Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутагт автомашин хоорондоо мөргөлдөж, бүхээгт нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг энэ сарын 2-ны өдрийн 19:35 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сумын чиглэлд зорчиж явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус, Дорноговь аймгийн Сайншанд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Тоёота приус 20” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ.
Ослын улмаас суудлын автомашинд зорчиж явсан иргэн Д /27 настай, эрэгтэй/ бүхээгтээ хавчуулагдсан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж, тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн. Харин автобусанд 14 зорчигчтой явсан бөгөөд зорчигчдын биеийн байдал хэвийн байна.
Эх сурвалж: ОБЕГ