Төв талбайд найм дахь хоногтоо үргэлжилж буй жагсаалд оролцогчдын биеийн байдал муудаж, осгож эхэлж байгаа талаар жагсагчид мэдээлэв. Тухайлбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 04-нөөс эхэлсэн жанжин Д.Сүхбаатарын талбайд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх иргэдийн жагсаал, цуглаанд хонож дуу хоолойгоо хүргэж буй хүмүүсээс дөрөв нь осголтын II зэрэгтэй гарсан байна.
Жагсагчдын хэлж байгаагаар гэр барих зөвшөөрөл олговол иргэд тайван замаар жагсана. Хэрэв зөвшөөрөл олгохгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжинэ гэдгийг ч мэдэгдэв.
Өнөөдрийн байдлаар нүүрсний хулгайчдыг нэрсийг зарлахыг шаардсан иргэдийн жагсаалд Өмнөд Солонгос болон Японд байгаа монголчууд нэгдсэн.
Төв талбайн жагсаалд эрүүл мэндийн байгууллагуудаас гадна мөн ХЭҮК ажиглалт, дүн шинжилгээ хийж байгаа.
Жагсаал, цуглааны үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн, нийгмийн хэв журам зөрчиж жагсагчдын болон иргэний нийгмийн ажилчдын биед халдсан асуудал гарч байгаа тул иргэд жагсч, цуглахдаа бусдын эрх чөлөөнд халдаж, нийгмийн дэг журам зөрчихгүй байхад анхааруулсан.
Харин Эрүүл мэндийн төвөөс иргэд дулаан хувцас өмсөх, биеийн байдлаа хянах, шаардлагатай тохиолдолд яаралтай тусламж дуудахыг зөвлөсөн.
НЭМГ ГАЗАР ДЭЭР НЬ АЖИЛЛАЖ БАЙНА
Нийслэлээс хоёр автобус гаргасан бөгөөд жагсагчдыг тус автобусанд байрлуулж байна гэлээ.
Хөлдөлтийг арьсыг гэмтээсэн байдлаас нь шалтгаалж гурван зэрэг болгон ангилдаг байна.