Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ынхан Ерөнхийлөгчид генсекээ “өгөх”-өөр тохирчээ

МАН Бага хурлаа арванхоёрдугаар сарын 6-ны өдөр хийж, цаг үеийн асуудал хэлэлцэхээр товлосон. Улс төрийн хүрээнд энэ удаагийн Бага хурлаар намын Ерөнхий нарийн бичгийн даргаа чөлөөлж, шинээр томилох асуудал яригдаж буй. Бага хурлын зорилго нь ч тэр байх.

Одоогийн намын генсек Д.Амарбаясгалан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон учраас намын дүрмийн дагуу ажлаа өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, МАН-ын дүрмийн дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга давхар албан тушаал хашиж болохгүй гэсэн зохицуулалттай. Тиймээс Д.Амарбаясгалангийн хувьд ажлаа өгөх ёстой. Гэхдээ генсекийн албан тушаалаас Д.Амарбаясгаланг чөлөөлж, өөр хүн томилох уу эсвэл намын дүрэмд өөрчлөлт оруулах гэдэг асуудал удтал МАН дотор ил, далд яригдаж буй. Д.Амарбаясгалангийн хувьд намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, генсекийн ажлаа хавсрах хүсэлтэй байгаа. Гэвч намын дарга болон Ерөнхийлөгчийн зүгээс Д.Амарбаясгаланг генсекийн ажлаа өгөх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсээр буй.

Бага хурал ойртож, энэ асуудал бүр хурцдаж байгаа бөгөөд намын дүрэмд өөрчлөлт оруулснаас Д.Амарбаясгаланг генсекийн ажлаа өг гэдэг шахалтыг ч үзүүлээд байгаа аж. Намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын зүгээс дараагийн МАН-ын генсекээр илүү залуу хүн томилох саналтай байгаагаа Ерөнхийлөгчид илэрхийлсэн ч намын генсек нь сонгууль удирдах, намын бодлого зангидах гээд чухал албан тушаал учраас хариуцлагатай, туршлагатай хүн тавих нь зөв гэдгийг ч намын тодорхой түвшинд ярилцжээ.

Удтал маргаж, талцсан генсекийн албан тушаал дээр “зөрчилдөж” байсан МАН-ын удирдлагууд Бага хурлаас өмнө Д.Амарбаясгаланг өөрчилж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарыг томилуулахаар тохиролцоонд хүрсэн гэх мэдээлэл байна.

Ш.ЧИМЭГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан