Батлан хамгаалах яамнаас "Оюутан цэрэг" хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж байна.
Оюутан цэрэгт их, дээд сургуулийн нэгдүгээр дамжаанд суралцаж буй 2.8-аас дээш голчтой залуусыг элсүүлдэг. Энэ жил нэгдүгээр дамжаанд нийт 22579 оюутан байна. Үүнээс 2.8 голчоос дээш дүнтэй 4887 эрэгтэй оюутан байгааг танилцуулав.
Батлан хамгаалахын яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, хурандаа С.Рагчаадорж:
Бүртгэлийг гуравдугаар сарын 6-10-ны хооронд И-Монголиагаар дамжуулан цахимаар явуулна. Ингээд шаардлага хангасан хүүхдүүд гуравдугаар сарын 14-ны өдрөөс сургуулийнхаа харьяа дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр очиж бүртгэлээ баталгаажуулна.
Үүний дараа гуравдугаар сарын 20-ноос цэргийн албанд биеийн эрүүл мэндээр тэнцүүлэх эмнэлгийн үзлэгийг зохион байгуулна. Ингээд биеийн тамирын шалгалт өгнө. Гурван шатны сонгон шалгаруулалтад тэнцсэний дараа онолын сургалтад хамрагдах эрхээ олж авна. Онолын сургалтыг амралтын өдрүүдэд хоёр сарын хугацаанд зохион байгуулна.
Үүнд тэнцсэн хүүхдүүд зургадугаар сарын 15-наас эхлээд хоёр сарын хугацаатай хээрийн дадлага сургуулилалтад явна. Ингээд цэргийн тангаргаа өргөснөөр цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэж авдаг.
Жилд 1000 орчим оюутан цэрэг элсүүлж байсан. Улсын эдийн засгийн нөхцөлтэй холбоотойгоор төсөв багассан. Өнгөрсөн жил 300 гаруй сая төгрөгийн төсөв тохируулан 400 орчим оюутныг элсүүлсэн. Энэ жил 200 гаруй сая төгрөгийн төсөв бий. Энэ төсөвт тааруулаад 200 орчим оюутан авахаар байна. Нэг оюутанд 1.5 сая орчим төгрөгийн төсөв ногддог.
Оюутан цэрэгт элсүүлэх журам:
Улаанбаатар хотын их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан
2.8-аас дээш голч дүнтэй
2023 оны зургадугаар сарын 15-ны өдрөөр 18 нас хүрсэн байх
Эрүүл мэндийн даатгал төлсөн байх. Эдгээр шаардлагыг хангасан оюутан И-Монголиа системээр хүсэлтээ явуулах боломжтой.