Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Монгол" ХХК-тай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлыг хоёр долоо хоногийн өмнө томилсон. Үүнтэй холбогдуулж тус компани цаашдаа цэвэр менежментийн компани болох ёстой. Энэ үүрэг чиглэлийн дагуу бүтцээ баталсан бөгөөд ажилчдын нээлттэй сонгон шалгаруулалтын талаар өнөөдөр мэдээлэл өгнө.
Түүнчлэн Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу УИХ, Засгийн газрын гишүүн, дэд сайд нарын хамаарал бүхий этгээдүүд нь тэднийг төрийн албанд ажиллаж байх хугацаанд төрийн өмчийн болон төрийн захиргааны байгууллагад удирдах албан тушаал хашдаггүй байх. Мөн УИХ, Засгийн газрын гишүүд, дэд сайд нарын өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий этгээдүүдийн компани нь төрийн тендер худалдан авалтын үйл ажиллагаанд ордоггүй байх зохицуулалтыг хийх үүрэг чиглэл өгсний дагуу ажил явагдаж байгаа" гэдгийг хэлэв.
Өнгөрсөн оны 12 дугаар сард батлагдсан хуулиар төрийн өмчинд байгаа компаниудын 34 хувь буюу хяналтын багцыг олон нийтэд шилжүүлэх нь зөв гэж Засгийн газрын зүгээс үзэж байгаа. Төрийн өмчинд байгаа аж ахуйн нэгж амжилттай ажиллаж чадахгүй байна гэдэг саналыг олон жилийн турш хэлж ирсэн. Тиймээс менежментийн оновчтой болгох ажил амжилттай эхэлж байгаа гэдгийг хэлмээр байна. 2023 он төрийн өмчийг олон нийтийн хяналтад эрчимтэй шилжүүлсэн жил болох нь.
"Эрдэнэс Монгол" ХХК байгуулагдаад 15 жил болж байгаа ч өнөөдрийг хүртэл үндсэн үүргээ амжилттай хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бий болгож чадаагүй. Цаашдаа "Эрдэнэс Монгол" ХХК нь Монголын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах компаниудын удирдлага менежментийг оновчтой болгох, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдыг татан төвлөрүүлэх, иргэдэд хөгжих боломж бүрдүүлэх, цаашлаад Монгол Улсын баялагийн сан, хөгжлийн санг бий болгох чиглэлд үнэтэй хувь нэмрээ оруулах томоохон компани юм. Тиймээс бүтэц, зохион байгуулалтыг нь шинээр хийж байгаа. Тус компанийг нийт 89 орон тоо, долоон газар, долоон хэлтэстэй үйл ажиллагаа явуулна. Тус компанид нийт 89 орон тоо бий. Тиймээс нийт 88 орон тоон дээр сонгон шалгаруулалтыг нээлттэй хийнэ. Цаашдаа төрөөс байгуулагдаж байгаа бүтэц, зохион байгуулалтын хувьд аль болох дарга гэх нэршлээс татгалзах ёстой гэх зорилготой байгаа. Дарга гэхээр л тусгай хангамж шаарддаг, бусдаас илүү давуу эрх эдлэх боломж бүрддэг. Тиймээс дарга гэх ойлголтыг халж байгаа. Тиймээс "Эрдэнэс Монгол" ХХК-ийн долоон газрын долоон ахлах менежер болон долоон менежерийн орон тоо шаардлагатай. Мөн 74 мэргэжилтэн ажиллах шаардлагатай. Тиймээс эдгээр 88 ажлын байрыг нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байгаа. Одоо ажиллаж байгаа ажлын байр нь байхгүй болсон хүмүүст ажлаас чөлөөлөгдөх мэдэгдэл хүргүүлнэ. Ажлын байр нь үлдэж байгаа хүмүүс нээлттэй сонгон шалгаруулалтад орж, тэнцвэл үргэлжлүүлэн ажиллах боломжтой. Ажлын байрны шаардлага бий болсон. Нэгдүгээр сарын 2-16-нд сонгон шалгаруулалтын бүртгэл явуулна. 20-нд тестийн шалгалт авна. 2-р сарын 1-нээс багаа бүрдүүлэн шинэ менежментээр үйл ажиллагаа явуулна.
Ажлын байрны шаардлага:
-
Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
-
Нэг ба түүнээс дээш гадаад хэлтэй
-
Ахлах менежер улсад 8-аас дээш жил ажилласан байх
-
Менежер нь улсад 5-аас дээш жил мэргэжлээрээ ажилласан байх
-
Хууль эрхзүй, хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлаар тестийн шалгалт авна. Шалгалтыг ТАЗ-ийн шалгалтын системд үндэслэн явуулна" гэв.