Ардчилсан нам нь улс орны нийгэм, улс төрийн байдал, ард иргэдийн аж амьдралын талаар хэлэлцэн, зөв шийдэл, гарцыг олж, үүнийгээ хууль, тогтоомжоор баталгаажуулан төрийн бодлого болгох саналаа УИХ дахь Ардчилсан намын бүлгээр дамжуулан хэрэгжүүлэх замаар ажилладаг дүрэмтэй билээ.
Ардчилсан намд өнөөдрийн тулгамдаад байгаа гол асуудал бол сөрөг хүчний томоохон намын хувьд эв нэгдэлтэй байж, улс орон ард түмнийхээ эрх ашгийг хамгаалан тэдний талд бат зогсон, эрх баригчдын бусармаг үйлдлийг таслан зогсоож шударга ёс тогтоохын төлөө дуу хоолойгоо нэгтгэн тэмцэл өрнүүлэх явдал юм.
Харамсалтай нь энэ үүргээ хэрэгжүүлэх боломжоо алдан, Үндсэн дүрмийн хүрээнд дотоодын үл ойлголцлоос шалтгаалан маргаан өрнөснийг эрх баригч нам овжиноор ашиглан өнөөдрийг хүртэл АН-ыг төрийн байгууллагуудын оролцоотойгоор талцуулан хагаралдуулсаар ирлээ.
Гэвч байдлыг үнэн зөв дүгнэн үзсэнээр маргалдагч талууд Үндсэн дүрмийн хүрээнд удаа дараагийн хэлэлцээрүүд явуулан одоогоор зарчмын зарим шийдэлд хүрээд байна.
Ардчилсан намын Үндсэн дүрэм гэдэг бол АН-ын гишүүд болон бүтцийн байгууллагуудын баримтлан мөрдөх гол үндсэн хууль бөгөөд АН-ын бүхий л байгууллага энэ дүрмэнд захирагдан үйл ажиллагаагаа явуулах ёстой.
Намын “Их эвлэрэл” ажлын хэсгээс санаачилан хуралдуудах гэж буй ҮБХ-ны хурал нь намын дүрмийн дагуу зохион байгуулагдаж буй эсэхэд намын гишүүд эргэлзэн, ихээхэн санаа зовниж бидэнд хандаад байна.
АН-ын Хэрэг эрхлэх газрын үндсэн үүрэг нь намын бүтцийн байгууллагуудын үйл ажиллагаанд туслах явдал бөгөөд бид намын олон мянган гишүүдэд дүрмээр олгогдсон эрхийг ханган, АН-ын Их хурал, ҮБХ-ны хурлыг хуралдуулах ажлыг зохион байгуулж ирсэн цаашдаа ч нээлттэй байна.
Намын бүтцийн байгууллагын хувьд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс Их хурал болон ҮБХ-ын хурал зохион байгуулах, дүрэм, журамд өөрчлөлт оруулах эрх АН-ын Үндсэн дүрмээр олгогдоогүй ба энэ санаачилга зөвхөн ҮБХ, түүний гишүүд, намын удирдлагад хадгалагдаж, зарлах зохион байгуулах үүрэг нь намын удирдлага ХЭГ-т байдгийг үүгээр сануулж байна.
Дээрх асуудалтай холбогдуулан нэр бүхий ҮБХ-ны гишүүд өргөдөл ирүүлсэнийг Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороонд шилжүүлсэн болно.
Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар хамгаалагдсан гагцхүү хууль дээдлэх, эрх зүйт ёс нь УИХ-ын танхимаас эхлэх ёстойг сануулж, үйл ажиллагаагаа зөвхөн хууль, тогтоомж, намын дүрмийн хүрээнд АН-ын ХЭГ-тай хамтран явуулж ажиллахыг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс шаардаж байна.
Мөн 2022.03.13-ны өдөр АН-ын ҮД-ийн хүрээнд ҮБХ-ны хурал зарлаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Ардчилсан Нам