эхний хэдэн жилдээ 100 мянган хүн алсан, түүний дийлэнх нь шинэ төрийн ажилтан албан хаагчид байжээ. Гол нь Юань төртэй холбогдуулсан хардлага. Юаньтай холбоотой бүхий л юмыг сэжиглэн устгажээ. Хятадын олон үндэстэн угсаатан болон хэл ярианы аялгыг нэгтгэж байсан дөрвөлжин бичгийг юун түрүүн хориглов. Монгол хүн гэдэг нэрийг ч хэрэглэхээ болиод хуучин шиг татаар гэх болов. Мөнөөх л умрын зэрлэг гэх хоч.
Одоо ч хятадуудын дунд Мин династийн нэр хүнд нэн өндөр. Мао Зэдунг Мингийн анхны Эзэн хаан Жү Юаньжантай зүйрлэн Хятадын түүхэн дахь хамгийн аугаа шинэчлэгчид гэж ярьдаг. Мин династийг үүсгэгчдийг Юанийн өвлөгч нь ч биш, залгамжлагч нь ч биш, эх орноо харийн дээрэмчдээс чөлөөлсөн үндэсний баатрууд гэж үздэг.
Нөгөө талаас Хубилай нь зөвхөн Хятадын хаан байсан төдий биш. 1206 онд байгуулагдсан Их Монгол улс жинхэнэ утгаараа Хубилайг үхснээр дуусгавар болсон юм. Хубилайгаас хойш л дэлхийг эзэгнэж байсан Чингисийн удмынхан таран бутарч биенээсээ үл хамаарсан, тэр байтугай дайсагнасан тус тусын төрүүд болон хуваагдсан. Хубилай бол Их Монгол улсын сүүлчийн хаан. Юань бол тэр том гүрний Хубилайн өөртөө өмчилж авсан нэг л хэсэг нь байлаа. Алтан Орд, Ил Хаад, Чагадайн улс зэрэг нь бүгд Хубилайг хүлээн зөвшөөрдөг, татвар өргөл барьцаа өгөх буюу хураалгадаг байв. Хубилай үнэн хэрэгтээ Номхон далайгаас Адриатын тэнгис хүртлэх уудам дэлхийг захирч байсан хамгийн дээд эзэн нь байлаа. Үүнээс болоод Хятад улсын хил хязгаар Адриатын тэнгис хүртэл үргэлжилж байсан гэж хэн ч хэлдэггүй, тэгэж боддог ч үгүй. Өвлөх, залгамжлах логикийн нөгөө тал энэ байна.
Хубилайн үеийн Хятад бол өнөөгийн Хятад мөн. Харин Хубилайн төр нь Хятадын уламжлалт төрийн өвлөгч, залгамжлагч биш. Хубилайн Хятадад үлдээсэн өв бол нийт хань үндэстнийг нэгтгэсэн газар нутаг юм. Юаний дараа Хубилайд хамаарч байсан хятад биш үндэстнүүд бүгд салан одсон. Төвд, Монгол, Уйгар зэрэг Юаньд хамаарч байсан улсууд Мин династид багтаагүй. Харин эдгээрийн газар нутаг нь өөрийнх нь байсан бөгөөд хойшид ч өөрт нь хамаарах ёстой гэсэн үзлийг хожмийн хятад төрүүдэд үлдээжээ.
[1]Zhao G. Reinventing China: Imperial Qing Ideology and the Rise of Modern Chinese National Identity in the Early Twentieth Century (Modern China. 2006 V.32. #1) p-14
[2]The Guiness Book of Records 1996 (Guiness Publishing Ltd. London 1995) pp-391
[3]Waterson, James .Defending Heaven: China`s Mongol Wars. 1209-1370 (Pen and Sword Books Limited. 2011)