Ардчилсан намаас 4:11 мэдээллийн цагаар Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх талаар байр сууриа илэрхийллээ.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:
-Улс төрийн намууд клентизмээр өвчилсөн биеэ үнэлэгчдийн нам болж хувирчээ. Манай намд ч ялгаа байхгүй эрх мэдэлтэй хүмүүст очиж нэр төр, үнэт зүйл, зарчмаа худалддаг хүмүүс бий. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийг цаашид өөрчлөх шаардлагатай. Төр засаг хулгайчдаа хайгаад завгүй байна. Сүүлийн найман жил эрх баригч нам үнэмлэхгүй засагласан. Тиймээс хулгайч нараа кабинет дундаасаа хайх хэрэгтэй. Та бүхэнтэй мөр зэрэгцээд сууж байгаа шүү дээ, нүүрсний хулгайчид чинь. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Одоо байгаа сонгуулийн тогтолцоо нь мөнгө цацаад хэдэн дээрэмчид шархаа нөхдөг тогтолцоо руу орсон. Сонгуулийн тогтолцоо, Улс төрийн намын тухай хуулийг эрчимжүүлэх ёстой.
Ардчилсан намын дэд дарга дэд дарга Ч.ОТГОЧУЛУУ:
-МАН-ын бүлэглэл хоорондын зодоон ард түмний амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна. Дотоод зөрчлөө булзааруулахын тулд аж ахуй нэгжийг балбаж байна. Ялангуяа Эрдэнэт, Оюутолгой руу онцолж дайрч байна. Энэ маш буруу. Цар тахлын үеийн хүндрэлийг амаар биш ажлаа, хөлөөрөө биш хөдөлмөрөөр даван туулсан хоёр үйлдвэр бол дээрх хоёр үйлдвэр. “Эрдэнэт”-ийн 49 хувийг оруулж ирээгүй бол эдийн засгийн шууд болон шууд бус хоригт орох байлаа. Дубайн гэрээ байгаагүй бол эдийн засаг одоо байгаагаас долоон дор байх байсан. Төрийн бодлогын залгамж халааг одоогийн Засгийн газар буруутгаж болохгүй. Нүүрсний хулгайтай тэмцэх нь зөв. Гэхдээ соёлын хувьсгал маягаар хийрхсэн, хэлмэгдүүлсэн байдлаар явж болохгүй. Манай улсыг гадагшаа маш муухай харагдуулж байна. Бизнесийн нэр хүнд, зээлжих чадвар доошоо орлоо. Улсаараа хулгайч үндэстэн боллоо. Он гараад өрийг өрөөр дарах ажиллагаа эхэлнэ. Засгийн газрын хэлж буйгаар “дахин санхүүжүүлэх” гэх гоё нэртэй ч бонд төлбөр, зээлийн нөхцөл улам хатуу болж байна.
Ардчилсан намын сонгогдсон дарга М.ТУЛГАТ:
-Бид эгзэгтэй цаг үед амьдарч байна. Монгол Улсын төсөв сүүлийн арваад жилд 2-3 дахин өсч, данхайсан. Гэхдээ нэг хүнд ногдох ДНБ яг хэвээрээ байна. Цаанаа юу хэлж байна уу гэхээр төрийн орон зай дарга нарын төсөв хуваарилдаг эрх мэдэл, төсөв нэмэгдсэн байна. Хувийн хэвшил өдөр ирэх тусам шахагдаж байна. Цаашдаа төсөв мөнгөний крантад хэн нь эзэн суух зодоон явж байна.
-Ардчилсан намын хуулийн зөвлөх О.БААСАНХҮҮ:
-Төрийн ордонд бөгс бөөрний хэрүүл хийж байхын оронд шударга ёсны зарчим ярьж, хулгайчийнхаа нэрийг зарлаад, эрхийг нь түдгэлзүүл. Чаддаггүй байхгүй юу. Төрийн банкны хулгайг олоод ир гэхэд УИХ-ын гишүүд тэрийг өмөөрөөд явсан. Одоогоор ес орчим гишүүнийг хуулийн байгууллага оруулж ирэх тухай ярьж байна. Хамгийн сонирхолтой нь дахиад УИХ хамгаалбал яах вэ. Тиймээс Ерөнхийлөгчийн шахаж, шаардсанаар гэмт хэрэгтнүүдээ гарт нь яаралтай гавыг нь зүүлгээд явдаг газар руу нь явуул. Шударга шүүхээр шүүлгүүл. Чадахгүй бол Засгийн газар ч огцор, УИХ ч тар. Тэгээд ард түмэндээ дахин боломж өг.