Тэртээх 1992 онд монгол хүүхдүүд 1500 жилийн түүхтэй сүмо бөхийн ертөнцөд хөл тавьсан үеэс хойш 20 жил өнгөрчээ. Бүр тодруулбал, 1982 оны тавдугаар сард Японд болсон цөмийн зэвсгийг эсэргүүцэх “Тэнсуйкин” олон улсын хуралд улсаа төлөөлөн МАХН-ын үзэл суртлын хэлтсийн эрхлэгч Ц.Баясгалан оролцож тухайн үеийн Токио хотноо болсон Нацу башёг үзэж сонирхсон байна. Үүний дараа түүнд үйлчилж байсан мэргэжлийн сүмо бөхөд озэки цолтой барилдаж нэг удаа түрүүлсэн оягата Оошима түүнийг болон Монголын төлөөлөгчдийг Чиёнофүжи аваргатай уулзуулж, дурсгалын зураг татуулж, хамтдаа хүндэтгэлийн зоог барьжээ. Энэ үеэр тухайн үеийн Токио хотод байрлаж байсан Монголын ЭСЯ-ны нарийн бичгийн дарга С.Хүрэлбаатар монгол үндэсний бөхчүүдийн гайхамшигтай барилдааны талаар ярьсан гэдэг. Үүнийг сонссон Оошима манай бөхчүүдийг ихэд сонирхож 1992 оны хоёрдугаар сард өөрийн биеэр манай улсад ирж 600 гаруй хүүхдээс 60 гаруйг нь сонгосон ч, дахин сонгон шалгаруулалт хийж Ш.Мөнхболд, Л.Түмэндэмбэрэл, Ц.Батжаргал, Д.Батбаяр, Б.Энхбат, Н.Цэвэгням нарыг арлын Японы мэргэжлийн сүмо бөхийн ертөнцөд оруулах гэж өөрийн улс руу авч явсан бол эдгээр хүүхдээс Д.Батбаяр, Н.Цэвэгням, Б.Энхбат нар 1992 оны гуравдугаар сараас эхлэн мэргэжлийн сүмогийн ертөнцөд хөл тавьж сүмо бөхийн спортод, мэргэжлийн сүмод орсон анхдагчууд болсон юм. Үүнээс хойш хоёр дахиа буюу долоон жилийн дараа монгол хүүхдүүдээс сонгон шалгаруулалт хийн Д.Дагвадорж, Б.Дашням нарыг сонгон авсан нь мэргэжлийн сүмод монгол бөхчүүд зодоглох нь хэвийн үзэгдэл болсон гэлтэй. Тэр дундаа нүүдэлчин монголчууд ямар, хүчтэй, зоригтой, бяртай болохыг мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж дэлхийд таниулж чадсан агуу бөх юм.
Д.Дагвадоржийн эд үе гэгддэг 2000-аад онд нэг хэсэгтээ л АНУ-ын бөхчүүд гадаадын тамирчдаас илүү барилддаг байсан бол өглөөний хөх луу орж ирснээр арслан, аварга цол хүртэх цаг мөч хүртэл нь тэд түүнээс “жижгэрч” эхэлсэн. Ийнхүү 2002 оны арваннэгдүгээр сард макүчи зиндаанд түрүүлж эзэн хааны цом гардан авсан цагаас хойш монголчууд бид бүрэн утгаараа сүмогийн ертөнцөөр амьсгалж байлаа. Түүний дайчин, уран гоё барилдаан, нүдний харц гээд л монголчуудыг, дэлхийг байлдан дагуулсан үе олон жил үргэлжилсэн. Түүний амжилт бүрээр бид сэтгэлээ “гоёдог” магадгүй түүний эрэмгий дайчин чанараас нь ард түмэн суралцаж эхэлсэн. Их аварга маань энэ эрчээрээ 2002 оны нэгдүгээр сард Монголын анхны сэкивакэ, есдүгээр сард озэки болж энэ цолтойгоо дахин хоёр удаа түрүүлж анхны ёкозүна цолтноо ард түмэн нь өлгийдөн авсан баярт мөч одоо хэр нь тодхон.
Энэ цаг үеэс хойш сүмог дахин сонирхолтой болгосон хүн нь мэдээж Хакухо М.Даваажаргал. 2001 онд анхлан сүмод хөл тавьсан тэрээр 2004 оны арваннэгдүгээр сарын тэмцээнд их аварга Асашёорюүг окүридаши мэхээр ялсан бол 2006 оны нэгдүгээр сарын башёд өглөөний хөх лууг ялж, дараагийн башёд дахин ялснаар сүмогийн ертөнцөд хоёр монгол бөх ноёлох эрин үе иржээ гэдгийг батлан харуулсан. 68 дахь их аваргын сүмо бөхийг сонирхолтой болгосон тэр үеэс Хакухо М.Даваажаргал орж ирсэн нь тэмцээнийг улам ч хурцалж бид бүхэн бүрэн утгаараа сүмод “живсэн” байлаа. Мөн төд удалгүй буюу 2007 оны тавдугаар сарын башёд Хакухо М.Даваажаргал 15 ялалттайгаар мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга болсон нь олон жил өрсөлдөгчгүй явсан их аварга өрсөлдөгчтэй болж сүмогийн ертөнцийг улам сонирхолтой болгосон. Улмаар Хакухо аваргатай нэгэн үед сүмо бөхийн дэвжээнээ хөл тавьсан Харүмафүжи Д.Бямбадорж 2009 онд озэки цол хүртэж өрсөлдөөн улам ширүүсч наран орны бөхчүүдийг морьтон Монголын гурван сүмоч ээлжлэн өвдөг шороодуулж эхэлсэн билээ.
Гэтэл олон жил сүмогийн дэвжээг эзэгнэж эд хаваа гайхуулж явсан их аварга Д.Дагвадорж 2010 онд зодог тайлахад сүмо бөхийн дэвжээ “эзгүйрсэн” гэхэд болно. Түүнийг байхгүйд Хакухо М.Даваажаргал тэргүүтэй нутгийн хүчтэнүүд сүмогийн ертөнцөд түүний орон зайг нөхөж байсан ч, их аваргын үе шиг сүмо бөхийн барилдааныг үзэх элэг нэгт монголчуудын тоо хормын төдийд цөөрсөн байх. Тэгвэл энэ цаг мөчөөс яг хоёр жилийн дараа буюу өнөөдөр монгол бөхчүүд маань ард түмнээ сүмо бөхийн ертөнцөд дахин уруу татаж чадлаа. Магадгүй өнгөрсөн гуравдугаар сарын башёд “том цолтонг унагасан бөх”, “дайчин барилдаант бөх”-ийн шагнал хүртсэн Какүрюү М.Ананд энэ барилдаанд үнэхээр дайчин байж мэргэжлийн сүмогийн гал гарсан барилдааныг үзүүлж чадсан. 15 өдрийн барилдаанд тэрээр нэг их аварга, дөрвөн озэки цолтонг өвдөг шороодуулж аль ч озэки цолтны үзүүлээгүй амжилтыг үзүүлэн эцсийн мөчид Хакухо М.Даваажаргалтай нэмэлт барилдаан хийж өвдөг шороодсон. Гэсэн ч тэрээр “Ицүсү” дэвжээнээс 21 жилийн дараа мэргэжлийн сүмогийн дэвжээнээ хоёр дахь том цолтон буюу озэки цолны болзол биелүүлсэн сүмочоор шалгарсан.
Яг энэ башёгоос эхлэн их аварга Д.Дагвадоржийн үе шиг сүмо бөхийг үзэх үзэгч, монголчуудын тоо буцаад олширсон бол дараагийн башёд Кёкүтэнхо Н.Цэвэгням маэгаширагийн баруун жигүүрийн долоогоос эрэмбэлэгдэн барилдаж тэмцээний сүүлийн өдөр Точиазантай нэмэлт барилдаан хийж учраагаа давсан. Түүний энэхүү амжилтад Монголын ард түмэнд дахин сэтгэлийн цэнгэл эдэлж мэргэжлийн сүмогийн эзэн хааны цомыг дөрөв дэх монгол сүмоч хүртэж буйг цэнхэр дэлгэцээрээ харан нулимс унагаагүй хүн байгаагүй биз ээ. Сүмо бөх сонирхогч мянга мянган иргэнээ нойрноос нь сэрээсэн бөхчүүд маань башё болгонд тун ч өнгөлөг байна аа. Хоёрхон хоногийн өмнө л гэхэд өнгөрсөн долдугаар сарын башёд түрүүлээд байгаа Харүмафүжи Д.Бямбадорж нэг ч уналгүй 15 даван түрүүлж мэргэжлийн сүмогийн 70, Монгол сүмочдын гурав дахь их аварга боллоо.
Эхэн үед Кёкүшюзан Д.Батбаяр, Н.Цэвэгням, Б.Энхбат нараар сүмогийн ертөнцөд орж ирсэн монголчууд нэгэн цагт их аварга Д.Дагвадоржоор дэлхийд танигдаж, сүмо бөхийн дэвжээг эзэгнэж байсан бол одоо башё болгонд бөхчүүд маань ээлжлэн манлайлдаг болжээ. Яг л энэ мэдрэмжийг, яг л энэ амжилтыг хэсэг хугацаанд харалгүй өнгөрчээ, ард түмэн чинь. Монгол сүмочдын ноёрхол буцаад сэргэсэн нь л энэ байх. Магадгүй хоёр башёгийн дараа Какүрюү М.Ананд маань мэргэжлийн сүмогийн 71 дэх их аварга болох ч юм бил үү. Бяр, тэнхээ, эр зориг бүгд байгаагаас хойно.