Соёлын сайдын тушаалаар энэ сарын 1-5-ны өдрүүдэд орон даяар “Музейн нээлттэй өдөр” зохион байгуулагдаж байна. Нээлттэй өдрөөр Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргаж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.
Монгол орон даяар өрнөж буй Музейн нээлттэй өдрүүдийн эхний өдөр 8500 гаруй хүн музей үзэж, үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэнг үзэж, боловсролын хөтөлбөрт хамрагджээ.
Үүнээс “Чингис хаан” үндэсний музейгээр нийт 2007 хүн үйлчлүүлснээс 30 хувь нь хүүхэд байсан бол өнөөдөр үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдэхээр байна. Учир нь өнөөдрөөс эхлэн тус музей бүх иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа тул өглөөнөөс эхлэн үйлчлүүлэгчийн хөлд дарагджээ.
Тус музей нь үндэсний түүх, соёл, өв уламжлалыг сурталчлан таниулах зорилгын хүрээнд “Чингис хаан” үндэсний музей байгуулагдсан түүх” гэрэл зургийн тусгай үзэсгэлэн, "Үнэт эрдэнийн чулуу" сэдэвт маркийн анхны өдрийн нээлт, Бэлгэт гөрөөс хэвлэх, Буган чулуун хөшөө хэвлэх, Хүннүгийн нар саран шүтээн ил захидлын хөтөлбөр, Луун хээтэй аяганы хээг барлах хөтөлбөр зэрэг арга хэмжээг зохион байгуулсан байна.
Мөн өнөөдөр “Чингис хаан” үндэсний музейн бэлэг дурсгалын дэлгүүрийн албан ёсны нээлтийн ёслол болох аж.