Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэ оны мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.
Тэрбээр "Монголчууд бидний хувьд амжилт бүтээл, алдаа оноо хосолсон итгэл найдвар эргэлзээ бүхэн оршсон нэгэн оныг хамтдаа үдэж байна. Энэхүү хэцүү цаг үеийг хохирол багатай даван туулахын туулж, ажлын байраа хадгалж, төр засгийнхаа бодлого шийдвэрийг дэмжин ачааны хүндийг үүрч, улс орныхоо хөгжил дэвшил бүтээн байгуулалтын төлөө хүчин зүтгэсэн аж ахуй нэгжүүд, баялаг бүтээгчид нийт ард иргэддээ Монгол төрийн өмнөөс гүн талархал илэрхийлэе.
Ард иргэддээ байгалийн баялгийнхаа зохих хувийг эзэмшүүлж, үр ашгийг нь шууд хүртдэг байх хууль, эрхзүйн орчныг УИХ, Засгийн газар нэн даруй бүрдүүлж, бодит ажил хэрэг болгох нь зүйтэй гэж үзэж байна. Эх орондоо эзэн байна гэдэг бол байгалийн баялагтаа эзэн байна гэсэн үг.
Хүн төрөлхтөн Хүйтэн дайнаас хойш хамгийн ээдрээтэй цаг үеийг туулж байна. Энэ эгзэгтэй үед монголчууд бидний эрхэмлэн дээдлэх амин чухал зүйл бол үндэстний эв нэгдэл юм. Бид эвийг сахиж, зөвийг эрхэмлэх нь юу юунаас илүү чухал билээ.
Ирж буй 2023 онд даян дэлхийд амар амгалан тогтож, даяар монгол түмэн минь итгэл дүүрэн, сэтгэл тэнүүн, үйлс арвин, цог хийморь төгс байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье" гэв.