Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хууль бус жагсагчдын гэрүүдийг буулгасан”

Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцохыг шаардсан жагсаал 18 дахь хоногтоо төв талбайд үргэлжилж байна. Одоогоос хоёр хоногийн өмнө цагдаагийн байгууллага жагсагчдад шаардлага хүргүүлсэн бол өчигдөр /2022.12.20/ 23:00 цагийн үед албадан тараах арга хэмжээ авчээ.

Тодруулбал, нийслэлээс олгосон зөвшөөрлийн дагуу Сүхбаатарын талбайд жагсагчид дөрвөн гэр барьж, тог авсан. Хэдийгээр зөвшөөрөл байгаа ч жагсагчид Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулийг зөрчиж, тодорхойгүй шаардлага тавьж байгаа учир албадан тараах арга хэмжээ авч эхэлжээ.

Учир нь Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулийг зөрчин зарим жагсагч өөрийн болон бусдын амь насанд хохирол учруулах эрсдэл үүсгэж,  бусдын нэр хүндэд санаатайгаар халдсан гэж үзжээ. Тиймээс цагдаагийн байгууллага тус жагсаалыг хууль бус гэж үзэж албадан арга хэмжээ авсан байна.

СҮҮЛИЙН ӨДРҮҮДЭД ӨРНӨЖ БУЙ ЖАГСААЛ ХУУЛЬ БУС

Тайван замаар үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийн дунд тэмцэгчийн дүрд тоглож, үймээн дэгдээхийг оролдож байгаа нэгэн байгааг ч цагдаагийн байгууллагаас анхааруулсан. Мөн удахгүй төв талбайд болохоор төлөвлөсөн олон улсын арга хэмжээнүүдтэй холбоотойгоор жагсагчдыг тарахыг албан бичгээр мэдэгдсэн гэв.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам сахиулах албаны дарга, хошууч Б.ЛХАГВАЖАВ:

-Монгол Улсын иргэн Үндсэн хуульд заасны дагуу үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэхдээ энэ эрхийг жагсаал, цуглаан зохион байгуулах журмаар зохицуулдаг. Үүнийг жагсагчдад удаа дараа зөвлөмж, анхааруулга хэлбэрээр хүргэсэн. Мөн жагсагчдад холбогдох шаардлагыг хүргүүлсэн. Тухайлбал, Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулийн 13.1 дэх хэсэгт зааснаар нийгмийн хэв журам хамгаалах хуулийн байгууллага жагсагчдын эрүүл мэнд, амь насыг хамгаалах үүрэгтэй. Энэ зүйл заалт хууль бус жагсаалд үйлчлэхгүй.

Сүүлийн өдрүүдэд өрнөж буй жагсаал нь хууль бус буюу хүний нэр төрд халдах, жагсаалд оролцогчид өөрийн болон бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй үйлдлүүдийг гаргах болсон. Цаашид энэ байдал даамжирвал хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж болзошгүй.

Тиймээс төв талбайд үргэлжилж буй жагсаалыг иргэд тайван замаар үзэл бодлоо илэрхийлж байна гэх үндэслэлгүй бөгөөд хүний эрхээр халхавчлан, хууль бус, нийгмийг талцуулсан үйл ажиллагаа хийж байна гэж үзэж байна. Иймд цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс өмнө олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна.

Мөн жагсаалаас шалтгаалж Сүхбаатарын талбайд товлоод байсан олон улсын фестиваль арга хэмжээнүүдийг цуцлахад хүрсэн.

Үүнээс гадна цаг агаар хүйтэрч байгаагаас шалтгаалж жагсагчдын биеийн байдал муудах эрсдэлтэй. Тиймээс эдгээр шалтгаан нөхцөлийг харгалзаж жагсагчдад төв талбайг чөлөөлж өгөхийг хүсч, албан мэдэгдэл шаардлага хүргүүлсэн.

ГЭРҮҮДИЙГ БУУЛГАЖ, ТОГИЙГ ТАСАЛСАН Ч СТӨ-НД БАЙРЛАЖ БОЛНО

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө өчигдөр /2022.12.20/ төв талбайд жагсаал хийж байгаа иргэдийг Соёлын төв өргөөнд нүүлгэх хүсэлт тавиад буй. Учир нь иргэдийн зүгээс гэр хүйтэн байна гэж гомдоллосон бөгөөд нүүрсний асуудлаар өнөөдөр  болох нээлттэй хэлэлцүүлэг хийхэд тохиромжгүй байгаа юм. Мөн ТҮК-ийнхэн хог шороо ихтэй, цэвэрлэгээ хийх саналыг бас тавьсан.

Өдөрт ойролцоогоор 15-60 орчим хүн талбай дээр хонож байна. Тиймээс СТӨ-г нээсэн. Гэрүүдийг буулгасан ч жагсагчдад СТӨ нээлттэй гэсэн юм.

Ямартай ч цагдаагийн байгууллагын хуулийн дагуу тавьсан шаардлагыг жагсагчид биелүүлээгүй, хууль бус үйлдэлд уриалж байгаа учир гэрүүдийг буулгасан байна. Гэхдээ одоогоор хоёр гэрийг буулгаад байгаа аж. Жагсагчид өнөөдөр нийслэлд гэр барих асуудлаар дахин хандана гэдгээ мөн цахим хуудастаа илэрхийлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан