-АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийг шалгаж заримыг нь яллагдагчаар татан нэрсийг нь зарлаж эхлээд буй. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар нүүрсний хэрэгт холбогдсон байж болзошгүй 50 хүнийг одоогийн байдлаар шалгаж байгаа гэх мэдээллийг өгч байна.
-Тэгвэл өнөөдөр нүүрсний хэрэгт хамаатуулан Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, С.Баяр нарыг АТГ-аас дуудаж гэрчийн мэдүүлэг авахаар болжээ. Ташрамд сануулахад, Хуулийнхны шалгалтаар нүүрсний хулгайн хэрэгт төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан болон одоо хашиж байгаа зарим хүмүүсийн нэрс ч дурдагдаж байна.
-Тэдгээрийн нэг нь Монгол Улсын экс ерөнхийлөгч Х.Баттулга байсан бөгөөд түүнийг АТГ-аас энэ сарын 15-ны өдөр мэдүүлэг авч яллагдагчаар татсан байна. Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ талаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсан тогтоол батлагдсан. Эрүүгийн хэрэг үүсгэсний дараа мөрдөгч дараагийн хойшлуулшгүй арга хэмжээг авна. Ямар таслан сэргийлэх арга хэмжээ авахаа тухайн хүний хувийн байдалд тохируулдаг. Оргон зайлж, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй байгаа тохиолдолд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авна. Хувийн батлан даалт, гадагшаа гарахгүй баталгаа, барьцаа тавьж болдог. Миний ойлгосноор энэ сарын 18-ны өдөр Сөүлийн чиглэлд нисэхийнхээ өмнө хувийн баталгаа гаргаж, эмчлүүлэх шаардлагатай байгаа гэсэн эрүүл мэндийн бичиг баримтыг нотолсныг мөрдөгч хүлээн авснаар явуулсан гэж ойлгосон” гэв.