НЭМЭЛТ: 17:30 цаг
Жагсаалд оролцсон хүмүүсийн олонх нь зохион байгуулагчдыг даган төрийн тусгай хамгаалалттай Их тэнгэрийн ам руу явсан гэж эх сурвалжууд мэдээллээ. Мөн Их тэнгэрийн аманд хамгаалалтыг нэмэгдүүлэн гарсан байна. Харин талбай дээр цөөн тооны хүн үлдэж, жагссан хэвээр байна.
Түүнчлэн иргэдийг маргааш буюу Даваа гаригаас эхлэн ажил хаяж, жагсаал хийхийг цахимаар уриалж байна.
Нүүрсний хулгайчид улсын их хэмжээний мөнгөн орлогыг шамшигдуулсан хэргийг эсэргүүцэн өнөөдөр /2022.12.4/ Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай дээр иргэд жагсаал зохион байгуулж байна. Гадаа өвлийн температур хасах 16 байгаа ч Төв талбай дээр 5000 орчим хүн цугласан бөгөөд Төрийн ордныг тойрон гороолж байна. Иргэд төсвийн болон баялгийн хулгайг эсэргүүцэж, эрх баригчдын авлигыг ил болгох болон хулгайчдын нэрсийг зарлаж, асуудлыг шийдвэрлэхийг шаардан жагсч байна. Төв талбайд ирсэн хүмүүсийн ихэнх хувь нь үр, хүүхдүүдийнхээ цаашдын ирээдүйн төлөө тэмцэж буй 40-өөс дээш насныхан байв.
Тус жагсаалд ирсэн зарим иргэдийн байр суурийг хүргэе.
Хамгийн том лоозонг барьсан тэмцэгч иргэн Б.Бат-Очир “Би Япон улсад долоон жил амьдарч байгаад Монгол Улсад 14 хоногийн өмнө ирсэн. Монголд хөдөлмөрийн үнэлэмж маш бага, эдийн засаг хямралтай, иргэд авсан цалингаараа амьдарлаа залгуулж чадахгүй байна. Тиймээс ажиллаад дарж чадахгүй өр зээл, ажлаас гараад харих замын түгжрэлээ бодсоор бухимдалтай нийслэлчүүд болсон харагдлаа. Өнөөдөр миний “Эх орно хайрлахгүй юм бол иргэн нь байгаад яах билээ” гэх үгийг олон хүмүүст нөлөөлөөсэй гэх үүднээс бичиж ирсэн.
Залуус гэртээ зүгээр суух биш шударга бус зүйлтэй тэмцэх хэрэгтэй. Өнөөдрийн жагсаал хойч үедээ зориулагдсан учир залуус өөрсдийн төлөө ирээсэй гэж уриалмаар байна”.
Иргэн Б.Отгонбаяр “Монголын ард түмэн туйлдаа хүрсэн байна. Хамгийн сүүлийн жишээ нь “Нүүрсний хулгайн асуудал” залуус дуу хоолойгоо өргөхгүй бол улс их орон мөхөхийн шинж. Өргөн хэрэглээний барааны үнэ дээд цэгц хүрч, авч буй цалингийн ханш доод цэгт байна. Талбайд хөгшид биш залуус өөрсдийн төлөө тэмцэн авлига, хээл хахуульд орсон хүмүүсийн нэрийг ил тод зарлаж өрийг нь төлүүлэх хэрэгтэй. Тэдний завшсан мөнгийг улсын орлого болгож, өөрсдийн амьдрал болоод эдийн засгаа сайжруулахын төлөө бүгд гарч ирж тэмцмээр байна”.
Иргэн н.Сувдмаа “Өнөөдөр би үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө энд ирээд байна. Миний өнөөдрийн зорилго хулгайч нартай тэмцэх, хуулийн тогтолцоог үндэс сууриар нь өөрчлөх шаардлагыг тавихаар ирээд байна. Хуулийг бүрэн утгаар нь өөрчилмөөр байна. Төрийн өндөрлөгт байгаа хүмүүс биднийг чиглүүлэх ёстой болохоос хулгай хийх ёсгүй”.
Иргэн Д. Энхсайхан “Миний тавьж буй шаардлага нүүрсний хулгайч нарын нэрийг ил гаргах юм. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод гурван жил болоход зүгээр яриад түүнээс нь үр дүн гарахгүй байна. Тэр эрх баригч намын дарга Ерөнхий сайд гээд бүх эрх мэдэлтэй хүн юм.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд олонх гишүүд нь нэг намын хүмүүс болохоор нам нь дотроо задарчих учраас бүтэн байдлыг авч үлдээд хулгайч нартайгаа тэмцэж чадахгүй байна.
Энэ талбайд хэдэн мянгаараа гарч ирэн сүрийг үзүүлж байж тэдэнтэй тэмцэх болно. Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 22.1.3-т “Авлига авсан улс төрд нөлөө бүхий этгээдийг 40 хүртэл сая төгрөгөөр торгоно” гэсэн заалт бий. Энэ нь шударга бус заалтыг өөрчлөх хэрэгтэй. Ардын хүүхэд хулгай хийхээр ял авдаг. Төрд нөлөө бүхий этгээдүүд хэдэн их наядын хулгай хийгээд 40 сая төгрөг төлөөд л шийтгэлгүй үлддэг шударга бус хуулийг өөрчлөхийг ард түмэн шаардаж байна”.
Хүйтэнд иргэдийг турхирч байна
Иргэн А.Дөлгөөн “Энд жагсч байгаа иргэдийн барьсан туг нь наадмаар л гарч ирдэг биз дээ. Эвлэлдэн нэгддэг хүмүүсийг ард түмэн гэдэг. Гэтэл хөхөө өвлийн хүйтэнд нэгнээ урайлан даарч хөрөн байж энд зогсох шаардлага байхгүй. Зүгээр иргэдийг талцуулан буруу зүйлд уруу татаж байна. Бид цахим үндэстэн гээд зарлаад л байгаа. Тэд бидний болох, бүтэхгүй зүйлийг цахимаар хараад шийдээд байдаг. Тиймээс цахимаар нэгдэн тэмцээд тодорхой шаардлага хүргүүлэх хэрэгтэй. Харин цахимаар тэмцээд шийдвэр гарахгүй бол огцруулах талаар ярих нь зөв болно”.