Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар эмхэтгэсэн “Үндсэн хуулийн эх сурвалж” XII боть номыг Ардын Их Хурлын депутат нарт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Орхон аймгийн БОАЖГ-ын дарга С.Жаргалсайхан, Булган аймгийн БОАЖГ-ын дарга А.Гантөмөр болон албаны хүмүүс хүндэтгэл үзүүлж, гардуулж өгөв.
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ “Шинэ Үндсэн хууль” батлуулахад гар бие оролцож байсан Байгаль орчны сайд асан, Ардын Их Хурлын дэд дарга, Байгаль орчны гавьяат ажилтан Ц.Адьяасүрэн, Орхон аймгийн Газрын албаны дарга асан Л.Баяндалай, Булган аймгийн Халиун багийн Засаг дарга асан С.Ёндонжамц, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын боловсон хүчний дарга асан Д.Адъяа, Орхон аймаг 186 дугаар ангийн захирагч асан Д.Рэнцэннацаг, Булган аймгийн Тэшиг сумын Засаг дарга асан Д.Цэеэн-Ойдов, МУ-ын Гавьяат барилгачин М.Могойтар , Могод сумын сум нэгдлийн дарга асан, Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Б.Даваасүрэн нарт Ерөнхий сайдын мэндчилгээг уламжилж, санал бодлыг нь сонслоо.
Түүхийг эргэн санавал БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаан 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлуулахад эдгээр эрхэм хүмүүс гар бие оролцож байсан билээ. Ардчилсан шинэ Үндсэн хууль тогтоогчид бол Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиараа дархлан хамгаалж, тунхаглан баталгаажуулсан гавьяатнууд юм.