Цэргийн бүртгэл энэ сарын 4-20-нд emongolia.mn-ээр явагдана.
Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын Цэргийн штабаас өнөөдөр хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө.
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Анхны жил буюу 18 нас хүрсэн иргэд хороон дээрээ очиж цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгээд emongolia.mn-д бүртгүүлнэ. Харин дэвтрээ хаяж гээгдүүлсэн, шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд заавал харьяа дүүрэг хороон дээрээ очиж үүрэгтний үнэмлэхээ нээлгэн, бүртгүүлнэ” хэмээлээ.
Мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүртгэлээ хийлгээгүй тохиолдолд ямар нэг хариуцлага тооцох эсэх талаар тодруулахад тэрбээр “Цар тахлын үед зарлан дуудах хуудас авсан ч ирээгүй болон бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд торгоогүй бол энэ жилээс эхлэн хуучин журмаараа торгуулийн арга хэмжээ авна. Харьяа дүүргээсээ хол, гадаад, дотоодод ажлаар яваа иргэд emongolia-гаар бүртгэлээ хийлгэх боломжтой. Энэ жилээс цэргийн үүрэгтний үнэмлэх дээр заавал тамга даруулах шаардлагагүй болсон” гэв.
Иргэний бүрдүүлэх бичиг баримт:
Иргэний үнэмлэх
Цэргийн үүрэгтний үнэмлэх
Ажлын газрын үнэмлэх
Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3×4 цээж зураг 2 ширхэг
Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:
Дээд офицер /Генерал/- 65 нас
Ахлах офицер -60 нас
Дунд офицер, ахлагч -55 нас
Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ – 50 нас
Цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.