УИХ болон ЗГ-ын гишүүн, дэд сайд нарын хамаарал бүхий ААН-ийг тендерт оролцуулахгүй, хамаарал бүхий иргэнийг төрийн албанд ажиллуулахгүй гэх шийдвэрийг өнгөрөгч лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай ярилцлаа.
-Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр болсон. Энэ ямар үүрэгтэй байгууллага вэ?
-Засгийн газрын зүгээс төрийн албаны, төрийн алба хаагчийн хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх зорилго тавьсан. Энэ хүрээнд төрийн албанд ард иргэдийг тавьсан шаардлагыг албан байгууллага, ажилтан байх ёстой гэж үзсэн. Тиймээс Засгийн газрын дотоод хяналтын газар гэх байгууллага бий болгосон. Энэ байгууллага төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус байдлаар хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулна. Төрийн захиргааны албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавина. Дөрвөн чиглэлээр ажиллана. Нэгдүгээрт, байгууллагын үйл ажиллагааны 30 орчим хувь нь хяналт шалгалтад зориулагдана. 70 орчим хувь нь урьдчилан сэргийлэх, тандан судалгаа хийх чиглэл дээр төвлөрнө. Ямар нөхцөл байдлын улмаас төр, иргэн хоёрын хооронд асуудал үүсээд байгааг шинжилнэ гэсэн үг. Хяналт хэрэгжүүлэх газрын бүтцийг төрийн бүтцээс өөрөөр хийх гэж хичээж байна. Тухайлбал, нэг агентлагт агентлагийн дарга, газар, хэлтэс алба гээд нэгжүүд байдаг. Тэгвэл Хяналт хэрэгжүүлэх газар нь багийн системээр ажиллана гэсэн үг.
-Дарга гэх статус байхгүй болно гэсэн үг үү?
-Дарга гэх статусыг байхгүй болгож эхэлж байна гэсэн үг. Цаашдаа энэ байдлыг төрийн бүх түвшинд нэвтрүүлэх ажлыг хийнэ. Хяналт хэрэгжүүлэх газар зургаан нэгжтэй. Эдгээр багийн ахлах судлаач, ахлах менежер, ахлах шинжээч, ахлах хуульч гэх статустай болно. Дарга гэж байхгүй гэсэн үг. Дарга гэхээр тусгай хангамж шаарддаг. Машин унах, тусгай өрөөнд суух шаардлагатай болчихдог. Тиймээс энэнээс ангижирна. Энэ байгууллагын бүрэлдэхүүнийг төрд ажилласан туршлагатай, төрийн захиргааны чиглэлээр мэргэшсэн хүмүүсийг нээлттэй сонгон шалгаруулалтаар авна. Хамгийн чухал шаардлага нь ёс суртахуун.
-МХЕГ-ын татан буулгасан. Чиг үүргийг нь зарим яамдад өгөхөөр болсон. Энэ талаар үргэлжлүүлэх ярилцья?
-МХЕГ-ыг татан буулгасан үндсэн шалтгаан нь ард иргэдийнхээ итгэлийг даахгүй болсонтой холбоотой. Иргэн оршиж байгаа учир төр оршиж байдаг. Төрийн үндсэн үүрэг нь иргэдэд үйлчилгээ үзүүлэх. Гэтэл төрийн байгууллага иргэдийнхээ итгэлийг даахгүй болсон бол өөрчлөх эрх нь төрд бий. Тиймээс мэргэжлийн түвшинд хяналт тавьдаг байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 11 яаманд МХЕГ-ын чиг үүргийг өгсөн. Анх 2003 онд МХЕГ-ыг байгуулахдаа салбар, салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн байдаг. Гэвч цаг хугацааны уртад мэргэжилтэй боловсон хүчний тоо цөөрсөн. Үүний улмаас мэргэжлийн түвшинд хяналт тавьж чадахгүйд хүрсэн. Цаашдаа төр Үндсэн хуулиар олгогдсон үүргийнхээ хүрээнд хяналтаа тавина. Бусад төрлийн хяналтыг мэргэжлийн холбоодод чиглүүлэх замаар хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар хяналт тавиулах нөхцөл бүрдүүлдэг.
-“Эрдэнэс монгол” компани шинэ удирдлагатай болсон. Болсон даруйдаа 88 орон тоон дээр шинэ ажлын байр зарласан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-“Эрдэнэс монгол”-ийн гүйцэтгэх захиралыг томилоод хагас сар болж байна. Тус компани байгуулагдаад 15 жил болсон. Менежментийн, хөрөнгө оруулалтын компани болох зорилгоор анх байгуулагдаж байсан. Сүүлийн үед хөгжлийн сан бүрдүүлэх, баялгийн сан бий болгох зорилготойгоор үйл ажиллагаа явуулж ирсэн. Тус компани нь төрийн өмчит байгууллагын хувьд хамгийн өндөр цалин олгож байгаа. Ажилчид нь 3-10 сая төгрөгийн цалин авдаг. Тиймээс мэргэжлийн боловсон хүчнүүдийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт явуулдаг тогтолцоо бий болгоно. Тиймээс нэгдүгээр сарын 2-16-ны өдрүүдэд бүртгээд, нэгдүгээр сарын 20-25-ны өдрүүдэд шалгалтын ажил хийнэ. Улмаар 88 ажлын байрыг эзэнтэй болгоно. Үүнд төр оролцохгүй. Төр зөвхөн хяналт тавих үүрэгтэй. Энийг амжилттай зохион байгуулаад, “Эрдэнэс монгол” компанийн харьяанд байгаа 30 гаруй охин компанийг дээрхийн адилаар шинэ бүтэц, шинэ багтай болгоно.
-Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг хувьчлах асуудал яригдаад байна. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Төрийн өмчит компани гэх ойлголтыг хоёр түвшинд өөрчлөх зорилготой байна. Нэгдүгээрт, олон нийтийн хяналтад буюу компанийн 34 хувийг олон нийт, ард иргэд эзэмших боломжтой нөхцөлөөр Хөрөнгийн биржээр дамжуулах хувьцаа гаргаж байгаа. Ингэхдээ ё бий болгохоос урьдчилан сэргийлнэ. Үүний хүрээнд ирэх даваа гарагаас Хөрөнгийн биржийн 34 хувийн IPO гаргах ажил эхэлнэ. Иргэд олноороо хувьцаа авах боломж бүрдүүлэх зорилгоор ажиллана. Цаашдаа олон нийтийн хяналт дор хувьцаа гаргах ажлыг ирэх жилээр зохион байгуулна.
-УИХ, Засгийн газрын гишүүд, дэд сайдын албан тушаал хашиж байгаа хүмүүсийн харилцан хамаарал бүхий этгээдүүд төрд, төрийн захиргааны болон төрийн өмчийн хуулийн этгээдэд удирдах ажил, албан тушаал эрхлэхгүй байх тухай шийдвэр гарсан?
-УИХ, Засгийн газрын гишүүд, дэд сайдын албан тушаал хашиж байгаа хүмүүсийн харилцан хамаарал бүхий этгээдүүд буюу эхнэр, нөхөр, төрсөн ах, дүү нар тухайн этгээдийг дээрх албанд ажиллаж байх хугацаанд нь төрд, төрийн захиргааны болон төрийн өмчийн хуулийн этгээдэд удирдах ажил, албан тушаал эрхлэхгүй байх үүргийг Монгол Улсын Ерөнхий сайд өгсөн. Мөн гишүүдийн хамаарал бүхий хүмүүсийн болон хамаарал бүхий этгээдийн эзэмшлийн компани төрийн тендер болон худалдан авах ажиллагаанд оролцохгүй. Үүнтэй холбоотойгоор Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Мөн Төрийн албаны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар эдгээр шаардлагыг хэрэгжүүлнэ. Гэхдээ энэ нь төрийн албыг нийтээр нь хавтгайруулж хийх гэж байгаа ажил биш. Зөвхөн улс төрийн алба хаагчидтай хамааралтай гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.