Өнөөдөр /2022.12.27/ Ардчилсан намаас ээлжит хэвлэлийн бага хурлаа хийж АН-аас Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн 44 их наяд төгрөгийн нүүрсний хулгайн гэмт хэрэг буюу ЭТТ ХК-тай холбоотой нууцад хамруулсан бүх оффтейк гэрээг ил болгох тухай хугацаатай албан шаардлагын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн бага хуралд Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга И.Мөнхжаргал, Залуучууд, хүний хөгжлийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Б.Энхжин, Улс төр, Бодлогын газрын дарга Д.Бат-Од, Хууль эрхзүйн газрын дарга Л.Батмөнх нар оролцлоо.
Хэвлэлийн хурлын үеэр Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга И.Мөнхжаргал хэлэхдээ, “Алтангадас од ямагт хойд зүгийг заадаг шиг нүүрсний хулгай МАН-ын Засгийн Газар руу байнга заах боллоо. Миний гарт Улсын Ерөнхий Прокурорын мэдээлэл байна. Энэ мэдээлэл дээр нийт нүүрстэй холбоотой 38 хэрэг хянан шалгагдаж байна. 2013-2017 оны хооронд гурван хэрэг байна. Тодруулбал, 2013 оны хоёр, 2015 оны нэг. Бусад нь 2017-2022 оны хооронд гарсан хэргийг шалгаж байгаа юм байна. Мөн Гаалийн Ерөнхий Газраас ирүүлсэн мэдээлэлд 2018-2022 оны хооронд 1748 тээврийн хэрэгслээр 186,4 мянган тонн нүүрсийг экспортын гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдлоо гэсэн байна. Энэ мэдээллийг ЦЕГ-т хүргүүлсэн. Бид холбогдох байгууллагуудын мэдээллүүдийг та бүхэнд хүргэж байна. Монгол Улсын Засгийн Газар ЭТТ ХК-д бүрэн эрхт төлөөлөгчөө томилсон. Тодруулбал, Сангийн Яамны Төрийн Нарийн Бичгийн дарга Жигжидийн Ганбатыг томилсон. Энэ хүн ЭТТ ХК-ийн ТУЗ-д сүүлийн дөрвөн жил ажиллаж байна. Хоёр удаа улиран томилогдсон. Энэ хүн ЭТТ ХК-г өмнө нь шалгаад 2019, 2021 онд гүйцэтгэх захирал н.Ганбат гэдэг хүний ажлыг сайн байна гэж дүгнэсэн. Нийлж хулгайн хэргийг шалгаж явахдаа энэ хулгайгаа шалгаж чадаагүй. Одоо бүрэн эрхт төлөөлөгч болоод өөрөө өөрийгөө шалгах гээд явж байна. Эрдэнэс Таван толгой компанийн ТУЗ-ийг Монгол Улсын Засгийн Газрын багц байдаг учраас Засгийн Газрын ХЭГ-аас долоо хүртэлх хүнийг томилдог. Нийт 38 хэрэг шалгагдаж байгаагийн 35 нь МАН-ын олонх байгаа Засгийн Газрын үед гарсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байгаа. Үүнийг шалгаж байна. Тодруулбал, Энэ нүүрсний оффтейк гэрээ, хулгай бүгд энэ Засгийн Газрын үед хийгдсэн. ЭТТ ХК бие дааж асуудал, том гэрээг хийгээд байдаггүй юм. Засгийн Газраас өгсөн чиглэлийн дагуу гэрээг хийдэг. Өнөөдөр МАН-ын Засгийн Газар нүүрсний хулгайн гэмт хэрэгтэй тэмцэж байна гэж байна. Өөрөө өөрийнхөө хяналт тавьж чадаагүй, доороо ажилладаг нэгжийнхээ асуудлыг хянаж чадаагүй. ТУЗ-д нь ажиллаж байсан хүмүүсийг бүрэн эрхт төлөөлөгчөөр томилж, ингэж хүмүүсийн толгой эргүүлэхээ больцгоо. Нүүрсний хулгайч гэдэг бол МАН-ын Засгийн Газарт байна. Энэ зүг рүү бүгд харах ёстой. Одоо Засгийн Газраа УИХ нь дуудаж ирээд энэ үйлдлүүдээ шалгах цаг нь болсон. Засгийн Газрынхаа энэ асуудлыг ярих цаг нь болсон” гэлээ.
Мөн Ардчилсан намын Улс төр, Бодлогын газрын дарга Д.Бат-Од Ардчилсан намаас Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн хугацаатай шаардлагын талаар мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ, “2016 оноос хойш МАН хоёр удаагийн сонгууль дамнаад үнэмлэхүй засагласан. Энэ засаглаж байх хугацаанд нь 44 их наяд төгрөгийн нүүрсний хулгай буюу луйвар нь илэрч байна. Тодруулбал, энэ жилийн төсвөөр тооцоод хоёр жилийн улсын төсвийг хэдэн хулгайч нийлээд идчихсэн байна. Монгол Улсын иргэн бүр 1072 хувьцааг нь эзэмшдэг ЭТТ ХК-аас яагаад ийм хулгай гарав? Яагаад хулгай хийх боломж олгосон гэрээнүүдийг нууцад авсан бэ? Нууцад хэдэн гэрээ авсан бэ? Тэр гэрээний хэдийг нь ил болгоод хэдийг нь ил болгоогүй байгаа вэ? Энэ бүх гэрээнүүдээ ил болго. Монголын ард түмэнд ил болгож нээлттэй засаглалаа хэрэгжүүл. Яагаад хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэлгүйгээр нууцад авсан бэ? Яагаад хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэлгүйгээр энэ оффтейк гэрээнүүдийг хийх зөвшөөрлийг ЭТТ ХК-д өгсөн бэ? Энэ бол зөвхөн Засгийн Газрын бүрэн эрхийн асуудал. Нийгмийг төөрөлдүүлж байна. Засгийн Газарт л оффтейк гэрээ хийлгэх, нууцад авах, нууцаас гаргах, сунгах эрх нь байна. Өнөөг хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ гэх гурван хүн ажилласан байна. Энэ хүмүүсийн үед оффтейк гэрээ хийгдэж хулгай хийх боломжийг олгосон байна. ХЭГ-ын даргаар Ж.Мөнхбат, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж нар ажиллаж байсан байна. Энэ хүмүүсийн нүд чихээр нь дамжихгүйгээр хулгай хийх ямар ч боломжгүй ” гэлээ.