Зуны гурван сар гэр гэртээ гэдэс цатгалан өлсч, ундаасахыг умартаад байсан багачууд маань энэ сар өл даах төдий “Үдийн цай”, хоолондоо цадахгүй ихэд ууртай байна. Сургуулиасаа, цэцэрлэгээсээ ирчихээд мэндийн ч зөрүүгүй “Хоол байна уу, өлсөөд байна” гэж асуух нь даанч өрөвдмөөр. Уг нь, “Үдийн цай” хөтөлбөр нь хүүхдийн хичээлд суух сонирхлыг дэмжих, сургууль завсардалтыг багасгах, бага боловсролын төвшинд хүүхэд бүрт суралцах тэгш боломжийг хангахад чиглэгдсэн. Гэвч үүргээ сайн биелүүлж чадахгүй байсаар өнөөдөртэй золгов. Үнэндээ 400 төгрөгт багтсан “Үдийн цай”, 1100 төгрөгийн үнэтэй цэцэрлэгийн хоолонд хүүхдүүд төдийгүй эцэг, эхчүүд ч сэтгэл хангалуун биш байгаа. Арга ч үгүй биз. Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд нь аль болох хямдыг бодож бүтээгдэхүүнээ сонгодгоос болж хэд хэдэн сургуулийн хүүхдүүд хоол, цайндаа хордож, амиа алдах дөхсөн гашуун түүх одоо ч мартагдаагүй. Эхнээсээ ходоод, гэдэсний эмгэгтэй болсон учир яаж ч мартагдах билээ. Харамсалтай нь, "Үдийн цай" хөтөлбөртэй холбоотой өмнөх асуудлууд шийдвэрлэгдэж амжаагүй байтал дахин бага ангийн хүүхдүүд хоол, цайнаасаа хордсон эмгэнэлт хэрэг гарлаа. Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн 200 гаруй хүүхэд хоолондоо хордсон ч азаар эсэн мэнд үлдэв.
Гэвч энэ мэт асуудал гарах бүрт эцэг, эхчүүд болоод холбогдох сайд, дарга нар нь хэдэн сургууль, цэцэрлэгийн удирдлагад, бүтээгдэхүүн нийлүүлдэг компаниудад хариуцлага тооцоод өнгөрдөг болохоос биш яг юунд анхаарлаа хандуулах хэрэгтэй байв, яагаад хүүхдүүд хордоод байна вэ гэдгийг тэр бүр ойшоож үздэггүй гэмтэй. Ингээд зургаа дахь жилтэйгээ золгож буй 400 төгрөгийн “Үдийн цай”-г уулгахын тулд, 1100 төгрөгийн үнэтэй цэцэрлэгийн хүүхдийн хоол ямар бэрхшээл дагуулж буйг хамтдаа сонирхъё.
Өнөөдөр сургууль цэцэрлэгүүд яагаад хоол, цайндаа сүү цагаан идээ, жимс жимсгэнэ, төрөл бүрийн хүнсний ногоо, үр тарианы гаралтай бүтээгдэхүүн зэрэг шим тэжээлтэй, эрдэс бодисоор баялаг хүнсний бүтээгдэхүүн сонгон авч хэрэглэхгүй байна вэ. Яагаад мах, гурил, цагаан будаа, гоймон, төмс зэрэг хязгаарлагдмал цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээр хоол хийгээд байна вэ. Тэгвэл энэ асуултад цэцэрлэгийн удирдлагууд дараахь тайлбарыг өгч байна. “Хүүхдийн өдөр тутмын хоолны зардал хүрэлцээгүй учраас нэр төрөл нь цөөн байдаг. Илчлэг чанар нь, тухайн хүүхдүүдийн насны онцлогт тохирдоггүй, хангалттай биш гэдгийг бид хүлээн зөвшөөрнө. Хамгийн гол нь нэг өдөрт хүүхдэд олгож буй хоолны зардлын 1100 төгрөгийг батлах үед нэг кг мах хэдэн төгрөгийн үнэтэй байв. Бараа, бүтээгдэхүүний үнэ ханш ямар байсныг эргэн санахад илүүдэхгүй л болов уу. Одоо байгаа ханштай нь нэг харьцуулаад үзээрэй. Тэгэхээр таны хүүхэд цэцэрлэгтээ ямар хоол идэж байгаа нь ойлгомжтой болох биз” гэж байлаа.
Харин энэ тухайд цэцэрлэгийн тогооч нар нь “Долоо хоногт хоолны цэсээ шинэчилдэг ч материалдаа тааруулан хэдхэн төрлийн хоол хийх болдог. Ихэвчлэн мах, гурил, будаагаар л хоол хийдэг” хэмээн учирлаж байна. Сургууль, цэцэрлэгүүдэд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг компаниудад ч гэсэн өөрсдийн гэсэн зовлон бий. Наад зах нь, компанийнхаа нэр хүндийг бодоод тухайн бүтээгдэхүүнийхээ граммыг нь аль болох багасгахгүйгээр хүүхдүүдийн авах ёстой илчлэгт тохируулан нийлүүлдэг гэдэг. Зургаан жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөрийн мөнгөн дүн нэг ч удаа нэмэгдээгүй байхад энэ хугацаанд гурил, будаа, ус, цахилгаан, шатахууны үнэ хэдэн удаа нэмэгдсэн билээ. Энэ нь, бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч компаниудад хүнд тусч байсан нь хэнд ч ойлгомжтой биз ээ. Тэгэхээр ашиг хонжоо харалгүйгээр нийлүүлсээр ирсэн тэдэнд эцэг, эхчүүдийн өмнөөс талархууштай.
400, 1100 төгрөгөөр юу авч болох вэ
Улаанбаатар хотын сургуулиуд бүтээгдэхүүнээ өдөр бүр татаж авах боломжтой байдаг бол орон нутгийн алслагдсан сумдын сургуулийнхан бүтээгдэхүүнээ 5-14 хоногийн нөөцтэйгөөр авдаг гэдэг. Тэгэхээр 400 төгрөгт нь тааруулаад ямар бүтээгдэхүүн авч болохыг нь тооцоолоод үзье.
Чанасан өндөг -350 төгрөг
Нэг бохь – 50 төгрөг
Нэг аяга аарц – 250 төгрөг
Иштэй чихэр – 150 төгрөг
Нэг ширхэг пирожки – 400 төгрөг
Нэг ширхэг мантуун бууз – 350 төгрөг
Нэг бохь – 50 төгрөг
Нэг иймэрхүү л дүр зураг гарч буй юм. Харин цэцэрлэгийн няравууд 1100 төгрөгт багтаах гэж үйлээ үздэг гэнэ.
Тухайлбал, махны үнэ тэнгэрт хадсанаас болж таван өдрийн хоёрт нь хамгийн хямд буюу тахианы махтай хоол, нэг өдөр нь хагас цагаан, үлдсэн хоёр өдөрт нь бүтэн цагаан хоолоор хүүхдийн голыг зогоодог аж. Харин өглөө хүүхдүүдээ бүртгэж авснаас нь хойш цай, боорцог, өдөр нь усан шөл, тараг, оройн нь гоймонтой шөл зэргээр л аргацаадаг байна. Гэхдээ эдгээр бүтээгдэхүүнийх нь одоогийн үнэ ханш ямар байгааг дурдах нь илүүц биз. Ингээд бодохоор чанартай, илчлэг гэдэг үгийг мартах хэрэгтэй болох нь.
Хоногт авах ёстой илчлэгийнхээ ердөө 50 хувийг нь авдаг
Та хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь ирэхэд ямар хоол цай идэж уусан, цадсан эсэхийг нь асууж байв уу. Өдөр бүр гоймонтой шөл иддэг гэдэг үг нь танд нэгийг бодогдуулдаг гэдэгт эргэлзэхгүй байна. Өнгөрсөн жил цэцэрлэгийн хүүхдүүдээс хоолондоо цаддаг эсэх талаар судалгаа авахад 70 гаруй хувь нь дуу нэгтэйгээр үгүй гэж хариулжээ. Ингэхэд хүүхэд хоногт хэдэн ккал илчлэгийг хоол хүнснээсээ авах ёстой талаар та мэдэх үү. Энэ талаар сонирхвол “Нэг хүүхдэд ногдох хоногийн хоолны норм, үндсэн шимт бодис, илчлэгийн хэрэгцээ” гэсэн Эрүүл мэндийн, БСШУ-ы сайдын хамтарсан 2005 оны 225/296 дугаар тушаал байдаг аж. Дээрх тушаалаар нэг хүүхэд хоногт
-170 грамм мах идэх ёстой. Үүнээс 26.5 г амьтны гаралтай уураг, 262.1 ккал илчлэг
-45 гр будаанаас ургамлын гаралтай уураг, 5.1 г, өөх тос 0.3 г, нүүрс ус 33.0 г, 155.1 ккал илчлэг
-130 грамм төмснөөс уураг 2 г, өөх тос 0.1 г, нүүрс ус 19.7 г, 87.7 ккал илчлэг
-80 г гурилнаас уураг 9.7 г, өөх тос 1.0 г, нүүрс ус 57.5 г, 272.7 ккал илчлэг тус тус авах ёстой юм байна. Тэгвэл энэхүү илчлэгийн хэдэн хувийг хүүхдүүд авч чадаж байгаа талаар гаргасан судалгаанаас харахад 3-7 насны хүүхдэд хоногт 1770-2150 ккал илчлэг бүхий хоол, хүнсний зүйлээр үйлчилбэл тухайн хүүхэд хоногт авах ёстой илчлэг, амин дэм, эрдэс бодисыг бүрэн авах бололцоотой юм байна. Гэтэл өнөөдөр цэцэрлэгийн нэг хүүхэд дунджаар 906-1040 ккал хоол хүнс хэрэглэж буй гэсэн судалгаа гарчээ. Тэгэхээр хоногт авах ёстой илчлэгийнхээ ердөө 50 хувийг нь авдаг байх нь.
Ингээд бодохоор 1100, 400 төгрөгт тааруулах гээд цэцэрлэг, сургуулийн удирдлагууд аль хямдхан хүнсний бүтээгдэхүүн авч буйд шүүмжлэлтэй хандах биш үр хүүхдийнхээ хойч ирээдүйг бодох хэрэгтэй. Хөөрхийс минь аль хямдхан чанаргүй болгоныг идээд ходоод, гэдэсгүй болж буйг “Эрүүл хүүхэд аян”-ы үр дүн харуулсан шүү дээ. Уг аяны судалгаагаар хүүхдийн өвчлөлд амьсгал, шүд, хоол боловсруулах болон шээс бэлгийн тогтолцооны өвчин эмгэг дийлэнх тохиолдлыг нь эзэлж байсныг бид мартах учиргүй.
Тэгэхээр ямаанд хайр зарладаг их хурлын эрхэм гишүүд ээ бяцхан үрсээ бодох цаг нь болсон юм биш үү. Ямаанд 5000 төгрөг төсөвлөж болсон юм чинь жаахан үрсдээ багаар бодоход өдөрт 5000 төгрөгийн хоол өгнө гэж тооцож болдоггүй юм уу. Захын нэг гуанзанд таваг хоол авахад л 4500-гаас дээш үнэтэй л байгаа. Харин боссуудын иддэг хоолны үнэ гэхэд л бүрэн порц нь 50000 төгрөг байх нь энүүхэнд. Балчир үрс минь чанартай сайн хооллож байж л эрүүл өсч, хүмүүжинэ. Тэгэхгүй энэ мэтээр 400, 1100 төгрөгт багтаан хоол, цай өгч байна гэж аргацаасаар байтал “Тийм сургууль, цэцэрлэгийн тэдэн хүүхэд үдийн хоол цайндаа хордож нас барлаа” гэдэг эмгэнэлт мэдээ сонсоход ойрхон болсныг сануулахад гэмгүй л болов уу.