МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатарыг албан тушаалаас нь шат буруулж хариуцлага тооцохыг АТГ-аас шаардав
Булавч бултайж, даравч дардайсан булхайтай захиралдаа хариуцлага тооцохыг АТГ-ын Хяналт шалгалт, шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Энхболд шаардаж, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Д.Батсүхэд одоо захирлаар ажиллаж байгаа А.Бүрэнбаатар нь ерөнхий захирлын ажилд тэнцэхгүй учир хариуцлага тооцож албан тушаал бууруулж хариуцлага тооцохыг сануулж 2022 оны 11 дүгээр сарын 30-нд албан бичиг хүргүүлсэн байна.
МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатарыг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа талаар бид өмнө мэдээлж байсан. Гэтэл А.Бүрэнбаатар, “намайг гүтгэж байна, би ажлаа хийж байгаа...” гэх мэтээр илт жүжиглэж, өөрийг нь уг албан тушаалыг хашихыг эсэргүүцсэн хүмүүс ийм яриа гаргаж байгаа талаар өгүүлж байсан. Тэр бүү хэл “миний албан тушаалд санаархсан хүмүүс ийм яриа гаргаж байна хэмээн илтэд бухимдаж байсан” А.Бүрэнбаатарыг албан тушаалын амтанд орж, эрх мэдэлтэй байдлаа илтэд урвуугаар ашигласан байж болзошгүй байдлыг хууль хяналтын газраас тогтоогоод байгаа нь энэ юм. Дашрамд дурдахад А.Бүрэнбаатарт холбогдох хэд хэдэн хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа бөгөөд эхнээсээ ийнхүү хуулийн дагуу шийдэгдэж, хэн нь худлаа яриад байгаа нь ил болж гарч ирэв.
Нөгөө талаар А.Бүрэнбаатар тус байгууллагын даргаар ажиллаж байгаа хэдий ч өөрөөс нь бусад дарга албан тушаалтнууд одоо хүртэл “үүрэг гүйцэтгэгч”-ээр ажиллаж байгаа нь түүний хувьд байгууллагынхаа бүтцийг ч батуулах чадамжгүй нэгэн болохыг харуулж байна гэхэд буруудахгүй юм. МҮОНРТ хэмээх хариуцлагатай байгууллагад захирлаар ажиллана гэдэг арилжааны телевизэд ажиллаж байсан ердийн хөтлөгчид тийм ч амар олдох аз завшаан биш болохыг өнөөдрийг хүртэл тус байгууллагад үүссэн асуудлууд харуулж байна. Гэтэл энэ албан тушаалын хариуцлага, үүргийг ухамсарлаагүй харин ч хуурч мэхэлж явсан А.Бүрэнбаатарын зүй зохисгүй үйлдлийг АТГ-аас иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу тогтоож, холбогдох хариуцлага буюу одоо гүйцэтгэж байгаа Ерөнхий захирлын албан тушаалд тохирохгүй учраас тушаал бууруулж хариуцлага тооцохыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн даргад шаардсан нь ийнхүү олон нийтэд ил болсон юм.
А.Бүрэнбаатарыг АТГ-аас Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг үндэслэн шалгаж, Хувийн ашиг сонирхолын мэдүүлэг, Хөрөнгө орлогын мэдүүлгээ илтэд зөрүүтэй, худал мэдүүлснийг тогтоож, илрүүлсэн зөрчлүүдэд нь зохих хариуцлага, хамаарагдах хуулийн дагуу тооцож, арга хэмжээ авах, уг арга хэмжээг 2022 оны 12 дугаар сарын 28-нд багтаан шийдвэрлээд АТГ-т хариуцлага тооцсон тухай албан бичгийг хүргүүлэхийг тус газрын Хяналт шалгалт, шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Энхболд үүргэдсэн байна.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2021 оны гуравдугаар сарын 05-ны 18 дугаар тогтоолоор А.Бүрэнбаатарыг Ерөнхий захирлын албан тушаалд томилохдоо түүний Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй нь Нийтийн албанд Нийтийн болон Хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дах хэсэгт “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага /албан тушаалтан/ хүлээн авч АТГ-т хүргүүлэн” гэж заасныг зөрчсөн. Учир нь уг албан тушаалд томилогдсоноос хойш хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон Хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж мэдүүлсэн. Ингэснээр Авлигын эсрэг хуулийн 10 дугаар заалтын 10.3 дахь хэсэгт заагдсан “Мэдүүлэг гаргагч Хөрөнгө орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж, энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн.
Мөн А.Бүрэнбаатар нь “Тэнүүн марал” ХХК, “Такай дайсэй” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар албан ёсоор бүртгэлтэй атлаа Нийтийн албанд Нийтийн болон Хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол албан тушаалтан энэ хуулийн 18.6-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн.
Түүнчлэн А.Бүрэнбаатар нь Хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөг хэсэгт орхигдуулсан зөрчлүүдийг дурдвал, “Гэр бүлийн гишүүний дундын өмчлөлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцаа, Хөрөнгө орлогын мэдүүлгийн “ Орон сууц, барилга байгууламж” хэсэгт бүртгүүлээгүй орхисон. Мөн адуу худалдан борлуулсан гэсэн атлаа Хөрөнгө орлогын мэдүүлгийн “орлого” хэсэгт бүртгүүлээгүй, өөрийн үүсгэн байгуулж, хөрөнгө оруулсан “Экотэнцэл” ХХК-ийг Хөрөнгө орлогын мэдүүлгийн мэдүүлгийн “компани, нөхөрлөл, хошуунд оруулсан хөрөнгө оруулалт” хэсэгт мэдүүлээгүй орхисноос гадна өөрийн болон гэр бүлийн гишүүдийн арилжааны банкинд эзэмшиж буй хадгаламж, харилцах данснуудын үлдэгдлийг Хөрөнгө орлогын мэдүүлгийн “хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картын үлдэгдэл” хэсэгт зөрүүтэй буюу худал мэдүүлснийг АТГ-аас шалгаж тогтоосон байна. А.Бүрэнбаатар нь эдгээр үйлдлээрээ Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дах хэсэгт “мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчсөн учраас түүнд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.3-т зааснаар хариуцлага тооцох үндэслэлтэй байна гэж АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс үзсэн байна.