Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Тулгат: Хэн эрх мэдэлтэй байна, түүнд илүү их захиран зарцуулах эрх олгох зарчмаар төсвийг хуваарилж байгаа нь харамсалтай

 
НИТХ-ын төлөөлөгч М.Тулгаттайсэтгүүлч П.Батзаяа ярилцлаа.

-Ирэх оны нийслэлийн төсвийг хэлэлцэн баталлаа. Та энэ удаагийн төсвийн онцлогийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Ирэх оны нийслэлийн төсөв 1.7 их наяд төгрөгөөр батлагдлаа. Энэ нь өнгөрсөн оныхтой бараг ижил дүн юм. Төсвийн 89 хувийг татварын орлогоор, үлдэх 11 хувийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна. Хотыг хэрхэн хөгжүүлэх, асуудлуудыг нь яаж шийдэх вэ гэдгийн тоогоор илэрхийлсэн дүр зураг бол төсөв. Төсвийн бүтэц, ерөнхий дүр зураг өмнөх жилийнхээс ялгаагүй шахам боллоо. Жилээс жилд Улаанбаатар хотын асуудлууд хуримтлагдсаар байна. Дорвитой шийдэж байгаа юм байхгүй. Ирэх жил ч бас шийдэж чадахгүй гэдэг нь энэ төсвөөс харагдаж байна. Төсвийн танилцуулгын үеэр Сумъяабазар даргад 2020 оных нь сонгуулийн амлалтыг сануулж хэлсэн. Түгжрэлийг 50 хувиар бууруулна гэдгийг нь. Гэтэл “50 хувиар бууруулна гэж хэлж чадахгүй, бууруулах зорилт тавин ажиллана” гэж бултаж байна лээ. Энэ үгийг 3 дахь жилдээ сонсож байна. 2016 онд МАН “Аз жаргалтай Улаанбаатар хот” гэдэг мөрийн хөтөлбөр дэвшүүлээд жил бүр аз жаргалын индекс боловсруулахад 1 тэрбум төгрөг төсөвлөж байсан, нийт 5-6 тэрбум зарцуулсан, энэ юу болсон бэ гэж асуухад “Би бол тэр аз жаргалтай Улаанбаатар гэдэг уриалгыг нь эсэргүүцдэг байсан” гэж хариулна лээ. Залгамж чанар байхгүй, нэг дарга гарч ирээд өмнөхөө үгүйсгэдэг байх юм бол тийм улс төрийн хүчинд сонгогчид дахиж итгэж болохгүй л гэж хэлмээр байна.

-Өнгөрсөн жилээс төсвийн шинэчлэл хийгдэж, зарим татварын орлого орон нутагт үлддэг болсон. Бага боловч эерэг өөрчлөлт ажиглагдаж байгаа болов уу?

-Татварын ерөнхий хуулинд өөрчлөлт орсноор 2022 оноос эхлээд нийслэл, аймгууд ААНОАТ-ын 40 хувийг захиран зарцуулах боломжтой болсон. Ингэснээр тухайн нэгжийн засаг дарга нь өөрийн нутаг дэвсгэрт байгаа бизнесүүдийг дэмжих замаар татварын орлогоо нэмэгдүүлэх сэдэл, сонирхолтой болно. Өмнө нь хоосон лоозогнож “бизнесээ дэмжинэ” гэдэг байсан бол, одоо арай нэг бодитойгоор ажилладаг болно гэсэн үг. 2022 оны гүйцэтгэл, 2023 оны төсвийг харж байхад тэр үр дүн харагдаж байна лээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад 30 гаруй хувиар нэмэгдсэн байсан. Өмнө нь бол ААНОАТ тэр чигтээ Сангийн яаманд төвлөрөөд, Хэнтий аймагт “Андлалын хөшөө” болоод ч юмуу, өөр нэг аймагт соёлын ордон болоод л үрэгдчихдэг байсан гэсэн үг.

-Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн татвараар орлого бүрдүүлж байгаа нь тэдэнд том дарамт болох юм биш үү?

-Миний хэлсэн зүйл бол хотод татвар төлж байгаа аж ахуйн нэгжүүдийн татварын мөнгийг Сангийн яам татаж аваад, улсын төсөвт холилдоод хаа нэгтээ сумын төв рүү явчих биш, хотдоо үлдэж, эргээд тэдэнд зарцуулах боломжтой боллоо гэдэг асуудал. Угаасаа төлөгдөж байгаа татвар л даа, ихэссэн гэсэн үг биш. Гэхдээ ер нь татварын хувь хэмжээг багасгах замаар бизнесүүдээ дэмжих ёстой юу гэвэл тийм. Ялангуяа НӨАТ-ын хувь хэмжээг бууруулж, татвар төлөгчдийг буюу баазыг нь өргөтгөж, далд эдийн засгийг шахаж гаргах ёстой.

-Нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудал бий. Тэр дундаа түгжрэлийн асуудал гамшгийн хэмжээнд хүрчихлээ. Ирэх онд түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Зарцуулалтыг бодитой, үр дүнтэй болгоход хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Ирэх оны 420 тэрбум бол нийслэлийн биш, улсын төсөвт тусгагдсан. Өөрөөр хэлбэл, нийслэлийн засаг даргын эрх мэдлийн төсөвт биш, “түгжрэл хариуцсан сайд” Ж.Сүхбаатарын багцад явж байгаа. Энэ үнэндээ бол арга ядсан, оновчгүй шийдэл байгаа юм. Хоёр даргатай, хоёр төсөвтэй, ижил төстэй маш олон агентлагуудтай, тэр бүгд нь 2-3 тэрбумын төсөвтэй. Дарга нар нь олон болоод л, агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд, төслийн нэгжүүд л олон болоод байдаг. Дунд нь ажил эзэнгүйдэж, давхардаж, хаягдах дүр зураг харагдаад байгаа юм. Сумъяабазар дарга төсвийн хэлэлцүүлгийн үеэр “нийслэлийн асуудлыг шийдэхэд хөрөнгө мөнгө дутагдалтай, ачаалал их, хэцүү байна, энэ суудал дээр Билл Гейтс ч, Уоррен Баффет нар ирсэн ч асуудлыг шийдэж чадахгүй” гэж хэлэхийг сонссон байх. Үнэндээ бол “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөр дэвшүүлж байх тэр үед нь нийслэлийн төсөв 500-600 тэрбум байсан. Гэтэл одоо 1.7 их наяд. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд 3 дахин өсчихөөд байна. Санхүү мөнгө нь байсан бол ажил хийчих байсан гэдэг бол хамгийн түгээмэл хэлдэг шалтаг. Манай хот 1.5-1.6 сая хүн амтай Дэлхий дээр 1.5 саяас дээш хүн амтай хот 350 байна. Манай нийслэл тийм ч том хот биш. Аргаа олж чадахгүй, менежмэнт хийж чадахгүй л байна даа. Томоохон хотууд түгжрэлээ нийтийн тээврээ хөгжүүлснээр шийдсэн байдаг. Зам гүүр нэмж барилаа гээд түгжрэл шийдэгдэхгүй. Тэгэхээр асуудлын гол нь нийтийн тээвэр хөгжөөгүйтэй шууд холбоотой. Автобус нь хүрэлцэхгүй, байгаа хэдийнх нь 80 хувь ашиглалтын хугацаа дуусчихсан, энд тэнд очиж эвдрээд, зогсоод, ялангуяа өвлийн хахир улиралд зэрэг зэрэг асахгүй байгаагаас автобусны хүртээмж ачаалалтай цагуудад нойл зааж байна. 2023 онд шугамын орлогод 36 тэрбум төгрөг тусгасан байна. Шугамын орлого гэдэг нь мөнгөө төлөөд зорчиж байгаа хүмүүсээс олох үйлчилгээний орлого. Гэтэл хөнгөлөлттэй буюу үнэгүй зорчиход 40 тэрбум төгрөгийг төлөвлөж. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод нийтийн тээврээр мөнгөө төлж үйлчлүүлдэг иргэдээс үнэгүй үйлчлүүлдэг нь олон байгаа гэдэг нь гаж үзэгдэл юм. Тэр тусмаа хүн амын пирамидад эзлэх идэр дунд үеийнхэн их, залуу хот гэдгээрээ дэлхийд гайхагдах байтал. Хөнгөлөлтийн 40 тэрбумаас гадна 184 тэрбум төгрөгийн машин цагийн татаасыг нийтийн тээврийн компаниудад олгохоор төсөвлөсөн. Энэ мөнгө жилээс жилд асар хурдтай өсч байгаа. Машин цагийн нөхөн олговор гэдэг нь А цэгээс Б цэг хүртэл явах маршруттай автобус, нийт хэдэн цаг энэ хооронд явсан бэ гэдгээр нь тооцож олгодог мөнгө. Компаниуд энэ татаасаа аваад явж байхад зорчигчдоос мөнгө авах идэвх санаачилга байхгүй болчихож байгаа юм. Та бид хардаг шүү дээ, автобусан дотор жолоочид бэлэн мөнгө өгөөд явж байгааг зохицуулах сэдэл, сонирхол тухайн автобус компаниудад алга. Хүн сууна уу байна уу падлийгүй болчихлоо гэсэн үг. Машин цагаа худал үнэн тооцуулж байгаад л нийслэлээс мөнгө авчихна. Энэ бүхэн юуг хэлж байна гэхээр бизнесийн зарчим хэрэгжихгүй байна, менежмэнт нойл заасан байна гэдгийг.

-Таны бодлоор төсвийн хуваарилалт тэгш явагдаж байна уу?

-Манай улс хоёр төсөвтэй болсон. Хэнтий аймаг ба бусад. Үүнтэй төстэй зүйл нийслэлд ч ажиглагдаж байна. Сүүлийн жилүүдэд нийслэлийн засаг дарга болон хурлын дарга нь Сонгинохайрхан дүүргээс гарч, ер нь Нийслэлийн МАН-ын удирдлага тус дүүргээс томилогдож байгаагаас болж энэ дүүрэг рүү төсөв мөнгөний хуваарилалт илүү явж байна. Угтаа хотын дарга ганцхан Сонгинохайрханчуудын төлөө ажиллана гэж гарч ирээгүй биз дээ. Нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа хүн бүрийн төлөө л ажиллах ёстой. Гэтэл сонгогчиддоо илүү хайртай гэдгээ нотлон харуулсаар байна. Том том үнийн дүнтэй төсвийн зарцуулалтуудын задаргаа нь тухайн дүүрэг рүү түлхүү тавигдаад байна гэсэн үг. Авто замын бүтээн байгуулалт, ногоон байгууламж, тохижилт гээд өөр юу байдаг юм. Өөрөөр хэлбэл, хэн эрх мэдэлтэй байна, түүнд илүү их захиран зарцуулах эрх оччихож байгаа юм. Төрийн дээр нам гарна гэдэг шиг, Намын дарга Ерөнхий сайд, Нийслэлийн намын дарга хотын дарга нарын сонгогддог тойргууд бусдаас илүү хайрлагдаж, эрх ашгийн илт зөрчил гарсаар байна. Нам дотроо базчихна. Нөгөө хэд нь эрүүл шүүмж хэлэхээс айна. Эрх мэдэл төвлөрнө. Энэ бол МАН-ын арга барил. АН-ын үед орон нутагт илүү эрх мэдэл олгогддог, эрх мэдэл задардаг. Бие даасан байдлыг, жигд оролцоог дэмждэг.

Одоо ч эрх мэдлийн ноён оргилд сууж байгаа хэд нь бурхан болж, бусад нь түүнээс буян хишиг гуйж явдаг дүр зураг харагдаад байдаг боллоо. Нам дотроо олон юм яриад байгаа хүнийг дуугүй болгодог. Ийм байдлаар улсын төсөв ч тэр, нийслэлийн төсөв ч тэр хуваарилалтын хувьд жигд бус, эрүүл бус болчихоод байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан