Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Ганбаатар: МАН сүүлийн зургаан жил төр барихдаа монголчуудыг элгээр нь хэвтүүллээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

 

-Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, газрын тосны төрийн өмчит компани байгуулах гэж байна. Та энэ хуулийн өөрчлөлтийг өчигдөр хэлэлцүүлгийн үеэр нэлээд шүүмжилжсэн. Яагаад дэмжихгүй байгаа юм бэ?

-МАН санаачилж, гаднын төртэй нийлж төрийн өмчит компани байгуулж байна. Яг л ГОК, Эрдэнэс Тавантолгойтой адилхан нефтийн хулгай хийдэг компани байгуулж байна гэсэн үг. Энэ компанийн даргыг Засгийн газраас томилно. Түүний шанд одоохондоо онгоцны түлшний үнийг 10 хувь буулгах юм байна. Үүнийг дагаад тасалбарын үнэ буух юм байна. Гэхдээ энэ хэр удаан үргэлжлэхийг эд хэлж чадахгүй байна. Цаашдаа үнэ нэмэгдчихвэл хуулиа өөрчилж чадах уу гэж асуухад өөрчлөхгүй гэж байна. “Эрчис ойл” гэж компани байгуулаад 60 хувийг нь Монголын Засгийн газар, 40 хувийг нь ОХУ-ын Засгийн газар эзэмшсэн төрийн өмчит компани байгуулна гэнэ. Тиймээс би энэ хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй байгаа юм. 

-Олонхоороо түрээд баталчихвал яах вэ?

-Одоо батлах нь тодорхой болчихлоо. Монголчуудын өмнө, түүхийн өмнө МАН шатахууныг гаднынхны мэдэлд өгсөн гэдэг хар сүүдэртэй боллоо. Энэ ҮАБЗ-өөр дэмжигдэж орж ирсэн санал. Үүнийг агаарын тээврийн түлшнээс бусад гэж өөрчилж оруулж ирж байгаа. Эхлээд онгоцны түлш гэж хууль баталж байгаа ч цаашдаа АИ92, АИ95, дизель түлшний үнийг хүртэл энэ хамтарсан компани тогтоодог болно. Нэг л ийм юм руу орчихвол бид гарч чадахгүй. 

-Төрийн өмчит компани нэмж байгуулах гэж байна. Гэтэл одоо байгаа компаниуд нь улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх өртэй байна. Төрийн өмчит компаниудыг хэрхэн шинэчлэх ёстой вэ?

-Махата Гандигийн 100 гаруй жилийн өмнө хэлсэн үг байна. "Манай оронд хүн бүхэн сайхан амьдрах баялаг хангалттай байна. Гэхдээ хэдхэн улстөрчдийн шуналыг гүйцэлдүүлэх баялаг хангалтгүй байна" гэж хэлсэн байдаг. Тэрэн шиг Монголын эрх баригч улстөрчид төрийн өмчийн компаниудаараа дамжуулж Монголын баялгийг идэж уудаг байдлаасаа салахгүй бол улсаар нь идэх гэж байна. Төрийн өмчит компаниудын хамгийн оргил хулгай “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, "Оюу толгой"-д бараа бүтээгдэхүүн шахдаг улс төрийн бүлэглэл. Ноён гурван оргил нь энэ. Цаана нь зөндөө олон компани байгаа. Төрийн өмчийн компаниудын гэрээг бүгдийг нууцын зэрэгт оруулчихсан. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч тэргүүтэй эрх баригчид нууцын зэрэглэлийг тогтоодог. Өөрөөр хэлбэл, хулгайгаа хүртэл хуулиар нуух эрх нь тэдэнд байна.

-Бүх эрх мэдлийг төрд төвлөрүүлж байна. ДНБ-ий 40 хувь нь төсвөөс буюу төрөөс хамааралтай болчихлоо. Тэгэхээр нөгөө талд хувийн хэвшил жижигрээд байна гэдэг. Төрийг ингэж томруулах нь зөв үү?

-Төрийн өмчийн компаниудыг хувьчлах ёстой. Гэхдээ ард иргэддээ л өгөхгүй бол хувьчлал нэрээр төрийн мөнгөөр баяжсан компаниуд буцаагаад төрийн өмчийг худалдаж авах эрсдэлтэй. Төрийн өмчит компаниуд шударга, зөв засаглалтай байх нь ард түмэнд хэрэгтэй байдаг. Төрийн өмч эрүүл зөв байвал ард түмэн нь хождог олон тохиолдол бий. Тиймээс заавал бүгдийг хувьчлах ёсгүй л дээ. Хамгийн гол нь ил тод, зөв засаглалтай ажиллах ёстой. 

-Нүүрсний хулгайн асуудал 2013 онд гараад прокурорт шилжүүлсэн боловч 2014 онд хэрэгсэхгүй болгосон юм билээ. Та энэ үед гишүүнээр ажиллаж байсан. Тухайн үед энэ хэргийг шийдчихсэн бол дахиад 10 жил ийм хулгай гарахгүй байсан гэсэн. Тухайн үед яагаад хэрэгсэхгүй болгож байсан юм бэ?

-Нүүрсний хулгайн асуудал тэр үед яригдаж байсан. АН засаглаж байсан үед ч нүүрсний хулгай байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Ганцхан МАН хулгайч биш. Гэхдээ МАН сүүлийн зургаан жил төр барихдаа Монголыг элгээр нь хэвтүүлээд аймшигтай байдалд оруулчихлаа. 2013 онд нүүрсний хулгайн асуудлыг ярьж байсан. Тухайн үед эрх баригчид тагнуул, цагдаа, шүүх, прокурор, АТГ-ын удирдлагуудыг томилж байсан. Одоо ч тийм. Эрх баригч, сайд дарга нарын оролцсон нүүрсний болон бусад хулгайнууд хууль шүүхийн байгууллага дээр очоод дарагддаг, хэрэгсэхгүй болдог. Тэгэхээр манай хууль шүүхийн байгууллагынхан бүгд хам хэрэгтнүүд, хулгайчид болчихсон байна. Тийм ч учраас энэ хэргийг хааж байсан байх. Өнөөдөр МАН-ын үед энэ хэргийг гаргаж тавьж байгаа нь сайн. Хэрвээ энэ хэрэг дахиад дарагдвал МАН-ын удирдлагууд бүгд нүүрсний хамгийн том хулгайч нар болох нь тодорхой болно. Одоо нүүрсийг аман дээрээс нь 100 гаруй ам.доллароор зарж байна. Цаанаа 500-600 ам.доллар хүрлээ. Зөрүүнд нь 400 ам.долларын цэвэр ашгийг энэ хулгайч нар идэж, ууж байна. Үүнийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, МАН-ын удирдлагууд л  хар толгойгоороо хариуцаж шийдэх ёстой. Түүнээс иргэд, хууль хяналтын байгууллагынхан дийлэхгүй. 

-Анх 6.5 сая тонн нүүрс хулгайд алдсан гэсэн мэдээлэл гарсан. Гэтэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ийм их хэмжээний нүүрс хилээр гарсан байх боломжгүй гэсэн. Нүүрсний хулгайн хэрэг замхарчих юм биш биз дээ?

-Энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намынхаа нүүрсний хулгайчдад боомилж алуулахгүйн тулд амь гарч, уучлаарай ахаа гэж байгаатай адилхан уншигдаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан