Нүүрсний хулгайтай холбоотой гэмт хэрэг шалгалтыг явцын талаар АТГ-ын дэд дарга Г.Азжаргал дараах мэдээллүүдийг өглөө.
АТГ-ын дэд дарга Г.Азжаргал:
Нүүрсний хэрэгт холбогдуулан 30 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна. АТГ-аас “Эрдэнэс Тавантолгой” ХК , “Тавантолгой төмөр зам” компаниудын эрх бүхий албан тушаалтнууд тендер сонгон шалгаруулах, нүүрс худалдах худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгох, нүүрс тээврийн төмөр замын барилгын ажил гүйцэтгэхдээ бусдад давуу байдал олгосон, авлига авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэг бүртгэлийн 11, мөрдөн байцаалтын долоон хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөрдөн байцаалтын долоон хэрэгт 47 обьектэд нэгжлэг хийж, 15 хүнийг хойшлуулашгүйгээр баривчилсан. Тэдний 10-т нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авснаас өнөөдрийн байдлаар зургаан хүнийг үргэлжлүүлэн цагдан хорьж байна.
Нийт 30 хүнийг яллагдагчаар татсан. Үүнээс долоон албан тушаалтныг хахуул авах гэмт хэрэгт, 16 хүнийг хахуул өгөх гэмт хэрэгт, таван албан тушаалтныг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, 2 хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт шалгаж байна. Нийт албан тушаалтнууд 5.4 тэрбум төгрөгийн хахуул авсан болох нь тогтоогдоод байна.