“Бодь Интернэшнл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан: "Тавантолгой-Гашуунсухайт"-ын төмөр замын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Бид "Тавантолгой-Гашуунсухайт"-ын цогцолбор төслийг хэрэгжүүлсэн. 2008 оны зургадугаар сард "Энержи ресурс" компанид энэ төслийг хэрэгжүүлэх эрхийг нь өгсөн байдаг. Анхны зөвшөөрлийг С.Баярын Засгийн газарт өгсөн. Дараа нь 2012 онд концессын гэрээ байгуулах эрх С.Батболдын Засгийн үед өгсөн. Гэхдээ 2012 оны арваннэгдүгээр сарын 3-нд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед концессын гэрээг цуцалсан. Бодлогын баримт бичгийн дагуу Монголын төмөр зам компани руу шилжүүлсэн. Монголын төмөр гэдэг компани "Энержи ресурс"-тай хэлэлцээр хийгээд нөхөн төлбөр, зардал олгосон.
Улмаар Хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын санхүүжилт авч ажлыг үргэлжлүүлсэн. "Энержи ресурс"-ын сонгосон САМСУНГ компани суурь бүтцийн инженерийн байгууламжийг барьж байгаад 2014 оноос энэ ажил санхүүжилтгүй зогссон. 2014 оны 12 дугаар сард Ч.Сайханбилэг захирамж гарган, ажлын хэсэг гаргасан. 2015 оны долдугаар сард УИХ-аас Ажлын хэсэг байгуулаад тэр үед сонгон шалгаруулсан БНХАУ-ын "Шиньхуа Энержи" компани "Энержи Ресурс" компанитай хийсэн гэрээ нь Монгол Улсад илт хохиролтой гэж үзээд гэрээ цуцлагдсан. 2015-2019 он хүртэл энэ төсөл зогссон. Энэ хугацаанд САМСУНГ компанийн ажлыг зогсоогоод Ерөнхий захирал болон Зургийн компанийн Ерөнхий захирал хоёрыг 515 хоног саатуулаад 2018 оны үед Солонгосын захирлыг ажлын хариуцлага алдсан гээд 40 сая төгрөгөөр торгоод явуулсан. Тэндээс сэжигтэй зүйл илрээгүй гэж бид ойлгосон.
"Энержи Ресурс"-ын захиалгаар хийгдсэн ТЭЗҮ НЭГ ТЭРБУМ 68 сая ам.доллараар батлагдсан. Энэ ТЭЗҮ-ийн хүрээнд ажил явагдаж байхад захиалагч нь Монголын төмөр зам болоод нэг ч өөрчлөлт ороогүй. Энэ ТЭЗҮ-ээр САМСУНГ ажлаа үргэлжлүүлсэн. Ингээд өмнө гаргасан 200 ам.доллараас нөхөн төлбөр торгууль гэх мэт төлбөр хийгдээд зөрүү болох 792 ам.доллараар гэрээ байгуулсан. Бид 2019 онд гэрээ байгуулахдаа 2013 он буюу ДОЛООН жилийн өмнөх төслийн үнээр гэрээ байгуулсан. Бидний анхны гэрээ бол 792 сая ам.долларын гэрээ. Анхны гэрээ хил рүү очоогүй 37 км-ын наана хүрэх төмөр зам байсан. Дараа нь 213 сая ам.долларын нэмж өгөөд ТӨСЛИЙН НИЙТ ӨРТӨГ нэг тэрбум 5 сая ам. доллар болсон.
Нэг тэрбум 5 сая ам. доллар бол зургаан багц ажлынх. Үүнээс төмөр зам 474,2 сая доллар буюу НЭГ км нь 1 сая 460 мянган долларын өртөгтэй баригдсан. Нэг үгээр бид нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын нэг км-ыг 460 мянган ам.доллараар барьсан.
Нийт зургаан багц /ажлын өртөг 869.1 сая ам.доллар/:
- Төмөр зам
- Дохиолол холбоо
- Барилга байгууламж
- Эрчим хүч
- Хөдлөх бүрэлдэхүүн
- Засварын өртөг
2013 оны төслөөр бид ажлаа гүйцэтгэж байгаа. Манай төсөл 82 хувьтай, нээлтээ хийсэн. Өдөр бүр нүүрсний тээвэр хийгдэж байна. Олон зуун хүн ажиллаж байгаа ч одоогийн үүссэн нөхцөл байдлаар төсөл бүрэн хийгдэж дуусах эсэх нь эргэлзээтэй байна" гэлээ.