“Өргөө” амаржих газрын даргыг сольсон ч одоо болтол дараагийн хүнийг томилоогүй байна. Даргын үүрэг гүйцэтгэгчээр “Амгалан” амаржих газрын даргыг томилжээ. Ингээд нийслэлийн дөрвөн амаржих газрын хоёр нь эзэнгүй болжээ.
“Өргөө” амаржих газрын даргыг Эрүүл мэндийн сайд тун гайхалтай үндэслэлээр халсан юм. Тэр нь ёс зүй! Сайд тушаалаа гаргахдаа ажилтнуудтайгаа зүй бус харьцсан гэх нэг бичлэгт үндэслэжээ. “Бушуу туулай борвиндоо баастай”-н үлгэрээр тэр бичлэгийн жинхэнэ эзэн, төрөх гэж ирсэн ээж иргэний зориг гаргаж өөрөө ирж тайлбар хийснээр сайдын үндэслэл буруу болчихов.
Төрөх гэж байгаа эхийг өвдөж шаналж байхад огт тоолгүй орхичихож. Эмнэлэг бараадсан юм чинь болно гэж тайвширдаг ар гэрийнхний хувьд хүнээ зүгээр л тамд орхисонтой адил болж. Өвдөж шаналсан бүсгүйд өвчин намдаагч эм уухыг жижүүр эмч нь үүрэгдээд л хаячихаж. Жирэмсэн бүсгүй яг Монгол эхчүүдийн тэвчээр гаргаж, адилхан төрөх гэж байгаа эхчүүдэд дарамт болохгүйн тулд палатнаасаа гараад бүтэн шөнө чулуун шалан дээр суугаагаараа хоножээ. Өглөө нь амаржих газрын дарга үзлэгээр явж байгаад тэр бүсгүйг харчихаж.
... Би даргыг нь явж байна гэж мэдээгүй, гэхдээ тэр эмч хараад л мэддэг юм билээ. Энэ хүний нүүр яагаад хавантай байгаа юм бэ, нойргүй хоносон юм уу? гээд асуудал эхэлсэн. Би шөнөжин шалан дээр хоносон учраа хэлсэнд тэр эмч уурлаж, сувилагч, жижүүрийн эмч, тусламж үйлчилгээ хариуцдаг дунд шатны бүхий л дарга нарыг дуудаж загнасан...
Харин тэр үед эмнэлгийнхний нэг нь тэр үйл явдлыг утсаар бичээд “Эмнэлгийн дарга ажилтнуудтайгаа ёс зүйгүй харьцдаг” баримт болгож цацжээ. Түүнийг нь үндэс болгож эрүүл мэндийн салбарын ёс зүйг хариуцсан хэдэн нөхдөөр “ёс зүйгүй” гэсэн дүгнэлт гаргуулаад, сайд нь түүнд үндэслэн тушаал гаргачихжээ.
Гэтэл асуудал дорхноо буруугаар эргэв. Эрүүл мэндийн салбар бол иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй, тийм учраас үйлчилгээний гол цөм нь иргэн байх ёстой. Гэтэл сайдын тушаал нь “иргэнийг нохой мэт тоолгүй хаях нь эмнэлгийн ажилтнуудын эрх” гэсэнтэй адил болчихжээ. Хэрэв ийм тушаал гаргасан бол одоо сайд өөрөө жинхэнэ ёс зүйн үндэслэлээр ажлаа өгөх ёстой болно биз?!
Шинэхэн томилогдоод байсан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллүүдийг үзээд “Эрүүл мэндийн сайдын тушаалыг шалгах ёстой, бид бүх шатанд хариуцлага сахилга батыг бэхжүүлэхийг зорьж байна. Гэтэл бидний зорилттой нийцсэн үйл ажиллагаа явуулж байсан захирлыг халсан нь буруу!” гэж мэдэгджээ.
Үүний дараа 10 гаруй мэргэжилтний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, “Өргөө” амаржих газарт шалгалт оруулжээ. Тэр ажлын хэсэг мөн л арав гаруй хоног “Өргөө” амаржих газарт ажиллаж бүх талын шалгалт явуулжээ. Шалгалтын явцад Ж.Энхцэцэг захирлын илрүүлэн тэмцэж байсан олон ноцтой баримтыг илрүүлж мэдсэн бололтой, шалгалтыг бүр өргөжүүлж салбарыг хамруулахаар болжээ.
Ингээд “Өргөө” амаржих газрын даргыг халсан ч биш, халаагүй ч биш юм шиг гацаанд орчихжээ. Орны нь хүнийг томилох гэхээр яамны дээд шатны байгуллагын шалгалт орчихсон. Одоо асуудал сайдын мэдлээс гарсан. Тэр тушаалаа залруулъя гээд ч чадахгүй. Шалгалтын комиссын дүн асуудлыг шийднэ. Харин сайд алдаатай шийдвэр гаргасан нь иргэний ил тод мэдээллээр тодорхой болчихсон. Ийм нөхцөлд “Өргөө” амаржих газрын даргыг буцаагаад томилбол сайд буруутай, хэрэв сайд “зөв” юм хийсэн гэж хүчээр зарлавал олон нийтийн эсэргүүцэл дэвэрнэ.
Олон хүн халсан тухай сэжмийг барьж авсан боловч Ж.Энхцэцэг дарга яг өөрийн тушаалаар халсан хүнгүй, хоёр жилд зургаан хүнийг эмнэлгийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, удирдлагын зөвлөлийн гишүүдийн саналаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан байсан бөгөөд “халагдсан” гэж үзсэн хүн бүрийн шалтгаан бүр цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа юм. Одоо ажлын хэсгийг цагдаагийн бүр тагнуулын байгууллагын ажилтнуудаар өргөжүүлэхдээ тулсан байх.
Ж.Энхцэцэг захирлыг халсны маргааш л эмнэлгийн дотоод хяналтад ажиллаж байсан цагдаагийн ажилтан “Цус үзнэ” гэж хэлсэн тухай сөрөг мэдээлэл тархсан ч намжсан. Учир нь түүнтэй холбоотой хэрэг ч цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа юм. “Гэмт хэрэгтнүүд энэ цагаан халадтай этгээдүүдийн хажууд юу ч биш юм, уг нь эмч сувилагч нарыг нийтээр нь жинхнээсээ цагаан халадтай баатрууд гэж бодож явсан минь орвонгоороо эргэсэн” гэсэн байдаг.
Эмнэлэгт авилга авдаг, дураараа авирладаг, дээд газарт өгөх тайлангаа зохиож бичдэг, эмнэлэгт ирсэн эхчүүдийг хувийн эмнэлгүүд рүүгээ явуулж өндөр төлбөртэй мэс засал хийдэг, бүр төрсөн эхчүүдийн эхэсийг Хятад эмнэлэгт зардаг мафийн сүлжээ үүсээд дийлдэхээ байснаас цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хуулийнхнаас зөвлөгөө авахдаа тулсан байжээ.
Төрөх гэж байгаа эхэд “Авилгын мөнгөө хуваагаад дугтуйлаад бэлдээд ирээрэй!” гэж хэлээд өгөөгүй байхад нь цүнхийг нь ухаад дээрэмддэг болчихсон байжээ. Үүнийгээ бүр хийх ёстойгоо хийж, авах ёстойгоо авч байгаа мэт сурцтайгаар, айж ичихгүй авдаг болчихсон байсан хэрэг шүү дээ!
Умайн гадуурх жирэмслэлтийг эмчилдэг үнэтэй тоног төхөөрөмжийг нуусан байжээ. Улсаас даатгалаар үнэ төлбөргүй хийдэг хагалгааг хувийн эмнэлэгтээ авах гэж, хагалгаа бүр нь хоёр сая төгрөг! Ингэхдээ улсын эмнэлгийн ажилтнуудыг хувийн эмнэлэгтээ ажиллуулдаг мафи бол зүгээр л байдаг юм болсон байж. Эрүүл мэндийн салбарт асар их хөрөнгө оруулалтаар авсан тоног төхөөрөмжийн ашиглалт нэг иймэрхүү... ажилтнууд нь боолчлолд орчихсон. Ийм сүлжээ нэг бус, асрагчаасаа эмчээ хүртэл бүлэг болоод ээлжээ зохицуулаад ашгаа хуваадаг. Нэг эмч нь хүлээж авна, нөгөө нь ирж зөвлөгөө өгөнгөө хувийн эмнэлгээ санал болгоно, тэр хувийн эмнэлэгт нь өөрсдөө очиж хагалгаа хийдэг сүлжээнд орсон мафи. Нийтлэг эрх ашиг нь хөндөгдөхөөр нэгддэг. Ж.Энхцэцэг захирал түүнийг нь илрүүлээд умайн гадуурх жирэмслэлт, эмэгтэйчүүдийн бусад эмгэгийг эмчилдэг, хагалгаануудыг эмнэлэгтээ үнэ төлбөргүй хийдэг болмогц шударга бус эмч нар, эмнэлэгт ноёрхсон дунд шатныхны хуйвалдаан улаандаа гарч, түүнд нь яам нь оролцоод эхэлжээ. Бүр бичлэг эвлүүлгийг яамны хэвлэлийн албанд бэлтгэж байсан гэх мэдээлэл ч гарсан.
Ж.Энхцэцэг эмчид “хуучны хашир” эмч нар “Энхээ эмч ээ! Та ямар ч шаардлага тавьж болно, түүнийг чинь тэснэ. Харин эмч нарын халаасанд гараа хийвэл Та удаан тэсэхгүй шүү!” гэж анхааруулсан л байдаг юм. Гэвч Ж.Энхцэцэг дарга эвлэрэхийгбодоогүй, учир нь эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэхийн тулд үнэтэй хагалгааг эмнэлэгтээ ном ёсоор нь хийж, даатгалын сангаас авсан орлогоо түүнд зарцуулах байж...
Бусад эмнэлэгт яадаг бол? Нэг л эмнэлэг ийм байдаг гэж бодож байна уу? Ийм байдал эрүүл мэндийн салбарт хавтгайрсан үзэгдэл болсон учраас шалгалтыг улам өргөжүүлэх шаардлага гарсан байх гэсэн таамаг л байна. Шалгалтын комисс шалгалтаа дуусгаад 40 хонож байна, Эрүүл мэндийн сайд алдаа гаргасан нь тодорхой болчихсон. Одоо юу хүлээгээд байгаа юм бол..?!
Сайд мэндэлдэг газар
“Өргөө” амаржих газар улстөрчдийн цэрвэдэг газар болсон. Энэ амаржих газартай холбоотой дуулианаар Ерөнхий сайд, Шадар сайд, Эрүүл мэндийн сайд огцорч байсан. Жүжиг байсан л даа, жүжиг талаас нь харвал улстөрийн хуйвалдааны тоглолтын тайз болтлоо бэлтгэгдсэн газар байхгүй юу!
Чухам “Өргөө” амаржих газарт Л.Оюун-Эрдэнэ гэдэг Ерөнхий сайд мэндэлсэн, У.Хүрэлсүх гэдэг Ерөнхийлөгч мэндэлсэн бас С.Энхболд гэдэг Эрүүл мэндийн сайд мэндэлсэн юм!
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Өргөө” амаржих газрын асуудлаар мэдэгдэл хийж байхад Ерөнхий сайд ХБНГУ-д ажиллаж байсан. Ерөнхий сайд буцаж ирмэгц асуудал нууцлаг байдалд ороод эхэлсэн. Учир нь ЭМ-ийн сайд С.Энхболд Ерөнхий сайд хоёр нэг төрөхөд “төрсөн”.
Нөгөө талаар энэ жилийн төсөв боловсруулахдаа Эрүүл мэнд, Боловсролын яамны төсөв, хөрөнгө оруулалтыг хөндөөгүй! Улстөрийн өнцгөөр харвал 2024 оны сонгуулийн төсөв энэ хоёр салбарт төвлөрч байна. Гурав дахь нь нүүрс!
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг “шинэчлэхдээ” иргэн эмнэлгээ сонгох эрхээр хангасан гэж МАН-ынхан тайлбарладаг. Үүнд л “но” бий! Өвчтөн улсын эмнэлэгт очиход хувийн эмнэлэг рүүгээ явуулах сонирхлын цаад учир үүнд бий! Улсын эмнэлэгт даатгалаар хийдэг үнэ төлбөргүй эмчилгээ, үйлчилгээ, шинжилгээг хувийн эмнэлэгтээ шилжүүлснээр тэдгээр эмнэлгүүд даатгалын сангаас мөнгө авах эрхтэй болно.
Өнгөрсөн оны төгсгөлд 600 гаруй тэрбумын үлдэгдэлтэй байсан Эрүүл мэндийн даатгалын сан ганцхан жилийн дотор хоосроод зогсохгүй бүр 280 тэрбумын алдагдалтай болсны цаад учир үүнд бий! Ашиг ба алдагдлын хоорондын зөрүүг бод доо!
Иргэд анхан шатны, өрхийн эмнэлгийг тоохоо болиод гуравдугаар шатлалын эмнэлгүүд рүү тэмүүлдэг болсон , тэнд нь олон жил бугшсан мафийн сүлжээ үүрлэчихээд хамгийн үнэтэй эмчилгээнүүдийг хувийн эмнэлэгүүддээ татдаг болсон юм. Тэгээд мөнгөө даатгалаас авчихна. Энэ хэрээр даатгалын сан хоосорно. Түүнийг төсвөөс нөхнө. Иргэдээс хурааж бүрдүүлнэ. Үүнийгээ иргэдээ харж үзсэн дүрээр хаацайлна. МАН-ын нийгмийн бодлого энэ л юм.
Өнөөдөр санхүүгийн хамгийн хүчирхэг сүлжээнүүд эрүүл мэндийнх болсон. Тэд авилга цуглуулж, улстөрчдийг лоббидож, хүссэн шийдвэрээ гаргуулж чаддаг болсон. Ингэхийн тулд гуравдугаар шатлалын эмнэлгүүдийг л гартаа оруулж авах ёстой1 Тэр бол мөнгөний, бүр алтны уурхай!
Эрүүл мэндийн яам, С.Энхболд энэ системийг төгөлдөржүүлж, бүх томоохон эмнэлгүүдийг найз нөхөд, ойр дотныхноороо дүүргээд ханаж цадахгүй нийслэлийн амаржих газруудыг нийслэлээс булааж яамандаа төвлөрүүлсэн байна. Ингээд халаа сэлгээ хийж эхэлсэн бөгөөд хамгийн сүүлчийн цайз нь “Өргөө” амаржих газар болсон юм. Гайхмаар нь тэр эмнэлгийг нам бус “этгээд” удирдаж, удирдахдаа бүр сайн удирдаж байсан гэдэг...
Ёс зүй хаана байна?
Амаржих газрын ажил сайн байсан, бүр илүү сайн байсан. Хавар саажилттай эхчүүд ордны гадаа жагсаж эм тасалдсан асуудлаар шаардлага тавихад бүр Ерөнхий сайд хүлээн авч шийдвэрлэхээ амалж байсныг санаж байна уу? Тэгээд мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг гадныхантай хамтарч хийдэг болсон. Мэдээж сайн хэрэг. Харин саажилт үүсэх хамгийн том шалтгаан нь дөнгөж төрсөн хүүхдийн “шарлалт” байсан. Үүнийг Ж.Энхцэцэг эмч шийдэхээр шарлалтын тасаг нээгээд аль амаржих газарт төрснөөс үл хамааран хүлээн авч эмчилж эхэлсэн.
Гэтэл саяхан Ж.Энхцэцэг эмчийн оронд даргыг нь түр томилсон “Амгалан” амаржих газарт нэг хүүхдийн шарлалт хүндэрч саажилттай болсон байна. Зүгээр л хэвийн ажиллаж байсан бол ийм юм болох байв уу? Чухам асуудлыг уг шалтгааныг шийдэх гэж санаачлага чармайлт гаргаж, Ерөнхий сайдын дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж байгаа эмнэлгийн даргыг халчихсан. Ийм асуудал үүсгэсэн сайд Ерөнхий сайддаа юу гэж хэлсэн бол? Ерөнхий сайд ямар шалтгаанаар түүнийг хамгаалаад байгааг ойлгож байна уу? Ёс зүй хаана байна аа? Одоо энэ ёс зүйн асуудал эрүүл мэндийн сайдын биш ЗГ-ын ёс зүйн асуудал болсон шүү! Одоо ёс зүйг ЗГ-аас нэхнэ!
Ерөнхий сайд ба ЗГХЭГ-ын даргын энэ мэт зөрчилдөөн эцэстээ тэдний дунд яс хаях шалтаг болж, саяхан Д.Амарбаясгалан Ерөнхий сайд болох хүсэлгүй байгаагаа мэдэгдсэн. Энэ мэт олон дараалсан шуугианы явцад ЗГ хамгаалалт хийж, олныг тайвшруулахын тулд дэд сайдаар золио хийж байна. Ингээд залуучуудаа цөмүүлээд байх уу?
Хэрэв үгэнд хариуцлага тооцдог юм бол Эрүүл мэндийн сайдын “ёс зүй” гэдэг үгэнд одоо хариуцлага тооц! Үүгээрээ тэр ёс зүйгүйгээ харуулсан. МАН-ын эрүүл мэндийн салбарын бодлого нь иргэний эрхийг уландаа гишгээд авилгач, хариуцлагагүй этгээдүүдээ хаацайлдаг болтлоо ялзарсныг нотолсон. Тэр төрөх гэж байгаа эмэгтэй, Монгол улсын иргэн юу ч биш. Иргэнээ өмгөөлөх нь ёс зүйгүй асуудал гэж тэр зарласан. Ийм сайдаар удирдуулж байгаа салбар ёс зүйтэй байх уу? Салбарын буруу эрх ашгийг хамгаалдаг хүн нийгмийн өмнө хариуцлага хүлээх чадвартай юу? Олон асуулт байна! Хариулахгүй байж болохгүй!
Яг өнөөдөр ЗГ-ыг дайраад унагах бол хамгийн амархан үе! Эрчим хүчний сайд нь 35 градусаас дээш хүйтэрвэл хөлдөж үх гэж байна. Уул уурхайн сайд нь уурхайнуудынхаа дизелийг тасалчихаад Орос руу буруугаа чихэж байна. Салбар хоорондын уялдаа алдагдсан. ЗГ шуу юмаа, ажлаа гартаа аваач ээ, Ерөнхий сайд аа! Мэдээж ойр ойрхон бүр “Үндсэн хууль” өөрчилж байгаад бүтцийг нь эвдэж байгааг харж байна, зарласан кампанит ажил болгон нь нүдэн дээр сүйрч байгааг харж байна.
Ийм үед ажиллаж чаддаг хүмүүсээ зайлуулаад байвал яг доодох сайдууд чинь Ж.Энхцэцэг эмчийг хөнтөрсөн шигээ Ерөнхий сайдаа хөнтөрчихөж өлхөн чадна. Р.Амаржаргалыг яалаа? Өнөөдөр бид ярилаа л даа!
Засаг яах бол? Л.Оюун-Эрдэнэд ялагдах, эсвэл ажиллаад ялагдах хоёр л сонголт байна аа гэж...
Төгсгөл:
Уг нь эрүүл мэндийн яам биш, эрүүлийг хамгаалах яам гэсэн нэрийг хэвээр байлгах байсан юм. Урд эмч, цэрэг хоёр л тангараг өргөдөг, яам нь "хамгаалах" нэртэй байсан юм шүү! Иргэнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь газар нутгаа хамгаалахтай ижил гэсэн үг шүү дээ! Тиймдээ ч хатуу шаардлага, сахилга баттай, нэр хүндтэй салбар болж хөгжсөн байв. Амаржих газар гэдэг нэг биш хоёр хүний амь хамгаалдаг газар. Тийм газар хатуу шаардлага, сахилга бат, зарчимч, мэргэжлийн байх шаардлага байх ёстой! Хоёр хүний амь хариуцчихаад хариуцлага алдаж болохгүй! Үүнийг ёс зүй гэдэг юм. Дэвтэр биш, хүнээ хүлээлцэхийг хариуцлага гэдэг юм. Ингэж шаардахыг ёс зүй гэдэг юм.
Гэтэл одоо авилгад автсан, ёс суртахуунгүй этгээдүүд олноор бий болсноос салбарын нэр хүнд унаж байна. Зарчимч шаардлагын хариуд хүний эрх ярьж байна! Тарваган тахал туссан хүнийг зүгээр л үхэлд хаяад зугтдаг болтлоо ялзарсан байна! Бөөнөөрөө нийтийн эрх ашгаас урваж байна. Цэрэг хүн газар нутгаа хамгаалсны төлөө авилга шаарддаггүй шиг эмч хүн хүний амь нас эрүүл мэндийг хамгаалсныхаа төлөө авилга авах ёсон үгүй юм. Тиймээс тангараг өргөдөг, тангарагаа зөрчвөл урвасанд тооцдог!
Гэтэл манай эрүүл мэндийн яамныхан энэ эрхэм ёс суртахуунаа хөсөр хаяад шударга, тангарагтаа үнэнч, зарчимч эмч нараа адлан холдуулж, салбараараа дамжуулж улстөрийн санхүүжилт босгодог, тахлаар далимдуулж мөнгө угаадаг, вакцин нэрээр мөнгө унагадаг, чанаргүй, үнэтэй, хуурамч, эмээр иргэнээ хордуулдаг дотоодын хорлон сүйтгэгч болж хувирлаа! Эм чанаргүй бол хор болдог!
Дэлхий даяар дайны байдалд байна! Тэр тусмаа яг эрүүлийг хамгаалах салбар тахлын дайнтай нүүр тулж байна гээд сүржигнээд байсан, гэтэл яам нь иргэдээ хамгаалж чадсангүй, харин тэднээр мөнгө хийж, шинэ цагийн баячуул олноор төрдөг газар болсон байна. Хэн үүний хариуцлагыг хүлээх вэ? Эрүүл мэндийн салбар хамгийн их хөрөнгө зараад, ковидод хиар цохиулжээ, тэр хор хохирол нь эдийн засгийг ч сүйрүүлсэн!
Уг нь батлан хамгаалахтай эн тэнцүү нэр хүнд, ёс суртахуунтай байх ёстой салбарыг С.Энхболд гэгч этгээд намын халхавч дор сүйрүүлж дуусгалаа! Одоо энэ салбарыг бүхлээр нь шүүж цэвэрлэх цаг болсон, тэгэхгүй бол шударга, журамтай, чадвартай нь хохирч байна. Тэгээд хараад, хохироод байх уу!?
Одоо бол асуудал хэн нь хэнийгээ вэ гэдэгтээ тулах нь байна, хамгийн ёс зүйтэй гэж бодож байсан салбар нь итгэл алдахаар...
Нийтлэлч А.Баатахуяг 2022.11.26